"Урлагтай яриа" төслийн зурвас


Монголын Урлагийн Зөвлөл санаачлан “unuudur.mn" онлайн сонин, “UB.life", "ikon.mn", "zindaa.mn", “Нийслэл гайд" сэтгүүлтэй хамтран урлагаар дамжуулж нийгэмд тулгамдаж буй олон талт асуудлын талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн гоо зүй, урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийн салбарын хүн ба нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зорилго бүхий “Урлагтай яриа" медиа төслийг хэрэгжүүлдэг билээ.
“Урлагтай яриа" медиа төсөл нь нийтлэл, хэлэлцүүлэг, цуврал уулзалт гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Нийтлэлийн хэсэгт урлаг ба сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн тод тамгатай зохиолч яруу найрагч Г.Аюурзана, Г.Мэнд-Ооёо, “Гоодаль" сэтгүүлээр олонд танигдсан А.Амармэнд, Ц.Амгалан, соёл урлагийн мэдээлэл, нийтлэлээр нь “Өнөөдөр", “Өдрийн шуудан" сонины уншигчид андахгүй Ж.Солонго, Р.Оюунжаргал, “UB.life" сайтын эрхлэгч Ж.Тэгшжаргал, нийтлэлч, найруулагч Д.Төрмөнх болон сэтгүүлч Г.Дэлгэрмаа, Б.Гэрэлмаа нарын үзэл бодол болон МУЗ-ийн соёл урлагийн талаарх итгэл үнэмшил та бүхэнд цувралаар хүрнэ.

Энэ ялдамд бидний саналыг дэмжин хамтран ажиллаж буй “unuudur.mn" онлайн сонин, “UB.life", "ikon.mn", "zindaa.mn", “Нийслэл гайд" сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлье. Хэрэв танд урлаг ба нийгмийн тухай асуулт, хэлэх үг байвал бидэнтэй нэгдээрэй.
Цаашид урлаг тойрсон өөр өөр сэдэв хөндөх нийтлэл маань эрхэм Танд мэхийн барих уртай бөгөөд урлагтай гэнэтийн бэлэг байх болов уу гэж найдаж байна.
Монголын Урлагийн Зөвлөл