Дүрст мэдээ

10-р сар 01, 2013

“Улаанбаатар“ Олон Улсын Кино Наадмаар АНУ, Герман, Гүрж, Итали, Мексик, Сингапур, Тайвань, Турк, Франц, Шведийн цоо шинэ бүтээлүүд Тэнгис кино театрын дэлгэцнээ олон нийтэд үнэ төлбөргүй

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2013 оны 10-р сарын 4-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Аливаа кино наадмын амин сүнс нь уг наадмаар үзүүлж байгаа кино бүтээл байдаг. Зохион байгуулагчид “Улаанбаатар” олон улсын наадмын хөтөлбөрийг дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, урлаг, уран сайхан, дэвшүүлж буй санаа болон хийцийн хувьд өргөн цар хүрээ, сонголттой байхад анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ.

Иймээс наадам зохион байгуулагчид олон улсын кино хөтөлбөр зохицуулагчаар Францын иргэн, Канн болон Парис Синема олон улсын кино наадам зохион байгуулдаг туршлагатай Тибу Бракийг урьж ажиллуулсны үр дүнд наадмын хөтөлбөр чанар болон агуулгын хувьд олон улсын нэр хүндтэй наадмуудтай эн зэрэгцэхүйц баялаг, кино бүтээх олон янзын хэл, санаа, хийцтэй болсон гэж зохион байгуулагчид үзэж байна.

Тус наадмын хөтөлбөрт 2013 оны Каннын олон улсын кино наадмын Шүүмжлэгчдийн долоо хоног, Найруулагчдын хоёр долоо хоног, “Un Certain Regard”, Алтан камер хэсэгт тус тус шагналт хүртсэн Италийн “Сальво”, АНУ-ын “Бүрэн сүйрэл”, Мексикийн “Алтан хорго”, Сингапурийн “Ило Ило”, мөн 2012 оны Венецийн олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоногийн үзэгчдийн нэрэмжит шагналт Шведийн “Ид унт үх” зэрэг шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд кино үзвэрийн дараа тус киног бүтээсэн уран бүтээлчидтэй уулзах онцгой боломжийг олгоно.

Эдгээр бүтээлүүд нь Монголын үзэгчдийн үзэж заншсан арилжааны шинж чанартай киноноос ангид бөгөөд аливаа бүтээлийн үнэ цэнийг тодорхойлогч гоо зүй, утга санаа, ур хийцийн шалгуурыг хангасан зарим хүмүүсийн хэлж заншсанаар арт хаус чиглэлийн кино байх юм. Дэлхийн хэмжээний нэр хүндтэй наадмууд ч энэ төрлийн кино, найруулагчдыг дэмжихэд чиглэгдсэн байдаг.

Мөн олон улсын ижил төстэй кино наадмын бас нэг зорилго нь энэ салбарт аижллаж байгаа уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох боломжийг олгоход чиглэгддэг. Энэ жишгээр УБОУКН-д АНУ, Герман, Гүрж, Итали, Мексик, Сингапур, Тайвань, Турк, Франц, Швед зэрэг 10 орны найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчид, Каннын наадмын зохион байгуулагчид, кино бүтээлийг дэлхийн зах зээлд түгээдэг Герман, Францын Мементо фильмс, Матч Фактори, Фильм Бутик зэрэг байгууллагын төлөөлөгчид, Францын Засгийн Газрын Кино Урлагийн Үндэсний Төвийн удирдлагууд зэрэг олон улсад нэр хүндтэй 12 зочид урилгаар оролцоно. Наадмын зохион байгуулагчид Монголын уран бүтээлчдэд эдгээр хүмүүстэй уулзаж, олон улсын хамтарсан кино бүтээл туурвих, бүтээлээ олон улсад түгээх өргөн боломжийг олгоход ихээхэн анхаарсан.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн ажиллагааг Пусаны олон улсын наадмын “Азийн киноны булан” хэсэгт сонгогдсон Найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” киногоор 2013 оны 10-р сарын 04-нд Тэнгис кино театрт албан ёсоор нээнэ.

ССАЖЯ “Улаанбаатар” олон улсын кино наадмын онцлох орноор Франц улсыг сонгосон бөгөөд энэ хүрээнд тус улсын киноны шилдэг бүтээлээс бүрдэх “Франц киноны өдөрлөг”-ийг 2013 оны 10-р сарын 05-нд Тэнгис кино театр зохион байгуулах юм.

Уг өдөрлөгийн хүрээнд 2010 оны Каннын олон улсын наадмын тэргүүн дээд шагналт нэр дэвшсэн найруулагч Аббас Киорастамийн бүтээл, Каннын олон улсын наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн Жюльет Биношийн гол дүрд тоглосон “Зөвшөөрөгдсөн хувилбар”, найруулагч Марк Дюганы “Ердийн гүйцэтгэл” киног олны хүртээл болгоно. Франц кино өдөрлөгийн нээлтийн ажиллагааг тус өдрийн 19 цагаас нээх ба найруулагч Пол Лакостын “Брагын гэр бүл” баримтат киног толилуулах юм.

Уг наадмын хэвлэлийн бага хурал 2013 оны 10-р сарын 3-ны 14 цагаас Тэнгис кино театрт болно.