Дүрст мэдээ

4-р сар 14, 2022

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ АМЖИЛТ ТҮҮХ БҮТЭЭСЭН 20 ЖИЛ

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-ийн дэмжлэгтэйгээр Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.

МУЗ нь Монголын соёлыг олон улсад сурталчлах, Монгол уран бүтээлчдийг олон улсад уран бүтээлээ туурвихад нь дэмжлэг үзүүлэх, гадаадын уран бүтээлчдийг Монголд урин авчрах зэргээр урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн 60 гаруй орны соёл урлагийн байгууллага, уран бүтээлчидтэй бүтээлч олон талт хамтын ажиллагааг явуулж байна. Мөн олон нийтийн урлагийн боловсролоор дамжуулан бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд урлагийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг таниулан сурталчлах, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ.

2022 онд МУЗ-ийн 20 жилийн ой тохиож буй онцлог жил болж байгаа бөгөөд “АМЖИЛТ, ТҮҮХ БҮТЭЭСЭН 20 ЖИЛ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд МУЗ-ийн Монголын соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ололт амжилт, олон талт хамтын ажиллагааг олон нийтэд өргөнөөр таниулах үйл ажиллагааг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд, МУЗ-тэй олон жилийн турш тогтвортой хамтран ажилласан, МУЗ-ийн хэрэгжүүлсэн олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрт амжилттай оролцож, соёл урлагийн салбартаа тэргүүлж, өөрийн авьяас, мэдлэг туршлагыг олон улсын болон үндэсний хэмжээнд бусдад түгээн дэлгэрүүлж буй 8 салбар тэр дундаа хөгжим, бүжиг, утга зохиол, кино урлаг, гэрэл зураг, медиа урлаг, дүрслэх урлаг, соёлын өвийн салбарын уран бүтээлчдийг онцлон бүтэн жилийн турш хамтын ажиллах төлөвлөгөө гаргаад байна.

МУЗ-ийн онцолж буй 8 салбарын уран бүтээлчид нь “Ц.Батзориг сан”-ийн гүйцэтгэх захирал, гэрэл зурагчин Д.Давааням, “Хүн театр”-ын уран сайхны удирдагч, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, утга зохиол судлаач У.Бямбаням, кино найруулагч П.Золжаргал, зураач М.Эрдэнэбаяр, “Арга Билэг” хамтлаг, Чойжин ламын сүм музей бөгөөд эдгээр 8 уран бүтээлчдээр төлөөлүүлж МУЗ-ийн амжилт, түүхийг бүтэн жилийн хугацаанд өгүүлэх болно.

МУЗ-ийн соёл урлагийн салбарт 20 жилийн турш оруулсан хувь нэмэр, ололт амжилт, хамтын ажиллагааг дүгнэн нэгтгэвэл 2021 оны 12 сарын байдлаар 8,5 гаруй сая ам. долларын санхүүжилтийг Монголын соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан байна. Эдгээр санхүүжилтыг бий болгоход 729 төслийг санаачлан хэрэгжүүлж, 1376 ивээн тэтгэгч санхүүжүүлэгч, хамтрагч дэмжигч байгууллагатай хамтран ажиллаж, 1517 ажлын байрыг бий болгон, 570,000 ам долларын албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд улсад тушаасан байна.

МУЗ нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, нийт 5591 уран бүтээлч ба соёлын өв тээгчид, 1418 урлагийн менежерийг төсөл хөтөлбөрт хамруулж, уран бүтээл ба мэргэжлийн сургалтаар дамжуулан тэдгээрийн ур чадвар, чадавхийг дээшлүүлсэн байна. Мөн үндэсний болон олон улсын тэтгэлэгийг 443 залуу авьяаслаг уран бүтээлчдэд олгон, сургалт хөтөлбөрт 1441 багш, 9375 хүүхэд залуучуудыг хамруулж, нийтдээ 4.500.000 үзэгчдэд хүрч ажилласан байна.

МУЗ-ийн гадаад болон дотоодын хамтрагч байгууллага, төсөл хөтөлбөр болон олон улсын соёлын солилцооны хүрээнд Монголын уран бүтээлчдийг олон улсын урлагийн наадам, аялан тоглолт, үзэсгэлэн, урт болон богино хугацааны сургалт, туршлага солилцох хөтөлбөрт оролцуулж, гадаадаас олон орны уран бүтээлчдийг Монголд урьж авчрах зэргээр нийт 542 гаруй хүнийг олон улсын төсөл хөтөлбөрт хамруулсан байна. Энэхүү  хамтын ажиллагаагаар дамжуулан 180  олон улсын хамтрагч, 240 олон улсын хандивлагчдыг бий болгож, дотоодын 731 хамтрагч, 225 хандивлагч байгууллагатай хамтран Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр орууллаа.  

Эцэст нь бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин, соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтран ажилласан бүхий л байгууллага, хувь хүн, хамтрагч, анд нөхөд, гишүүд, сайн дурын ажилтнууддаа гүн талархал илэрхийлэхийн ялдамд МУЗ-ийн амжилт, түүх бүтээсэн 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна!

Дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn сайт болон 319015 дугаарын утсаар холбогдож авна уу.