Дүрст мэдээ

5-р сар 22, 2013

“Америкийн Бүжгийн Одод” Нью Йорк Сити Балетын Компани (New York City Ballet )-ийн Гоцлол Бүжигчдийн Тоглолт


Дуурь Бүжгийн Эрдмийн Театр 

2013 оны 6-р сарын 13-14 19:00

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор дэлхийд алдартай Нью Йорк Сити Балетийн Компани (New York City Ballet) -ийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн Бүжгийн Одод” тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Нью Йорк Сити Балетын Компанийг Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар 1948 онд байгуулсан. Тус компани нь 90 бүжигчид, 66 хөгжимчдийн бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй бөгөөд урын сандаа 150 гаруй бүжгийн жүжигтэй Америкийн хамгийн том бүжгийн компани юм. Нью Йорк Сити Балетын Компани нь Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацын эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжгийн компанаар сонгогдон, дэлхийн үзэгчдэд Жорж Валленчинийн найруулсан “Хунт Нуур” бүжгийн жүжгээрээ танигдсан билээ.

 Энэхүү алдарт компанийн гоцлол найман бүжигчдээс бүрдсэн тоглолтын  хөтөлбөрт Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд тоглолтын онцлох бүтээлээр “Хунт Нуур” бүжгийн жүжгийн Хар болон Цагаан Хунгийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэх болно. Тоглолт 2013 оны 6-р сарын 13,14–ний өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болох ба уг тоглолтонд ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга Билэг” этно жааз хамтлаг хөгжимдөнө.

“Америкийн Бүжгийн Одод” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Монре Даатгал, ивээн тэтгэгчээр Хас Банк, АНУ-ын ЭСЯ, ноён С. Рагчаа, Төгөлдөр Сан, Таван Богд Групп, Мон Эм Импекс Концерн, Сайнд оф Монголия ХХК тэтгэж, “ДБЭТ” дэмжиж байна.