Шинэ мэдээ

9-р сар 29, 2013

Соёл Спорт Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэлийн мэндчилгээ

Улаанбаатар“ Олон Улсын Кино Наадмын олон улсын эрхэм хүндэт зочид, Монголын үе үеийн кино урлагийн уран бүтээлчид, наадмыг хамтран зохион байгуулагчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой, цар хүрээ, утга агуулгын хувьд шинэлэг, монголын үзэгчид болон кино урлагийн салбарын бодит хэрэгцээнд тулгуурласан энэхүү наадмыг санаачлан, зохион байгуулж байгаадаа баяртай байна.

Бид энэ наадмаараа Канн, Берлин, Венец зэрэг олон улсын нэр хүндтэй наадамд шилэгдэн оролцож, шагнал хүртсэн 12 бүтээлийг үзэгч Та бүхэндээ үнэгүй хүргэж, дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байгаадаа туйлын баяртай байна.

Манай наадамд уригдсан дэлхийн кино урлагийн түүхийг бичилцэж буй АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Германы найруулагч, продюсерууд, Каннын наадмын зохион байгуулагчид, кино бүтээлийг дэлхийн зах зээлд түгээдэг Герман, Францын нэр хүндтэй борлуулагч нартай Монголын уран бүтээлчид уулзан танилцаж, харилцан туршлагаасаа суралцаж, хамтран ажиллах, туурвин бүтээх өргөн боломжууд нээгдэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

“Франц киноны өдөрлөг”-ийг бид энэ жилийн наадмын онцлох арга хэмжээ болгон зохион байгуулж байгаадаа их баяртай байгаа бөгөөд үүнд бүх талаар дэмжин ажилласан Франц улсын Засгийн Газар, Элчин сайд ноён Ив Дэлунэ танд болон бусад байгууллага хувь хүмүүст гүн талархал илэрхийлье!

Дэлхийн кино урлагийн шилдгийн шилдгийг Монголд таниулах, Монгол нэрээр овоглосон авьяаслаг уран бүтээлчид Та бүхний бүтээлийг олон улсад алдаршуулах энэ сайхан үйл явцад хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст энэ дашрамд гүн талархал илэрхийлж, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсье!

Та бүхний онгод хийморь баясах болтугай!

Ц.Оюунгэрэл

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд