Дүрст мэдээ

12-р сар 06, 2013

АВЬЯАСЛАГ ОЮУТНУУДАД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилготой төрийн бус байгууллага билээ. МУЗ нь Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхэд залуучууд, олон нийтэд чиглсэн бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх, тэдний урлагийн боловсролд дэмжлэг үзүүлэх, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.

Тэдгээрийн нэг болох Монголын Урлагийн Зөвлөл болон Америкийн Монголчуудын Соёлын Холбооны хамтран хэрэгжүүлдэг “Ирээдүйн Авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь Монгол улсад нэн шаардлагатай байгаа хөгжим судлаач, хөгжмийн зохиолч, удирдаач, утсан хөгжимчин мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгон, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр  оруулах зорилготой бөгөөд өдгөө дөрөв дэх жилдээ амжилттай үргэлжиллээ. 

2013-2014 оны тэтгэлэгийг Хөгжим Бүжгийн Коллежийн утсан хөгжмийн ангийн оюутан Х.Санчир, А.Ариунномин, Б.Дариймаа, хөгжмийн зохиомжийн ангийн оюутан У.Одонтунгалаг болон МУ-ын Соёл Урлагийн Их Сургуулийн утсан хөгжмийн ангийн оюутан У.Мөнхдэлгэр, хөгжмийн зохиомж, найруулгын ангийн оюутан П.Басхүү нар тус тус хүртэн, сургалтын тэтгэлэгээ хүлээн авлаа. 

2010-2013 онд Монголын Урлагийн Зөвлөл болон Америкийн Монголчуудын Соёлын Холбооны хамтын ажиллагааны үр дүнд тус тэтгэлэг  нийт 18 оюутанд 10,160,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгон, Монголын хүүхэд залуучуудын урлагийн боловсролыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Цаашид тус тэтгэлэгт хөтөлбөрийн зүгээс авьяаслаг, залуу уран бүтээлчдийг сурах нөхцөлөөр хангах, ирээдүйн Монголын хөгжмийн урлагийн хөгжилд дэмжлэг үзүүлэх үйлсээ улам өргөжүүлж, үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар холбогдож авна уу.