Дүрст мэдээ

2-р сар 05, 2016

Уран бүтээлч Б.Баярцэнгэл “Караван – Улаанбаатар” урлангаар хангагдлаа

Mонголын Урлагийн Зөвлөл нь Дашима нээлттэй урлан хөтөлбөртэй хамтран авьяаслаг залуу уран бүтээлчийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, бие даасан үзэсгэлэн гаргах боломжийг олгох зорилгоор “Караван - Улаанбаатар” урлангаар хангах хөтөлбөрийг зарласан билээ. Энэхүү хөтөлбөр нь уран бүтээлчид 2 сарын 1-4 сарын 30-ны хооронд Караван арт галерейд байрлан уран бүтээлээ туурвих болон 5 сарын 1-15 хооронд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах боломжийг олгоно.

Энэхүү хөтөлбөрт нийт 27 уран бүтээлч бүртгүүлснээс авьяаслаг, залуу уран бүтээлч Б.Баярцэнгэл уран бүтээлийн агуулга, түүний зорилгодоо хүрэх чин сэтгэлийн хүсэл эрмэлзлэлээрээ бусдаас ялгарч “Караван - Улаанбаатар” урлангаар хангах хөтөлбөр шалгарсныг дуулгахад таатай байна.

Б.Баярцэнгэл нь 2011 онд СУИС-ДУДэС-ийн Уран зургийн ангийг төгссөн ба өнгөрсөн хугацаанд эх орондоо уран бүтээлчидтэй хамтарсан үзэсгэлэнгүүдийг гаргаж байсан төдийгүй 2014 онд ОХУ-ын Эрхүү хотын Le-Art галерейд “Монголын өнгө” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан байна.

Уран бүтээлч Б.Баярцэнгэлийн бүтээлүүдээс энгийн ахуйн болон шүүмжлэлт реалист чиглэлийг олж харна. Тэрээр тус хөтөлбөрийн хүрээнд шүүмжлэлт реалист чиглэлээрээ дагнан “Бүслэлт” хэмээх 10-12 уран зураг бүхий үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Түүний бүтээлүүдийн гол дүр нь хэн бүхний мэдэх түүхт хөшөөнүүд сүндэрлэж, туслах дүрд нийгмийн тодорхой хэсэг, хэн нэгнийг зурснаар тэдний хоорондын ялгаа хийгээд хамаарал, шалтгааныг тайлахыг хүссэн зохиомжоор илэрхийлэгдэнэ.

Б.Баярцэнгэлдээ уран бүтээлийн амжилт хүсье!