Дүрст мэдээ

9-р сар 26, 2014

“МАНАЙ ХОРОО-ХОГГҮЙ ОРЧИН” БАРИМЛЫН ӨРТӨӨ

Урлагаар дамжуулан нийслэл хотын иргэдийг хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалж, хогийг хэрхэн бүтээлчээр дахин ашиглах боломжтойг харуулах, улмаар хог хаягдлын дахин боловсруулах тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой "Урлаг Хөгжлийн Төлөө" төслийг АНУ-ын Азийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) энэ оны 5-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 3 хороонд дахивар хог хаягдлаар урласан баримал бүхий "Манай хороо-Хоггүй орчин" цуврал өртөөг байгуулж, ийнхүү өнөөдөр хүлээлгэн өглөө.

Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, Монгол улсын нийт хүн амын бараг 50 хувь нь оршин сууж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас хотыг чиглэсэн шилжих хөдөлгөөний улмаас гэр хороолол улам бүр нэмэгдсээр байна. Ийнхүү төлөвлөлтгүйгээр тэлэх гэр хорооллын улмаас Улаанбаатар хотод хог хаягдлын асуудал нэн яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудлын нэг болж, хотын хөгжилд сөргөөр нөлөөлөх боллоо. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 2012 онд гаргасан мэдээлэлд дурдсанаар хотод жилдээ дунджаар 500 гаруй мянган тонн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 50 орчим хувь нь айл өрхөөс, 25 хувь нь байгууллага аж ахуйн нэгжээс, 20 хувь нь барилга угсралт, их засварын ажлаас, 5 хувь нь зам талбайгаас үүсдэг гэнэ. Бүр нарийвчлан үзвэл өдөрт дунджаар орон сууцны нэг иргэн 550 гр, гэр хорооллын нэг иргэн 800 гр ахуйн хог хаягдал үүсгэдэг аж.

Иймд хог хаягдлын асуудлыг гэр хороололд шийдэх гарцыг хайн Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, АНУ-ын Азийн Сантай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах "Загвар Хороо" төслийн нийслэлийн 6 дүүргийн гэр хорооллын 6 хороонд туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд Монголын Урлагийн Зөвлөл "Урлаг Хөгжлийн Төлөө" төслийг хэрэгжүүлж, загвар хороодоос Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Хан-Уул дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүргийн 27-р хороог сонгон, дахивар хог хаягдлаар энэхүү баримал, инстоляциудыг бүтээлээ.

Урлагийн бүтээлээр дамжуулан нийгмийн тулгамдаж буй асуудлуудыг хөндөн хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлөх нь илүү үр дүнтэй байдаг төдийгүй дэлхий нийтэд хоёрдогч түүхий эд буюу хаягдал материалаар уран бүтээл туурвих чиг хандлага эрчимтэй хөгжиж байна. Ийнхүү уран бүтээлч М.Эрдэнэбаяр, барималч Ё.Далх-Очир болон залуу барималч Д.Батхолбоо нар тухайн хорооны газар зүй, хүн амын онцлог, хог хаягдалтай холбоотой тулгамдаж буй бэрхшээл болон оршин суугчдийн санал, хүсэлтэд үндэслэн иргэдийн оролцоотойгоор тус баримлуудыг бүтээсэн.

"Урлаг Хөгжлийн Төлөө" төслийн баг цаашид төслийнхөө цар хүрээг өргөжүүлэн, залуу уран бүтээлчидтэй хамтран гэр хорооллын хороодод хоёрдогч түүхий эд ашиглан бүтээл туурьвих ажлыг цувралаар үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

"Урлаг Хөгжлийн Төлөө" төслийн "Манай хороо-Хоггүй хороо" баримлын өртөөг бүтээхэд АНУ-ын Азийн Сангийн санхүүжүүлж, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо дэмжин, Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Хан-Уул дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүргийн 27-р хорооны захиргаа, хороодын оршин суугчдид бүтээлчээр хамтран ажиллсан болно. Азийн Сан нь үсрэнгүй хөгжиж буй хүчирхэг Ази тивийн улс орнуудын амьдралыг сайжруулах зорилго бүхий ашгийн бус, олон улсын хөгжлийн байгууллага юм. 21-р зуунд Ази тивд тулгамдаж буй засаглал болон хууль эрх зүй, эдийн засгийн хөгжил, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, байгаль орчин болон бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг зангилаа асуудлыг шийдвэрлэхэд 60 жилийн арвин баялаг туршлага, бүс нутгийн талаарх гүнзгий мэдлэг чадвар бүхий манай байгууллагын төсөл хөтөлбөрүүд чиглэж ирлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг asiafoundation.org сайтнаас уншаарай.