Дүрст мэдээ

12-р сар 17, 2021

Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх театр байгуулна

Монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс-соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сургалт, судалгаа хийх, баримтжуулах, тоглолт, үзэсгэлэн гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулах 162 мкв талбай бүхий 100 хүний багтаамжтай бага театрыг соёлын өвийг дээдлэгч Рио Тинто Монгол компанийн ивээн тэтгэлгээр 2022 онд Соёлын өвийн үндэсний төвийн барилга дотор шинээр байгуулах гэж байна.

Соёлын өвийг хамгаалахад төр хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагаа дэлхий нийтэд үр дүнтэй жишиг болоод байгаа энэ цагт Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, Монголын Урлагийн Зөвлөл ТББ, Рио Тинто Монгол ХХК-ний соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх 3 талт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд театрын тайз, гэрэлтүүлэг, дуу дүрсний тоног төхөөрөмжөөр хангах, театрын интерьер дизайн, дотоод заслын ажилд Рио Тинто Монгол ХХК нь 440 сая төгрөгийн санхүүжилт олгон Соёлын өвийн салбарт томоохон хөрөнгө оруулалт оруулахаар боллоо.

Соёлын өвийн театр нь үндэсний соёлын өвийг өвлөн уламжлагч “Хүн Эрдэнэ” ардын авьяастнуудын тоглолт, үзүүлбэрийг тогтмол толилуулж, соёлын өвийг язгуур шинжээр нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх гэдгээрээ мэргэжлийн театр чуулга, урлагийн сургуулиас ялгарах юм. Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн 10,849 ардын авьяастны 71% нь ардын язгуур урлаг, 26 % нь уламжлалт гар урлалыг өвлөн уламжлагчид байгаа нь соёлын өвийн шинэ театрын гол хэрэглэгчид болох юм.

150 орчим жилийн түүхтэй Рио Тинто групп нь соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр тусгайлсан бодлого, хөтөлбөртэй байдаг бөгөөд энэ хүрээнд соёлын өв дээдлэхийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүлэх чиглэлээ болгон соёл урлагийн байгууллагуудтай хамтран ажилладаг билээ. Тухайлбал: Соёлын өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой “Соёлын наадам” арга хэмжээг СУИС, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран жил бүрийн баяр наадмаар Хүй 7 худагт олон жил тогтвортой зохион байгуулж, соёлын өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

Энэ удаа Соёлын өвийг дэмжигч Рио Тинто Монгол компани соёлын өвийн шинэ театрыг байгуулснаар жилд нийт 40 орчим байгууллага, 2000 өвлөн уламжлагч, 10,000 гаруй хүүхэд залуусд соёлын өвийн боловсрол олгох сургалт, тоглолт, үзэсгэлэн, кино үзвэрийн арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдэх юм.