Арга хэмжээ

4-р сар 08, 2019

Улаанбаатар олон улсын медиа урлагийн анхдугаар наадам 2016

улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулах гэж байна.

Тус наадмын албан ёсны хамтрагчаар Сингапур дахь Aзи-Европын Сан (ASEF), Азийн Урлагийн Сүлжээ (ANA), Монгол дахь Гёте-Институт, Кёльн хотын Медиа урлагийн дээд сургууль, Франц улсын АД Компани (AD Compagnie), Дижитал Инк ХХК, Ивээн тэтгэгчээр АНУ-ын Элчин Сайдын Яам, ХАС Банк, Дэмжигчээр Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, Үндэсний Дуу Бүжгийн Түмэн Эх чуулга, СУИС-Радио Телевизийн Дээд Сургууль, Таван Богд групп, Албан ёсны телевизээр VTV тус тус ажиллаж, анхны Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг Монголын үзэгчдэд хүргэж байна.  

Уг наадам нь Өрнийн соёлд өөр хоорондоо эсрэг тэсрэг гэж үздэг байгаль ба соёл, органик ба органик бус, өөрийн ба бусдын гэх мэт ойлголтууд энд батлагдахгүй. Дорнын соёл дижитал технологитой ямар хамааралтай вэ? Эсрэг тэсрэгийн тухай ойлголтыг няцаах байр суурьнаас үзвэл технологи хэрхэн уламжлалаас уг үндсээ олох вэ? гэсэн хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийг олон нийтэд танилцуулж байгаагаараа онцлог юм.

Наадамд Монгол, Австрали, АНУ, Герман, Дани, Малайз, Сингапур, Франц, Хятад зэрэг 9 орны 18 уран бүтээлчид оролцож байна. Наадмын нээлт 2016 оны 6-р сарын 9-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд болох ба “Зааг” Францын орчин үеийн бүжгийн АД компани болон Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх” чуулгын уран бүтээлчдийн хамтарсан цоо шинэ бүтээлээр нээнэ. Уг бүтээл нь Монгол, Мартиникийн үндэсний хөгжим, бүжгийн урлагийг орчин үеийн урлагийн хэллэгээр илэрхийлсэн бүжиг, хөгжим, медиа хосолсон нийлэг урлагийн бүтээл юм.

Наадмын хүрээнд “Уламжлал ба орчин үе” сэдэвт үзэсгэлэн, “Мөргөлдөөн” Австрали-Америкийн уран бүтээлчдийн техник технологийн хөгжил ба уламжлалыг хослуулан бүтээсэн виртуал аялал, “Тэнцвэр” Францын орчин үеийн бүжгийн тоглолт ба Бүжгийн урлагаар анагаахуй сургалт, “Номадинк” уран бүтээлчдийн графити арт зэрэг урлагийн арга хэмжээг нэг сарын хугацаанд цувралаар олон нийтэд танилцуулах болно.

Наадмын хүрээнд Монгол, Австрали, АНУ, Герман, Дани, Малайз, Сингапур, Франц, Хятад зэрэг 9 орны 18 уран бүтээлчдийн “Уламжлал ба орчин үе” сэдэвт үзэсгэлэн,

-“Мөргөлдөөн” Австрали-Америкийн уран бүтээлчдийн техник технологийн хөгжил ба уламжлалыг хослуулан бүтээсэн виртуал кино аялал,

-“Номадинк” уран бүтээлчдийн графити арт инстоляцийн нээлт 2016.06.25-ны бямба гаригын 19 цагаас Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн гадна талд болно.

Наадмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэйгээр үнэ төлбөргүйгээр хүрэх болно. Та бүхнийг урьж байна.

Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухай бүрт нь  www.facebook.com/UBIMAF  хаягаас авна уу.