Дүрст мэдээ

11-р сар 20, 2014

"Гэрэлтэй ширээ" анимейшн кино сургалт явагдаж байна.


Монголын Урлагийн Зөвлөл нь (МУЗ) СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургуультай хамтран Монголын анимэйшн кино урлагийн салбарыг хөгжүүлэх, тус салбарын оюутан залуусын чадавхийг дээшлүүлэх, анимэйшн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор, Туркийн Элчин Сайдын Яам, Туркиш Эйрлайнс, Говь Ресторан, Алтан Бийр компанийн дэмжлэгтэйгээр "Гэрэлтэй ширээ" анимэйшн кино сургалтыг 2014 оны 11- сарын 17-ны өдөр нээлээ.

Сургалтыг нээж Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн захирал О.Энхжавхлан, Туркийн Элчин Сайдын Яамны 3-р нарийн бичгийн дарга Хилал Изжи нар үг хэлж, Туркиш Эйрлайнсын Улаанбаатар салбарын захирал Эрдинч Чакир оролцож, сургагч багш-анимэйшн уран бүтээлч Мустафа Өзкан сургалтын ерөнхий агуулгыг танилцуулан, Туркийн болон дэлхийн шилдэг анимэйшн бүтээлүүдээс оюутан багш нарт танилцууллаа.Тус сургалт нь Турк Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд явагдаж буй цуврал үйл ажиллагаануудын нэг юм.

Сургалтыг удирдах анимэйшн уран бүтээлч Мустафа Өзканыг Турк улсаас урьж авчирсан ба тус сургуулийн 20 гаруй оюутанд 2 долоо хоногийн хугацаатай анимэйшн кино бүтээх онол, арга зүй дадлагад тулгуурласан гүнзгийрүүлсэн сургалтыг явуулах юм.Сургалтын хаалт 2014 оны 11-р сарын 28-нд Туркийн Элчин Сайдын Яамны Өргөөнд болох ба оюутнууд сургалтын явцад сурсан мэдсэнээ тайлагнаж, бүтээсэн анимэйшн богино кинонуудаа танилцуулах ба сонирхсон уран бүтээлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хаалтын үйл ажиллагаанд урьж байна.