Дүрст мэдээ

11-р сар 04, 2021

“ИРЭЭДҮЙН АВЬЯАСТАН” ТЭТГЭЛЭГ 12 ДАХЬ ЖИЛДЭЭ ОЛГОГДЛОО.

durstМонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилготой төрийн бус байгууллага билээ. МУЗ нь Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхэд залуучууд, олон нийтэд чиглэсэн бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх, тэдний урлагийн боловсролд дэмжлэг үзүүлэх, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Түүний нэг нь 2010 оноос хойш Монголын Урлагийн Зөвлөл болон Америкийн Монголчуудын Соёлын Холбоо, Ротари Хөгжлийн сан, Ажигана группийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлдэг “Ирээдүйн Авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр нь ирээдүйд Монгол улсад нэн шаардлагатай ховор мэргэжлээр амжилттай суралцаж буй санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр  оруулах зорилготой.

2021-2022 оны тус тэтгэлгийг СУИС-ийн Радио Телевиз Медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн ангийн оюутан Б.Дарьбазар, Театрын урлагийн сургуулийн Найруулах урлагийн ангийн оюутан Б.Оргилмаа, Дүрслэх Урлагийн Академи дээд сургуулийн Чимэглэх урлагийн ангийн оюутан Л.Хонгорзул нар хүлээн авлаа.

2010 оноос хойш олгогдож буй энэхүү тэтгэлгийг нийт 47 оюутан залуус хүртэж, 35 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг соёл урлагийн салбарт оруулсан байна. Ийнхүү тус тэтгэлгийг хүртсэн залуус нь найруулагч, утга зохиол судлал, график дизайн, хөгжим судлал, хөгжмийн зохиомж, удирдаач, утсан хөгжмийн чиглэл, хувцас дизайн, дүрслэх, зураасан зураг, соёл, урлаг судлал, урлагийн сэтгүүл зүй, чимэглэх урлагийн мэргэжлээр амжилттай суралцаж, ажиллаж байна.