Дүрст мэдээ

10-р сар 31, 2023

УРЛАГТАЙ ЯРИА / "Улаанбаатар" олон улсын кино наадам 2023

Нийтлэлч: А.Амармэнд

УРЛАГТАЙ ЯРИА: Сэр сэр салхиар сэрсэн Улаанбаатар

Зуурдхан зуны дараа, уртхан өвөл, өтгөн утааны өмнө миний уйтай саарал хотыг чимж, оршин суугчдынх нь оюун сэтгэлийг долоо хоногийн туршид хөглөдөг үйл явдал бол Улаанбаатар олон улсын кино наадам билээ. Арван таван жилийн турш Канн, Венец, Берлин гээд дэлхийн томоохон кино наадмуудын шилдэг бүтээлүүдийг кино театрын дэлгэцээр үзэх боломжийг Улаанбаатарчууд бидэнд олгож, залуу уран бүтээлчид юуг нь урамшуулан зоригжуулж, жилээс жилд өргөжин тэлсээр ирсэн УБОУКН-ийн 2023 оны хувилбар түүхэн гэж хэлж болох хором мөчүүдээр дүүрэн өнгөрлөө.

МОНГОЛ КИНОНЫ СЭРЭЛТ

Энэ жилийн УБОУКН-ын хүлээлт эрт эхэлсэн. Учир юун гэвээс өнгөрсөн тавдугаар сард найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” бүтээл Каннын кино наадмын “Un Certain Regard” хэсэгт шалгарч, монгол киноны түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдсэн билээ. Тэгвэл удсан ч үгүй 9-р сард болж өнгөрсөн Венецийн кино наадамд найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” бүтээл шалгаран оролцож, “Ориззонти” хэсгээс шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэж орхив. Ингээд үзэгчдийн дунд энэ жилийн Улаанбаатар кино наадмаар олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон Монголын хоёр ч бүтээлийг үзэх нь гэсэн хүлээлт үүссэн юм. Хүлээлт ч ёсоор болж, 15 дахь удаагийн Улаанбаатар кино наадам “Сэр сэр салхи” киногоор нээлтээ хийсэн бол “Баавгай болохсон” бүтээл “Монгол кино хөтөлбөр”-т толилуулагдлаа. Аливаа кино наадмын нэг зорилго нь шилдэг уран бүтээлүүдийг нээн толилуулах, хэлэлцүүлэг воркшоп зохион байгуулах замаар дотоодын уран бүтээлчдийг дэмжих байдаг. Тэгвэл УБОУКН энэ зорилгоо сайтар биелүүлж яваа нь энэ жилийн залуу найруулагчдын Европын дэвжээн дэх амжилт батална.

Хэдхэн хоногийн өмнө “Хүй” киног үзсэн учраас “Сэр сэр салхи”-ийг хаширлангуй эхлүүлсэн. Хүй Хөлөнбуйрын монголчуудын амьдралыг харь жуулчны гэмээр нүдээр харж, нэг ёсондоо ахуй байдлыг нь уран бүтээл болгон зарах гэсэн мэт доторгүй санагдсан юм. Найруулагч П.Лхагвадуламын хувьд багагүй хугацааг эх орноосоо хол өнгөрөөсөн, олон улсын баг ажилласан, бөө мөргөл гэх харь хүнд хачин сонин санагдах сэдвийг хөндсөн зэргээр надад ийн хардах шалтгаан байсан юм. Киноны эхнээс үйл явдлын дараалал, үг яриа бүгдээр өөриймсүү байснаас өмнөх харын бодол удалгүй арилж, нэг л мэдэхэд автобусны суудал дахь Зэгийн хамтаар арьс чимхэх мэт Монголын өвлийн тэсгим хүйтний мэдэрч эхэлсэн. Бид амар бус нөхцөлд амь зуудаг. Зун нь богино, өвөл нь урт бас хүйтэн, эдийн засаг нь чадуу, улстөрчид нь зальхай. Гэвч бид эгээ л Зэ шиг байгаль цаг уураас эхлээд нийгэм эдийн засгийн шалгуур бүгдийг яаж ийгээд даван гарч, итгэл найдвараа гээлгүй ирээдүйтэй, урин хавартай золгосоор ирсэн, золгосоор ч байх болно. Магадгүй Зэгийн дүр бол энэ бүх шалгуурыг даван гарсаар буй бид бүгдийн хийморь, бид бүгдийн нэг нэгнээ гэх дотно сэтгэл биз ээ. Найруулагч П.Лхагвадулам “Сэр сэр салхи”-иар Монгол залуусын тээж явдаг ачаа дарамтыг харуулахыг хүссэн хэмээн онцолсон. Миний хувьд зөвхөн залуусын биш энэ цаг үеийн монголчууд бид бүгдийн амьдрал нүднээ үзэгдэж, зүрхнээ мэдрэгдсэн. Би сайн киноноос найруулагчийн сэтгэл хөдлөл мэдрэгдэх ёстой гэдэгт итгэдэг. Тэгвэл П.Лхагвадулам энэ удаад үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэжээ. Түүнээс цаашид илүү ихийг хүлээх ёстой. Венецийн кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн Б.Тэргэлээс гадна эмэгтэй гол дүрийг бүтээсэн А.Номин-Эрдэнийн илүү зүйлгүй тоглолт, үйл явдлын хэмнэлтэй зэрэгцэн алхаж чадсан хөгжим болон дууны найруулгыг онцлон магтах ёстой.

Найруулагч П.Золжаргал Монгол дахь анхны үзвэрээ “Бид утаагаар амьсгалдаггүй, бид ах дүүсийнхээ ядуурлаар амьсгалдаг шүү. Чанартай боловсрол биднийг ядуурлаас гаргана. Гэвч боловсрол тэгш, хүртээмжтэй бус байна” гэсэн үгсээр нээсэн нь кино эхлэхээс ч өмнө сэтгэл хөдлөлд автуулж орхисон. Нэг үеийн хоёр эмэгтэй найруулагчийн гэр хороололд амьдрах өсвөр насны хөвгүүдийн амьдралд төвлөрч, дүн өвлөөр зургаа авсан хоёр бүтээл монгол киноны түүхэнд нэгэн шинэ хуудсыг зэрэгцэн сөхөх тавилантай байсан нь нэн сонирхолтой. “Баавгай болохсон” Монголын нийгэм дэх гүн хуваагдлыг зоригтой бөгөөд ил харуулжээ. Хэдийгээр эл сэдэв Монголын урлагт шинэ биш ч нийгмийн шүүмжийн хэмжээнд ингэж харуулсан нь цөөн. Ялангуяа найруулагчийн гэр хорооллын гэгдэх амьдралын нарийн ширийнийг гярхай ажиглаж, тэр бүрийгээ бүтээлдээ шигтгэн оруулсныг онцлох ёстой. Хорооны ажилтан түлэх түлшгүй хүүхдүүдэд утааны эсрэг шүүлтүүр тарааж буй хэсэг, хүүхдийн мөнгөөрөө болгоод байна гэх наснаасаа хэрсүүжсэн дүрүүдийн хүүрнэл зэрэг нь аньсага чийгтүүлж байлаа. Өвлийн сар дөхөх тусам утааны талаар санаа зовох атлаа тэсгим хүйтний өмнө чичирч зогсоо мянга мянган хүүхдүүдийн талаар бид бодож үздэгсэн билүү? Зуух, яндан, түлш тарааж, утаатай зүйл бүрээр тэмцэх атлаа тэр л утаагаар бүлээсэх мянга мянган гэр бүлүүдийн төлөө юу хийдэгсэн билээ?

Найруулагчийн ажигч гярхай зан, сэдвийн судалгаа (эсвэл түүний өөрийн туршлага?), харилцан яриа, олон хүчтэй хэсгийг магтах ёстой. Харин киноны зарим нэг хэсэг арай илүүдсэн, зураг авалт, дууны найруулга зэрэг гоо зүйн элементүүд илүү сайн байсан бол гэх өөнтөгч бодол төрсөн. Гэвч кино багийн нөөцийг тооцож үзвэл уучилж болмоор алдаа. П.Лхагвадулам уран яруу, нягт нямбай байсан бол П.Золжаргал хүчтэй, зоригтой байлаа.

ОЛОН УЛСЫН ҮЗВЭР

Энэ жилийн УБОУКН-ын нэг онцлог нь гурван кино театрт зэрэг зохион байгуулагдаж, олон улсын үзвэр дэх бүх бүтээл хоёр удаа үзэгчдийн хүртээл болсон явдал. Энэ нь Улаанбаатар кино наадам 15 жилийн хугацаанд хэрхэн өргөжин тэлж, үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж буйн илрэл юм. Олон улсын үзвэр Финландын найруулагч Аки Каурисмякигийн “Унасан навчис” киногоор эхлэв. Мастер өнөө л меланхолик дэвсгэрээ хар хошигнолоор чимэглэж, энгүүн сайхан хөгжмөөр баяжуулсан ажилчин ангийн нэгэн түүхийг бидэнд өргөн барьжээ. Ашгийн төлөөх эрчимт капитализм ажилчин ангийнхныг хэрхэн аварга машины араа шүд болгон жижгэрүүлж буйг, гэвч энэ үйл явц дунд хүн хүн чигээрээ үлдэх боломж буй, тэр нь хүн хоорондын харилцаанд л буйг түүний кинонуудаас харах боломжтой байдаг. Тэр энэ удаад ч үүнийг бидэнд ахин сануулсан юм. 

Энэ жилийн УБОУКН-аар үзэгчдийн хамгийн өндөр хүлээлттэй байсан бүтээл нь Каннын кино наадмын тэргүүн шагнал “Алтан далдуу мод”-ыг хүртсэн, найруулагч Жюстин Триегийн “Уналтын задлан” байв. Жюстин Трие орчин үеийн хосуудын амьдрал дахь үл ойлголцол даамжирсаар хэрхэн эмгэнэлээр төгсөж болохыг шүүх танхимын драм (courtroom drama) хэлбэрээр задлан үзүүлжээ. Гэхдээ энэ удаад эхнэр нь нөхрөө егүүтгэсэн байж болзошгүй хэргийг зөвхөн хууль ёсны шүүх бус тэдний 11 настай, харааны бэрхшээлтэй хүү шүүх болно. Олон үзэгч киноны дараа ч Сандраг буруутай эсэхэд эргэлзсэн хэвээр үлдсэн. Харин миний хувьд эцсийн шүүгч хүүгийн шийдвэрт итгэсэн.

УБОУКН-ын үзэгчдийн нэрэмжит шагналыг өнгөрсөн жил Оскарын шагналыг шилдэг гадаад кино төрөлд “Жолооны минь ард суу” киногоороо хүртсэн Рюсүкэ Хамагүчигийн шинэхэн бүтээл “Хар санаа гэж үгүй” хүртсэн. Япон найруулагч уран зохиол суурьтай, үйл явдал, үг хэлээр баялаг өмнөх киноныхоо араас тэс өөр буюу маш минимал, удаан хэмнэлтэй бүтээл туурвиж, энэ цаг үеийн хамгийн сонирхолтой найруулагчдын нэг гэдгээ ахин батлан харуулжээ. “Хар санаа үгүй” капитализмын бохирдолд өртөөгүй Японы хөдөөх цэвэр ариун тосгонд нэгэн компани хөгжил цэцэглэлт, эдийн засгийн өсөлт авч ирнэ гэх уриан доор зочид буудал байгуулахын тулд орон нутгийн иргэдтэй зөвшилцөж буй тухай өгүүлнэ. Усан цахилгаан станцаас уул уурхай хүртэлх олон төсөл хөтөлбөрүүд орон нутагт хэрэгжиж, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулдаг манай орчин нөхцөлийг эрхгүй санагдуулна. Хамагүчи удаан, бясалгагч гэмээр хэмнэлээр эхэлж, таамаглах аргагүй цочирдом байдлаар бүтээлээ төгсгөж, өмнө нь үзэж байсан кинонуудаас тэс өөр цоо шинэ уур амьсгал гаргаж иржээ. Гарцаагүй энэ оны шилдэг бүтээлүүдийн нэг. Өмнөх кинонд ч ажилласан хөгжмийн зохиолч Эйко Ишибашигийн хөгжим киноны бясалгагч уур амьсгалд үйл явдал, зураг авалтаас ч дутуугүй хувь нэмэр оруулсныг онцлууштай.

Эцэст нь Олон улсын үзвэр хэсгээс миний хувьд онцлохгүй байхын аргагүй бүтээл нь Туркийн найруулагч Нури Билгэ Жейланы “Хуурай өвс” байлаа. Нури Истанбулаас хөдөөх тосгонд ирсэн, хөдөө нутгийн хоцрогдсон бүдүүлэг байдлыг дотроо үзэн ядаж, хотын амьдралыг мөрөөсөх багш эрийн ёс суртахууны уналт ба босолтын түүхэнд өөрийн дотоод сэтгэл, Турк орноо хайрлах хайр, Турк орны нийгэм улс төрийн нөхцөл байдал, үгүй ер нь хүн гээч юусан билээ гэх эргэцүүлэл, нэг кинонд багтааж болох бүхий л сэдвийг багтаан ойрд үзэгдээгүй үлэмж бөгөөд цогц бүтээлийг бүтээжээ. Нуригийн угийн л хараа ховсдом зураглал нь энэ удаад бүр ч төгс гэмээр түвшинд хүрч, дүрүүдийн догдлол, сэтгэл хөдлөл дэргэд байгаа мэт мэдрэгдэж байлаа.

БАРИМТАТ КИНО ҮЗВЭР

УБОУКН энэ жилээс эхлэн Швейцарын Ньоны “Visions du Réel” баримтат кино наадамтай хамтын ажиллагаа эхлүүлж, энэ хүрээнд анх удаагаа баримтат кино үзвэрийн хэсгийг хөтөлбөртөө багтаасан нь энэ жилийн бас нэгэн онцлог байв. УБОУКН баримтат үзвэрийн хэсэгтэй болж буй нь Монголын баримтат кино бүтээгчдийн цаашдын хөгжилд ихээхэн дэм болно гэдэгт итгэлтэй байна. Анх удаагийн баримтат үзвэрийн хэсэг Питер Мэттлерын эцэг, эхтэйгээ өнгөрүүлсэн сүүлчийн мөчүүдийн дүрсээ ашиглан бүтээсэн амьдрал үхлийн тухай кино эсээ “Үгүйг үгүйлнэ”, Каутер Бен Ханьягийн Тунист алга болсон хоёр охины бодит түүхийг мэргэжлийн жүжигчидтэйгээр ахин зохиомжилж, уран сайхны ба баримтат киноны хил зааг дээр сонирхолтой байдлаар тоглосон “Эгч дүү дөрөв”, Францын католик сүмд хүүхэд насаа хүчирхийлэл дунд өнгөрөөсөн өвгөдийн дурсамж дээр тулгуурлан бүтээсэн “Меркюригийн шоовдор хөвүүд” гэсэн гурван бүтээл толилуулагдсан билээ. Энэ хэсгээс бясалгагч, найраглаг атлаа уран зөгнөлт ч гэмээр хэлбэртэй П.Мэттлерийн “Үгүйг үгүйлнэ” бүтээлийг онцлох ёстой. 

Үгүйг үгүйлнэ/ Питер Мэттлер       

Меркюригийн шоовдор хөвүүдКлеманс Давиго


Эгч дүү дөрөв/ Каутер Бэн Ханья         

                                                         

УБОУКН ба Швейцарын хооронд тогтсон Меркюригийн шоовдор хөвүүд сэжим зөвхөн баримтат үзвэрийн хэсгээр хязгаарлагдахгүй. Энэ жилийн онцлох орноор Швейцар улс сонгогдож, найруулагч Максим Раппазын “Намайг явуулаач”, Элене Наверианигийн “Хар хөөндэй, хар хөөндэй, хармаг”, Леон Швиттерийн “Нуувч” гэсэн гурван бүтээл толилуулагдсан юм.

Намайг явуулаач/ Максим Раппаз       


Хар Хөөндэй, Хар Хөөндэй, Хармаг/ Элене Навериани




Нуувч/ Леон Швиттер

   

ФОРУМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

УБОУКН зөвхөн кино үзүүлж, үздэг үйл ажиллагаа биш ээ. Нэг долоо хоногийн туршид залуу уран бүтээлчдэд зориулсан сургалт, нетворкинг үйл ажиллагаа, кино урлагийг тойрсон хэлэлцүүлэг гээд олон үйл ажиллагаа тасралтгүй өрнөдөг. Энэ жилийн хувьд “Авдраа уудал” кино сургалтыг Европын томоохон студиудэд дууны найруулга, дизайны чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай, швейцар уран бүтээлч Освальд Швандер дууны найруулгын сэдвээр гурван хоногийн турш удирдан явуулсан бол “Ирж яваа цаг” кино форум “Баримтат киног сонгох шалтгаан” болон “Бидний цаг үе кино хальсанд” гэсэн сэдвийн доор зохион байгуулагдсан юм. “Баримтат киног сонгох шалтгаан” форумд кино найруулагч Н.Уранчимэг Монголын баримтат киноны түүх сэдвээр “Хүрд” баримтат киноны найруулагч Л.Номин “Хүрд эргэхэд…”, 54 дэх удаагийн “Visions du Reel” кино наадмын хамтын ажиллагаа хариуцсан захирал Софи Бурдон “Баримтат киног сонгох шалтгаан”, продюсер Гуги Гумиланг “Олон улсын баримтат кино наадам болон зах зээл” сэдвээр илтгэл тавьсан юм. Харин “Бидний цаг үе кино хальсанд” хэлэлцүүлэгт найруулагч С.Бямба, УБОУКН-ын олон улсын уран сайхны удирдагч Анн Дэлсет, УБОУКН-ын хөтөлбөр боловсруулагч Тибу Брак, УБОУКН-аар анхны бүтээл нь толилуулагдсан вьетнам найруулагч Тьен Ан Фам нарын кино урлаг болон нийгмийн шинжлэх ухааны судлаачид оролцож, энэ цаг үеийн кино, тэр дундаа монгол киноны талаар шинжлэн ярилцсан билээ.

Кино урлагийн илбэ шидэд автсан үзэгчид нэг долоо хоногийн турш үзсэн киноныхоо талаарх сэтгэгдлийг хуваалцах, сонирхол нэгтэнтэй танилцах хүсэлд эзэмдүүлдгийг эрхбиш та бүхэн гадарлах байх. Тэгвэл энэ жилийн хувьд УБОУКН-ын зохион байгуулагчид үүнийг ч бас бодолцон үзэж, үзвэрийн дараа үзсэн киноны талаарх сэтгэгдлээ хуваалцаж, нетворкинг хийх орон зайг Lime Haus софт баарт гаргаж өгсөн юм. Lime Haus-д УБОУКН-ын олон улсын уран сайхны удирдагч Анн Дэлсет, УБОУКН-ын хөтөлбөр боловсруулагч Тибу Брак, “Шар хүр хорхойн бүрхүүл дотор” киноны найруулагч Тьен Ан Фам, баримтат киноны продюсер Гуги Гумиланг нартай уулзалтууд зохион байгуулсан нь сонирхолтой байлаа.

Ийнхүү 15 дахь удаагийн УБОУКН хүн амьдралаас хүртэж, мэдэрч болох үй олон сэтгэл хөдлөлийг долоо хоногийн турш мэдрүүлээд өндөрлөлөө. Ирэх жил илүү их сэтгэл хөдлөлтэй, илүү олон кинотой, илүү олон үзэгчтэйгээр эргэн уулзъя. 

"Улаанбаатар" олон улсын кино наадам: https://www.facebook.com/UBIFFhttps://www.ubiff.mn/