“Улаанбаатар” медиа урлагийн наадам энэ сарын 23-30-ны хооронд зохиогдоно.

Монголын урлагийн зөвлөлөөс жил тутам зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам найм дахь удаагаа энэ сарын 23-30-нд зохиогдох гэж байна.  Энэ удаагийн наадамд зургаан улсын нийт 17 уран бүтээлч нийслэлийн гурван байршилд уран бүтээлээ толилуулах аж. Тайванийн Засгийн газрын дэмжлэгтэй, Тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар болон Монгол дахь Гёте институттэй хамтран “Монтаж” сэдвийн дор зохиож буй VIII “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын куратораар Тайвань улсын уран бүтээлч Чю Чи Сэн ажиллана.

5-р сарын 23-нд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэгдэх нээлтийн үзэсгэлэнд Герман, Тайвань, Япон, Франц, Монголын уран бүтээлчид бүтээлээ толилуулна. Мөн “Улаан гэр” галерейд тайвань, америк уран бүтээлчдийн оролцсон үзэсгэлэн 5-р сарын 19-нөөс олон нийтэд нээлттэй дэлгэгдэх аж. Наадмын хамтран зохион байгуулагч Монгол дахь Гёте институтээс санаачилсан “Urban Walk” төслийн уран бүтээлч Б. Мэнд-Амарын бүтээлийг мөн үзэж сонирхох боломжтой.

Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, дэвшилт технологийг танилцуулах, дэвшингүй техник, хэв маяг бүхий медиа бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх замаар орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах нь уг наадмын зорилго юм. Уран бүтээлчдийн чадварыг нэмэгдүүлж, медиа урлагийн хөгжлийг хурдасгах зорилгоор наадмын хүрээнд хэд хэдэн лекц, сургалт зохиох аж. Тодруулбал, 5-р сарын 19-нд “Шинэ медиа урлаг болон технологи” сэдэвт сургалт, 22-нд “Буддын урлагийн дүрслэл” сэдвээрх лекц явагдах бөгөөд 27-нд “Тайванийн контемпорари урлаг” сэдэвт сургалтаас гадна уран бүтээлчид болон үзэгчдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг болохоор төлөвлөж байна.

5-р сарын 30-нд “White Rock” төвд Франц, АНУ, Тайвань улсын дөрвөн уран бүтээлчийн 360 градус дэлгэцийн бүтээлүүдийг толилуулснаар наадам өндөрлөнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/UBIMAF/ пэйж хуудсаас авна уу.

Куратор: Чю Чи Сэн (Тайвань)

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей   5-р сарын 23-29

  1. 1. Катя Бринкманн (ХБНГУ)
  2. 2. Яао Жуй Чун (Тайвань)
  3. 3. Г.Мөнхболор (Монгол)
  4. 4. Лин Тиэн & Фан Шуан (Тайвань)
  5. 5. Лян Тин Ю (Тайвань)
  6. 6. Цай Ши Шянг & Лин Цзү Инг (Тайвань)
  7. 7. Г.Энх-Амар & Б.Сэргэлэн (Монгол)
  8. 8. Такахико Сүзүки (Япон)
  9. 9. Г.Гэрэлхүү (Монгол)
  10. 10. Б.Мэнд-Амар (Монгол)
  11. 11. Марго Гийемо (БНФУ)

Улаан гэр галерей   5-р сарын 19 - 6-р сарын 9

  1. 1. Б.Соёл (Монгол)
  2. 2. Жон Уэллс (Америк)
  3. 3. Хун Ю Хао (Тайвань)

White Rock центр 5-р сарын 30

  1. 1. Уильям Мэтисон (Америк)
  2. 2. Хун Ю Хао (Тайвань)
  3. 3. Марго Гийемо (Франц)
  4. 4. Жон Уэллс (Америк)

Илтгэгчид: Лай Пэй Чун & Яао Жуй Чун (Тайвань)

ХӨТӨЛБӨР:

Огноо: 2023 оны 5-р сарын 23-наас 5-р сарын 30-ны хооронд

Үзэсгэлэн:

  • Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Нээлтийн арга хэмжээ: 2023.05.23

Үзэсгэлэн: 2023.05.23-29

  • МУЗ-ийн дэргэдэх “Улаан гэр” галерей

Үзэсгэлэн: 2023.05.19-06.09  

  • White rock центр

Хаалтын арга хэмжээ: 2023.05.30   

Лекц: 2023.05.22 - Профессор Яао Жуй Чун-ийн “Буддын урлагийн дүрслэл” лекц

Сургалт: 2023.05.19 - Хун Ю Хао-ийн “Шинэ медиа урлаг ба технологи” сургалт

Сургалт: 2023.05.27 - Марго Гийемо & Лай Пэй Чун нарын “Тайванийн контемпорари урлаг” сургалт