Уншаад устга


Одоо дөнгөж 11 настай Фэйсбүүк, үүнийг үндэслэгч Марк Зукерберг (30) дэлхий дээр өмнө нь хэний ч байгуулж байгаагүй өнөр бүлийг үүсгэсэнд нэгдэж нийлсэн хүмүүсийн тоо өдгөө 1.4 тэрбумд хүрчээ. Хором мөч тутамд хагаран бутрах ямар ч шалтгаан олж чаддаг манай дэлхийн иргэдэд хэрвээ 20 жилийн өмнө ийм зүйл хэн нэгэн нь сэтгээд, тэр нь дэлхийн хүн амны тавны нэгийг өөртөө нэгтгэнэ гэж ярьсан бол ой тоонд нь багтахгүйгээр үл барам ахиад нэг хэрүүлийн шалтаг болгож дөнгөх байв. Гэвч цаг өөр болж, өчигдөрхөн цоо шинэ байсан зүйл өнөөдөр хуучирч болдог, орчлон хорвоогийн магадгүй хамгийн тааварлашгүй, гэнэтийн бүхнээр дүүрэн цаг үед амьдарч буй учраас ямар нэг зүйлийг боломжгүй гэж эрслэн үзэх нь өөрөө боломжгүй асуудал болсон санж. Яг үнэндээ энэ их үсрэнгүй алхамууд, хөгжлийн хурд биднийг бүр төрүүлж орхилоо. Урьдын юмыг үтэр түргэн ул болгож, хуучны юмыг зул болгосон дэвшлүүд биднийг үнэхээр сайн сайханд хөтөлж байна уу, эсвэл унах нүхээ бид тун хурдан малтаад байна уу гэдгийг ч эргэцүүлэх завдал олгохгүй янзтай. Гэвч аливааг ердөө л сайн, муу гээд хоёрхон хуваачих даанч амархан боловч тэр хэрээр үнэний хувь багасна. Тэгэхээр олон талаас нь харах гээд үзье. Нэгэнт “Урлагтай яриа” гэсэн үндсэн сэдвийн дор учир жишээгээ энэ хүрээнд, ойроос хайя.

Цахим ертөнцийн хөгжлийн ачаар бид дуртай уран бүтээлчтэйгээ найзууд шиг ойр харилцах болов. Инстаграм, Твиттер, Фэйсбүүкээр дамжуулан тэдний хувийн амьдралаас эхлээд уран бүтээл хүртэлх бүхий л мэдээллийг яг л дотнын найз нь юм шиг хором ч хоцролгүй мэдэж байна. Youtube, Spotify, Netflix-ийн ачаар дэлхийн хаана ч байсан гэлээ хөгжим, кино урлагаас хоцрохгүй боллоо. Мэдээлэл улам хурдан болоод арвин, эмх цэгцтэй болж буйн учир хэрэв тухайн хүн өөрөө хүсэж, эрэлхийлбэл урлагийн мэдрэмж биш юмаа гэхэд мэдлэг өмнө үеийнхнээс хавь илүү тэлж байна. Монголдоо л байгаа хэрнээ бид Адель удахгүй шинэ цомгоо гаргах тухай мэдэж, тэр нь хэрэв худалдаанд гарлаа гэмээнэ онлайнаар худалдан авах боломж нээгдэж, Марина Абромовичийн (уран бүтээлч, үйл хөдлөлийн урлагийн томоохон төлөөлөгч) шинэ ажлуудыг хувийн цахим хуудсаар нь үзэж, MoMA (Metropolitan museum of Art)-д одоо гарч буй Бьёркийн үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийг дэргэдээс мэт харж, Орхан Памукийн шинэ номыг “Kindle”-дээ суулгаад унших бүрэн боломжтой болсныг дэвшил гэхгүй яах билээ. Одоо ид өрнөж буй Каннын кино наадам, Венецийн биеннальд хэн ямар бүтээлээрээ оролцож, аль нь ялагч болохыг газар дээр нь байгаа хүнээс минутыг зөрүүгүй мэднэ гэдэг гайхалтай хэрэг биш гэж үү?
Улмаар бүх юм энгийн, бас ойр болж байна. Жишээ нь, баруунд ид шуугиулж буй Японы зохиолч Харуки Мураками өөрийн цахим хуудсаараа дамжуулан уншигчдын асуултад өөрийн биеэр, тогтмол хариулж, эхлэн бичигчдэд хувийн зөвлөгөө өгч эхлээд сар гаруй болж байна. “Tidal” цахим хуудаст Мадонна, Бейонсе, Лэди Гага, Жэй Зигээс эхлээд “Daft Punk” өөрсдийн утсан дээрх playlist-ээ хуваалцах болсон мөн л саяхны хэрэг. Уншигч “Goodreads”-ээр уншсан номынхоо, “IMDB”-д үзсэн киноныхоо шүүмжийг нээлттэй оруулж, бүр үнэлгээ өгдөг болсноор тэдгээр нь тухайн бүтээлийн үнэлэмжид шууд нөлөөлж эхэлсэн нь бас л том дэвшил. Цахим ертөнцийн хурдтай, хүртээмжтэй, нээлттэй байдлын ачаар үзэгч, уншигч, урлаг сонирхогч байх нь уран бүтээлчтэй нэгэн адил чухал болсон нь гайхалтай завшаан.
Гэвч дандаа дээрх шиг сайхан байна гэвэл худал болно. Цахим ертөнц дэх хэтэрхий их сонголт, хүртээмж урлагт хандах, түүнийг эрхэмлэх хүмүүсийн хандлагад нөлөөлж, амин сүнсийг нь замхаруулж байгаа нь ч бас чухам үнэн. Наад захын жишээ, үзэсгэлэн үзэх гэж ирсэн хүмүүс заалаар хурдхан тойрч, нүдэнд торсон ганц нэг бүтээлийн зургийг дарж, нийгмийн сүлжээний хуудсаараа тараачихаад бушуухан гарч одохыг би олон харсан. Ийм үзэгдэл бусад урлагт ч ялгаагүй. Цахим сүлжээгээр хэтэрхий олон дуу, кино, зураг, ном тарсан учраас сонголт хийх хэцүү болсон. Тийм учраас “завгүй” үзэгч, уншигч, сонсогчийн анхааралд өртөж, нүдэнд нь торуулахын тулд урлаг бүтээгчид цөм “тайчиж” эхлэв. Үүний хамгийн том илрэлийг хөгжмийн урлагаас харж болно. Дуучид хоолойн цар хүрээгээрээ биш хувцсаа хэн нь илүү тайлж, нүцгэн биеийн деталиудыг хэн зоримог гаргасан нь амжилтад хүрч байна. Хөгжмийн урлаг ийнхүү тайчих үзүүлбэр болж таарав. Дуучин Майли Саярус, Рианна нар Нина Симоне, Уитни Хьюстэнээс илүү их цомог, дуу борлуулсан гэдгийг хачирлавал юу болоод буйг та дорхноо гадарлах байх. Кино урлаг ч мөн ялгаагүй.
Хэрэв та анзаарсан бол Youtube, Spotify, Tidal, Goodreads гэхчлэн цахим хуудсууд цөм таны сая сонсож дууссан дуу, уншсан ном, үзсэн кинотой ижил, ойролцоо бүтээлүүдийг автоматаар санал болгодог болсон. Фэйсбүүк, Твиттер ч ялгаагүй. Жишээ нь, та ямар нэг дуучны хуудсыг дагалаа гэхэд түүнтэй ижил жанраар бүтээл туурвидаг уран бүтээлчдийнх зэргэцээд гараад ирнэ. Өнгөц харвал бидний өмнөөс, бүхнийг хялбар болгоод байгаа юм шиг хэрнээ үүгээрээ нэг ёсны хайрцаг үүсгэж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Явсаар бид өөр өөрсдийн жижигхэн хайрцагтай, түүнээсээ хэзээ ч гарахыг хүсдэггүй үхмэл амьтад болчихвол робот гэдэг чинь бараг энэ болох биш үү? Магадгүй, хэтэрхий өөнтөгч нүдээр харвал энэ сэтгэх, өөрөө эрэлхийлэх, шинэ зүйлийг нээх, хүртэхийн эсрэг хамгийн жижигхэн юм шиг мөртлөө хамгийн том гэмт хэрэг ч байж мэднэ.
Бас цахим орчин уран бүтээлчийн оюуны өмч, зохиогчийн эрхийг уландаа гишгээд удаж байна. Хэн нэгний хөлс хүч, авъяасаа шавхаж, бас төдий хэмжээний хөрөнгө зарцуулж гаргасан уран бүтээлийг бүх нийтэд зүгээр л үнэгүй тараачихдаг болсон нь гунигтай. Өөрийн өвөрмөц бөгөөд давтагдашгүй байдал, амин сүнс, үнэ цэнээр оршин тогтнодог урлагийн төрөл зүйлс цахим ертөнцтэй нүүр тулснаар гоё, сайхнаа бага багаар гээсээр л. Гар утас, компьютер байгаад тэр нь интернэтэд холбогдож л байвал огтхон ч хөдлөлгүйгээр, бас хөдөлмөрлөхгүйгээр тэндээ кино үзэж, хөгжим сонсож, ном уншиж болдог энэ хялбар байдал дундаас урлагийн үнэ цэнийг хайна гэдэгт утгагүй болж ирнэ. Яахав, бүхэн ийм төлөвт шилжихээс өмнө үнэт зүйлс нь бэхжсэн жинхэнэ уран бүтээлчид, жинхэнэ урлагт бишрэгчид цөөн ч атугай байгаа учраас одоо бас ч гэж болоод л байна. Харин анхнаасаа цахим ертөнцийн ийм бэлэн, тэр хэрээр замбараагүй, тэр хэрээр хүндлэлгүй, тэр хэрээр “сүнсгүй” орчинд бүрэлдэж буй хойч үед урлагт хандах хандлага ямар түвшинд хүрсэн байх бол?

Гар утсан дээрх мессеж тодорхой тоонд хүрээд дүүрэхээр нь бид автомаар устгадаг. Хэрэв тэр нь цааснаа буусан захидал байсан бол барагтай тэгэхгүй, хадгална даа. Үүний адилаар “Kindle” дээрх цахим номын сангийн багтаамж дүүрвэл ганцхан товч дараад л арилгачихна. Утсан дээрх дуу, компьютер дээрх кино ялгаагүй. Уншаад л, үзээд л, сонсоод л устгана. Араас нь хог новш, ховор сайхан нь хамт холилдсон давалгаа түрээд л ороод ирэх учир явсаар нь аль нь жинхэнэ урлаг, аль нь юу бишийг ч ялгах ч аргагүй болсоор.
Алив уран бүтээлчээс нийгэм, цаг үе болоод урлаг хүртэгчид маш ихийг хүсдэг. Тэд бидний амьдралд шууд бусаар нөлөөлдөг чухал хүмүүс болохоор тэр. Тэгвэл өдрөөс өдөрт дордсоор байгаа энэ нийгэмд жинхэнэ урлагийг буй чигээр нь авч үлдэхийн тулд жинхэнэ сонсогч, жинхэнэ үзэгч, жинхэнэ уншигч, жинхэнэ урлагт бишрэгч байх нь улам бүр чухал болж байна. Уран бүтээлчтэйгээ эн зэргэцэхүй хэмжээний чухал шүү! Цахим ертөнц, хэтэрхий хурдан хөгжлийн ачаар бид олон сайхан боломжийг нээсэн ч тэр хэрээр олон үнэ цэнэтэй зүйлсийг гээж байна. Урлаг зураад л хаягагддаг шүдэнз шиг уншигдаад, үзэгдээд, сонсогдоод л “үхдэг” зүй болох эсэх нь уран бүтээлчдээс, бас танаас шууд хамааралтай шүү!

Нийтлэлч: Ж.Тэгшжаргал