Үндсэрхэг үзлийн комплекс

Саяхныг хүртэл монголчуудын хамгийн аюултай дайсан хятадууд, монгол цусыг бузарлах хамгийн аюулт “зэвсэг” нь хятадын эрлийзүүд гэх бодол хүн бүрийн тархины хамгийн гүн хэсэгт нуугдаж байсан бол одоо хамгийн аюултай хүмүүс хятадыг үзэн ядагчид, хамгийн явуургүй эх орончид хятадаас эмээгчид гэсэн эсрэг логик газар авчээ. Асар богино хугацаанд, хурдацтай өөрчлөгдөж буй үндсэрхэг үзлийн сүүдэртэй тал нь тэгвэл юу вэ?

Түүхэн цаг үе рүү эргэн, анхааралтай харж, бид хэзээ, хаана, юун дээр нэгдэж байснаа саная. Англи хэлний “Identity” (ижилсэл) гэсэн үг дэлхийн хаана ч хүн хүнээ захирах харилцаа, тэр дундаа империализм, колоничлолтой холбоотой гардаг. Олон угсаатан, ястнууд нэгэн нутаг дэвсгэрт холилдон амьдрах үед соёлын олонлогоос улбаатайгаар өөр бусдаасаа ялгарах ижилслээ бүрдүүлдэг гэсэн бичигдээгүй хууль бий. Британийн эдийн засагч Амартяа Сэний (Amartya Sen) хэлэхээр “Нэг нийгмийн туулж өнгөрүүлсэн хамтын түүх, бүх хүнд байх хэв шинж тэднийг адилтгаж, нэгэн бүлэг болгодог”. Гэхдээ хэн нэгэн бусадтай аль нэг шинжээрээ ижилсэнэ гэдэг өөр бусдаас бас ялгарч байгааг мартаж болохгүй.

Тэгвэл монголчуудын нэгдэлд ямар үйл явдал голлох нөлөөтэй байв аа?


Ижилслийн жор

Монголчуудын хувьд энэхүү ижилсэл хамгийн илт бөгөөд хүчтэйгээр XIII зуунд тохиож. Эрхлэх аж ахуй, газар нутаг, шашин шүтлэг нэгтэй, цаашдаа эзэнт гүрэн байгуулах чин хүсэлтэй, яг өнөөдрийнх шиг хүчирхэг удирдагчийн мөрөөсөлд автсан үед тал нутгийн баатар Чингис хаан гарч ирлээ. Түүний тодорсон шалтгаан Барууныхны ярьдагчлан хүчирхэг морин цэрэг, эрэмгий дайчид, гүжирмэг зан, оюуны өндөр чадавх гэхээсээ байлдан дагуулах хүчирхэг удирдагчгүй тархай бутархай нүүдэлчин аймгуудын ижилсэлд оршиж байв.

Нүүдэлчдийн эзэнт гүрний нэгдлээр ижилслээ тогтоосон монголчууд Чингис хааныг нөгчсөний дараа өөр өөрийн эзэнт гүрнийг байгуулах хүсэлтэй ноёдын харьяанд дахин задарлаа. Энэхүү задрал монголчуудыг Чин Улсын эрхшээлд орох хүртэл үргэлжилжээ. Энэ хүртэл монголчуудыг үндэстэн хэвээр хадгалсан зүйл нь Чингис хаан, түүний гарал угсааны ижилсэл байсныг орхиж болохгүй. Үүнийг Кэмбрижийн их сургуулийн профессор, антропологич Э.Булаг Их Монголын үндэсний үзэл хэмээн тодорхойлсон байдаг.

Үүний дараа нэгдсэн монголоор бус угсаагаар төвлөх үндэсний үзэл гарч ирлээ. Халхаар төвлөсөн үндэсний үзлийн үр XVI зууны Халх, Зүүнгарын хооронд болсон тэмцлээс эхэлжээ. Энэхүү халх төвтэй үндэсний үзлийн гал манжийн үед улам дүрэлзэж, Оросын үзэл суртлаар жинхэнэ дүр төрхөө олов.

Халх, Зүүнгарын тэмцлийн хөндүүр болсон халхаар төвлөх үзлийг угсаатны задаргаа болгон гүйцэлдүүлэх “ястан” хэмээх үг 1920-оод оны сүүлээр монгол хэлэнд нэвтрэв. Монгол бүлгүүдийн статусыг заах энэхүү нэршлийг анх Буриадын нэрт эрдэмтэн Ж.Цэвээн угсаатны зүйн судалгаанд ашиглажээ. Үүнээс ч өмнө 1928 онд Борис Владимирцов “Зүгээр л Монголчууд гэж байхгүй, харин Халхчууд, Харчинууд, Буриадууд, Чахарууд гэх мэт л бий. Бие биенээсээ ялгардаг төрөл бүрийн овог аймгууд, өөрсдийгөө Монгол овог аймагт багтаан үздэг Монгол ард түмнүүд л бий” гэжээ. Үүнийг доктор Л.Мөнх-Эрдэнэ монгол хэмээх нь Монгол Улсад албан ёсоор үндэстний юм уу, “яс үндэс”, “үндэс угсаа”, “яс угсаа”-ны нэр биш болж, харин ЗХУ шиг төр улс, орны нэр болж, Монголчууд монгол хэмээх “үндэс угсаанд” бус харин Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад хэмээх “үндэс угсаануудад” хамаарагдах болсон төдийгүй Монголчууд албан ёсоор Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад хэмээх хүн, хүмүүс болон бүртгэгдэх болжээ гэсэн байна.

Энэ бол Оросуудаас бидэнд зориулан бэлтгэсэн угсаачлалын жор бөгөөд өнөөгийн жалга довны үзлийн эхлэл байлаа. Оросын талд монголчуудыг угсаатны улс болгож, өөрсдийнхөө холбоот улсын загварт оруулах нь юун түрүүнд хийх ёстой, биднийг хараат байлгах хамгийн эхний төсөл байлаа. Орчин үеийн антропологчдын онолоор “үндсэрхэг” үзлийг колончлогчид дагуул орнууддаа зориулан бүтээдэг. Өөрөөр хэлбэл, монголчуудыг булаалдах хамгийн хүчтэй өрсөлдөгч Хятадыг үзэн ядах сэтгэлгээг Оросууд бидэнд заажээ. 1930-аад оны үеэр “Дорно зүгт наран мандаж, Мао төрлөө” хэмээн дуулж байсан монголчууд нэг л мэдэхнээ Хятадуудыг яснаасаа үзэн яддаг болчихсон байлаа.

Ийнхүү монголчууд угсаатны улс хэмээх парадигмаар 70 жил бэдэрсний эцэст коммунизмын үзэл санаа нэг л өдөр ул болж, чөлөөт нийгэмд хөл тавих үед чухам юун дээр ижилсэхээ дахин тодорхойлох хэрэгтэй болов.


Урлагийн тойрог дахь үндэсний үзэл

Орчин үеийн дэлхийн улс гүрнүүдийг анхааралтай ажиглавал соёл урлагаар дамжуулан үндэсний ухамсрыг хэрхэн сэргээж буйг олж харна. Хамгийн ойрын жишээ нь суваг солих бүрийд солбин гарч буй Солонгосын олон ангит кино. Солонгосчууд улс гүрнийхээ түүхийг соёл урлагаар дамжуулан хэрхэн “арилжиж” буйг эндээс харж болно. Энэхүү арилжаа зөвхөн Монголоор тогтохгүй, дэлхийн кино зах зээлд ч өөрсдийн орон зайг бүтээж, жүжигчид нь Холливудад хөл тавиад эхэлсэн. Солонгосын кино зах зээл хоёр цэг рүү чиглэдэг. Нэг нь, Солонгосын түүх, соёлын онцлогийг харуулсан түүхэн сэдэв, дайн байлдаан, уламжлалт хоол хүнс, аж төрөх ёсыг барууны соёлын нөлөөтэй эсрэгцүүлэн, үндэсний үзлийг сэргээх, солонгос соёлыг сурталчлах. Нөгөө нь орчин үеийн хотжил, хөгжил, амьдралын ээдрээг харуулсан хайр сэтгэл, зөрчлөөр Солонгосын орчин үеийн нийгэм, улсынхаа хөгжил, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах. Гярхай үзэгчид бол эндээс Солонгосчуудын соёлын бодлогын цаад шалтгааныг нэлээд тодорхой харах боломжтой.

Хятадын үндэсний үзэлд ч энэ онол үйлчилдэг. Саяхан болсон Хятадын цагаан сарын үеэр CCTV-гээр гарсан баярын тоглолт дээр “Хэн хэнээсээ салшгүй, бидний ээж бол Дундадын үндэстэн” хэмээн сүрлэг, уянгалагаар дуулав. Энэ бол Хятадын үндэсний үзлийн амин гол цэг. 1980-аад оноос өмнө хан төвтэй үндэсний үзэл хүчтэй байсан Хятадад өнөөдөр бүгдээрээ хамтдаа гэсэн Дундадын үзэл сэргэж байна.

Орчин үеийн улс гүрнүүдийн үндэсний үзлээ сэргээх гол зэмсэг нь урлаг болж. Түүх рүүгээ эргэн харах, түүхэн үйл явдлыг өөрсдийн үндэсний бодлогод таацуулан харах цэг нь урлаг гэвэл хилсдэхгүй.



Орчин үеийн урлаг дахь үндэсний үзэл

Монголд социализмын хана унахтай зэрэгцэн үндэсний үзлийг хамгийн түрүүнд урлагт илэрхийлж эхэллээ. 1989 онд дуучин Д.Жаргалсайхан “Чингис хаан” нэртэй хамтлаг байгуулж, “Чингис хаан” дуу бүтээв. Социализм хүчтэй байсан бол зохиогчийг шоронд суулгаж ч мэдэх байсан энэ дуу “Хонхны дуу”-наас ч түрүүнд чөлөөт нийгэм бүрэлдэж буйг сануулжээ. Энэ явдлаас гурван жилийн өмнө Хятадуудын бүтээсэн “Чингис хаан” кино Монголд гарсан нь Чингисийн бахархал сэргэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ.

Тэгвэл яг одоо Монголчуудын үндэсний үзэл юу вэ? Хятадуудыг үзэн ядах, хятадуудаас эмээхээс өөрөөр бидэнд нэгдэх зүйл бий юу?

Дуучин GEE-гийн “Хужаа” хэмээх дуунд “Ходоодоороо хорвоог сэтгэх хужаагаас, хол илүү би монгол хүн учир, хужаа минь миний өмнө сөгдөх тун” гэж гардаг. Энэ бол Чингисээр төвлөсөн үндэсний үзэл бусдыг үзэн ядах үндсэрхэг үзлээр солигдсоны тод илэрхийлэл. Ийнхүү үндэсний үзлийн оронд хятадуудыг харахаараа араа шүдээ хавирдаг, хувцас дээрээ нацизмын бэлгэдэл хадсан бүлгэмүүд гарч ирэв. Тиймээс бид энэхүү хоёр ойлголтыг салгаж зааглах цаг нь нэгэнт болж.

Миний сонгон хэрэглэж буй үндэсний үзэл хэмээх үг англи хэлний “nationalism” гэсэн үгтэй утга дүйнэ. “Nationalism” нь үндэстэн санал нэгтэй нэгдэж, нийтээрээ эрх ашигаа тодорхойлж буй тэр цэг. Өмнө нь Их Монголын гэгдэж байсан, үндэсний үзэл өнөөдөр юу вэ? Гуч хүрэхгүй жилийн дотор үнэ цэнээ алдчихаад буй ардчилал, нэг намын симбол, улс төрийн тоглолт болсон Чингис хаан, эсвэл Их Монгол Улсын агуу түүх үү. Аль нь ч биднийг нэгтгэж чадахаа байж. Үнэн хэрэгтээ бидний ижилсэл барууны соёлын империализм дээр илүү харагддаг байх. Гэтэл өнөөдрийн бидний үйлдэл “үндэсний үзэл” гэсэн нэршлээсээ хэт явцуурчээ.

Одоо бидэнд тун тодорхой хоёр гаргалгаа үлдлээ. Юун түрүүнд монголчуудад үндэсний үзлээ тодорхойлж, үндсэрхэг үзлийн явцуурлыг засах. Ингэхийн тулд үндэсний үзэл, бахархлаа юугаар дамжуулж, дахин сэргээх вэ? Бидний дээр ярьсанчлан Солонгосын соёлын импорт, Хятадын үндэстнийг бүрэлдүүлэх соёлын төслүүд шиг соёл урлагаар дамжуулан үндэсний үзэл, бахархлыг зөв чиг рүү хөтлөх нь хамгийн зөв, үр дүнтэй арга байж мэднэ. Аль ч үндэстний сэргэлт урлагийн хүчтэй үзэгдэл дээр, эсвэл аль нэгэн цолгорсон манлайлал дээр тулгуурладгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, барууны соёлын империализмын шүтэхээс илүүтэй өөрсдийн соёл руу эргээд анхааралтай хар.

Тэнд л бидний хайж буй зүйл буй.


Нийтлэлч: Уртнасангийн Бямбаням