Дүрст мэдээ

11-р сар 01, 2019

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН 8 ШИЛДЭГ ОЮУТАНД ОРИФЛЭЙМ МОНГОЛ ХХК-ИЙН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГИЙГ 8 ДАХЬ ЖИЛДЭЭ ОЛГОЛОО.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь 2012 оноос хойш Орифлэйм Монгол ХХК-ний дэмжлэгтэйгээр соёл урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй авьяаслаг, мэргэжилдээ идэвхи санаачлагатай шилдэг оюутан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан 8 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын Консерваторийн 8 авьяаслаг, шилдэг оюутан 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэг хүлээн авлаа.

Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөр нь үндэсний болон сонгодог хөгжим, дуу, бүжгийн чиглэлээр амжилттай суралцаж буй нийт 78 оюутныг дэмжиж, 65 сая төгрөгийн санхүүжилтыг олгон, Монголын хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулсан байна.

2019-2020 оны тэтгэлэгийг дуурийн дуулаачийн 3-р курсын оюутан Б.Уртнасан, Б.Эрдэнэтуяа, Хийл хөгжмийн 1-р курсын оюутан Н.Солонго, Шанз хөгжмийн 2-р курсын оюутан Э.Сарангоо, Морин хуурын 2-р курсын оюутан Г.Лхам, Гобой хөгжмийн 3-р курсын оюутан  О.Анужин, Хөгжмийн зохиомжийн 3-р курсын оюутан А.Хурц-Амгалан, Ардын бишгүүрийн 3-р курсын оюутан Д.Барсболд нарт олгохын ялдамд сурлагын өндөр амжилтыг хүсч, Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах авьяаслаг уран бүтээлч болохыг хүсэн ерөөе!