Дүрст мэдээ

6-р сар 07, 2016

“Виртуал Кино хэрхэн бүтээх вэ?” Киноны уран бүтээлчдийн сургалтанд урьж байна.


Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан Соёлын олон төрлийг хөхүүлэн дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар урлагийн нийгэм болон хотын тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадам”-ыг 2016 оны 6 сарын 9-өөс 7 сарын 9-ний хооронд Улаанбаатар хотноо Жуулчны гудамжинд байрлах Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд зохион байгуулахаар ажиллаж байна.

Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадам нь хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийг олон нийтэд танилцуулж буйгаараа онцлог бөгөөд техник технологоос үүдсэн уламжлал ба өөрчлөлтийн тухай эргэцүүллийг өгүүлэх болно.

Тус наадмын хүрээнд нэг сарын турш дүрслэх урлаг, медиа урлаг, кино урлагийн уулзвар дахь гинжин холбоог харуулсан олон арга хэмжээ зохиогдохоос гадна орчин үеийн виртуал киноны нэгэн төлөөлөл болох “Мөргөлдөөн” виртуал киног Монгол улсад анх удаа олон нийтэд толилуулах гэж байна.

Энэхүү кинонд үзэгчид Австрали улсын баруун хэсгийн цөлд амьдардаг уугуул иргэн Нийри Морган ба Марту овгийн нутгаар виртуал аялал хийх бөгөөд Нийригийн ертөнцийг харах уламжлалт үзэл, барууны технологийн өндөр хөгжилтэй зөрчилдөн мөргөлдөж буйг үзэх болно. Энэхүү мөргөлдөөн нь дэлхий ертөнцийг хайрлан хамгаалах уугуул иргэдийн санаанаас ирээдүй хойч үе суралцах хэрэгтэйг илтгэнэ. “Мөргөлдөөн” кино нь Монголд гарч буй анхны виртуал кино юм.

Түүнчлэн “Мөргөлдөөн” киноны найруулагч Леннэт Валворт, продюсер Никол Ньюхам нар Монголд айлчилж виртуал киног хэрхэн бүтээх, шинэ медиа технологи уламжлалт кино бүтээх арга барилыг хэрхэн өөрчилж байгаа тухай сургалтыг 2016.06.30-нд 09:00-13:00 цагаас Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд үнэ төлбөргүйгээр зохион байгуулах тул уран бүтээлчид та бүхнийг тус сургалтанд оролцохыг урьж байна.

“Виртуал кино хэрхэн бүтээх вэ?” сургалтанд оролцохыг хүсвэл 2016.06.22-ний дотор

МУЗ-ийн 319015, 319017 утсаар МУЗ-ийн ажилтан Д.Болорцэцэгтэй холбогдоно уу.

Жич: Сургалтанд 25 хүн хамрагдах боломжтой тул та яараарай.