Дүрст мэдээ

9-р сар 08, 2015

"Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт" сэдэвт сургалт болно.


Музейн үзмэр, археологийн олдвор, угсаатны эд өлгийн зүйл, урлагийн бүтээлийг олон улсын стандарт, зохих горимын дагуу хамгаалах нь түүх соёлоо хойч үедээ уламжлуулан үлдээх ажлын нэгэн чухал хэсэг билээ.

Монголын Урлагийн Зөвлөлөөс /МУЗ/ музейн сан хөмрөгийг хамгаалах зориулалтын материалыг импортоор авчран Монголын музейд хандивлах, гадаадын мэргэжилтнүүдийг урьж үзмэрийн хадгалалт хамгаалалтын олон улсын шилдэг туршлагаас суралцах зорилгоор 2014 онд санаачилсан төслийг АНУ-ын элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сан, АНУ дах МУЗ ивээн тэтгэж амжилттай зохион байгуулж байна.

Төслийн хүрээнд АНУ-ын Сиатл хотын “Бюрк” байгалийн түүх, соёлын музейн мэргэжилтнүүд 2015 оны 09 дүгээр сарын 7-11 нд "Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт" сэдэвт сургалтыг улсын ба орон нутгийн 30 гаруй музейн сан хөмрөгч ажилтнуудад зориулан Архангай аймгийн музей ба Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд явуулна. Сургалтаар үзмэрийг бүртгэн баримтжуулах, эд өлгийн зүйлстэй харьцах, цэвэрлэх, зөв хадгалалт, аюулгүй байдал, орчныг тогтворжуулах, музейн хүчилгүй, шүлтгүй баглаа боодлын материалыг хэрхэн хэрэглэх, сан хөмрөгийн менежментийн олон улсын шилдэг туршлагаас зааж сургана.

Монголын Урлагийн Зөвлөл музейн тусгай зориулалтын хүчилгүй, шүлтгүй 10 гаруй нэр төрлийн материалыг 20 орчим музейд хандивлаж Монголын түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтанд бодит хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.