Дүрст мэдээ

10-р сар 02, 2017

​Кино уран бүтээлчдийн анхааралд!


Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадам (УБОУКН)-ыг 2017 оны 10-р сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн наадам Олон улсын кино хөтөлбөр, Монгол кино хөтөлбөр, Олон улсын кино форум, Кино яармаг гэсэн үндсэн хөтөлбөрүүдээс гадна Америкийн Нэгдсэн Улсыг онцлох орноор сонгон “Америкийн Кино Өдөрлөг”-ийг 2017 оны 10-р сарын 11-нд Америкийн Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулна.

Тус өдөрлөгийн хүрээнд Америкийн 5 шилдэг кино бүтээлийг олон нийтэд толилуулах бөгөөд Америкийн кино найруулагч, продюсер Тони Гэрбэр Монголд айлчлан, “Америкийн кино салбар дах боломжууд ба олон улсын хамтарсан кино уран бүтээл туурвих нь” сэдвээр Монголын киноны уран бүтээлчдэд зориулсан хоёр өдрийн үнэ төлбөргүй сургалт явуулах болно.

Иймээс олон улсын хамтарсан бүтээл дээр ажиллаж буй, мөн өөрийн бүтээлээ гадны зах зээлд гаргах сонирхолтой мэргэжлийн кино уран бүтээлчдийг энэхүү сургалтанд бүртгүүлэхийг урьж байна.

Хэзээ: 2017 оны 10-р сарын 13-14-ний өдрүүдэд өдөр бүр 09:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Хаана: UB INN Hotel & Gallery

Кино уран бүтээлчид Та бүхэн дээрх сургалтанд хамрагдах хүсэлтэй бол хавсаргасан анкетийг бөглөж, 2017 оны 10-р сарын 9-ний 14 цагаас өмнө assistant@artscouncil.mn хаяг руу ирүүлнэ үү. Сургалтанд хамрагдах уран бүтээлчдийн тоо хязгаартай тул Та бүхэн цагтаа материалаа ирүүлнэ үү. Сургалтанд хамрагдах кино уран бүтээлчдийн тоо хэтэрсэн тохиолдолд сургалт зохион байгуулагчид сонгон шалгаруулалт хийхийг анхаарна уу.

Татаж авах холбоос

http://share.gogo.mn/LpYCLx8HLS85411506780327/American film showcase workshop application.docx

Сургалттай холбоотой асуудлаар МУЗ-ийн 319015, 319017 дугаарын утсаар холбогдоно уу.