Талх уу, хөгжим үү?


Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа, бүр үг яриагаар харилцаж эхлэхээсээ ч өмнө урлагийн бүтээл бүтээж, ахуй амьдралдаа ашиглаж байсны ул мөр өдий төдий буй. Хүн төрөлхтний түүхийн нэн эрт балар цагт бүтээгдсэн 700 000 жилийн тэртээх хадан сийлбэр товх, 41 000 жилийн өмнөх хадны сүг зураг, 38000 жилийн настай цалиг шүтлэгийн чулуун сийлбэр эх [Venus] [I] , чимэг зүүлт, зэвсэг зэмсэг, эд өлөг цөм урлагийн бүтээлд зүй ёсоор тооцогдоно. Урлаг бол байгалийн зөнлиг чанартай, хүмүүний сэрэхүйн бүтээл мөн.


Хүн төрөлхтний үүссэн цагаас өдийг хүртэл оршин байгаа урлаг хэр хэрэгцээтэй вэ? Ус, агаар шиг амин зүйл үү? Идэх хоолноос илүү чухал уу?
Үнэндээ тийм гэнэ. “Урлаг хэл яриа үүсэхээс ч өмнө байсан төдийгүй хүн дүрст бичийг орчин үеийн хүн болон хувьсахад нөлөөлсөн чухал хүчин зүйл байжээ” гэж “Урлаг юуны тулд вэ?”, “Хомо сапиенсын гоозүй”, “Урлаг ба дотно харилцаа” номын зохиогч АНУ-ын эрдэмтэн Эллен Диссанайаку үзсэн нь эрдэмтдийн анхаарал, сайшаалыг татаж байгаа аж. Тэрбээр урлагийн түүх, хүн судлал, сэтгэлзүй, угсаатан зүй, хувьслын гоозүй зэрэг олон салбарыг олон арван жил судалсны эцэст гоозүйн мэдрэмжтэй бүх амьд амьтдын дотроос хүн төрөлхтөн урлагийг бүтээдгээрээ онцгой, урлаг бол хүмүүний зөнлиг бүтээлч чанар гэж үзсэнээрээ Дарвины онолыг ч хэтийдсэн сэдэл болж байгаа аж. Хүн төрөлхтөн “урлаг”-ийг бүтээснээрээ “хүн” болж чадсан бөгөөд урлаг нь хувь хүний, ард түмний, улс үндэстний, бүр дэлхий дахины нийгмийн харилцааны чухал хэрэглүүр болжээ. Хуучин чулуун зэвсгийн үеэс хүй нэгдлийнхний цалиг шүтээн, шид жатгын хэрэгсэл, шашны суртал түгээх зэмсэг, хаант засаглалын ордны онцгой үзвэр, хатуу дарангуйллын “тархи угаах” зэвсэг, хөрөнгөтний эдийн засгийн мөнгө олох хэрэгсэл, баячуудын тансаглал, хувьсгалт нийгмийн үзэл суртлын зэмсэг, хүний эрх чөлөөг тунхагласан ардчиллын дуу хоолой бологч үеийн үед бүтээгдсээр ирсэн “урлаг” гэж яг юу вэ?
Урлагийг хүн төрөлхтөн эртнээс “гоё” (fine, beau) бол урлаг гэж томъёолж, монголчууд ч мөн “уран сайхан” гэж илэрхийлж ирсэн ч, түүхэн хөгжлийн явцад, хэдэн зуун зууны туршид хөгжсөөр, бүтээгдсээр байхдаа, гүйцэтгэх үүрэг, хөгжлийн түвшин нь өөр өөр замаар замнасаар өнөөг хүрч, ялангуяа сүүлийн 300 жилд тэр гэхийн тэмдэггүй болтлоо салбарлан салаалж, агуулга илэрхийлэл нь өөрчлөгдсөн учраас эрдэмтэн, судлаачид ч өдгөөг хүртэл урлагийн тухай нэгдсэн ойлголтгүй, зөрчилдөж, мэтгэлцэж байна. Товчхон хэлбэл “Урлаг бол уран туурвил” л юм.

Харин бид урлагийг хэр “хэрэглэж” байна вэ?
Зөвхөн өөрсдийн тухайд, эрт балрыг алгасан энүүхэн өнгөрсөн зууныг ярих аваас ардын хувьсгалаас өмнөх Монгол оронд соёл урлаг, уран сайхны хэрэгцээ нь ахуй амьдралын өдөр тутмын үйлтэй нягт холбогдож, мэндлэхийн зуурт мөр холбож шүлэглэдэг, хүүхэн бүр үйлэнд уран, хар хүн бүр найранд дуутай, наадамд даваатай байхыг эрхэмлэдэг байв. Уламжлан заншилж, урлаг, уран сайхныг өөрийн амьдралдаа яаж бүтээж, хэрэглэх, хүртэх нь өөрсдийн сэдэл, санаачилга, ур авъяасаас шууд хамаарч, ардын язгуур бэлгэд суурилж байжээ. Харин социалист Монголд соёл урлагийн гүйцэтгэх үүргийг онцгойлон, зохион байгуулалттайгаар мэргэжлийн түвшинд хөгжүүлж, олон нийтэд урлагийг зохион байгуулалттайгаар үзүүлж, өргөн фронтоор хамруулж байлаа. 1981 оны статистик тоо баримтаас үзвэл, давхардсан тоогоор театрын үзэгчдийн тоо жилд 22 сая хүрч, соёлын ордон, клубын дэргэдэх 20 мянган дугуйланд 300 мянган хүн сайн дураар хичээллэж, найман хүн тутмын нэг нь сайн дурын уран сайханд оролцдог, номын санд жилд хагас сая хүн үйлчлүүлдэг байжээ [II] . Өөрөөр хэлбэр яслийн хоёр настай балчруудаас өндөр настан хөгшид хүртэл бүх хүмүүс жилд 10-12 үзвэр үздэг байж, хамруулдаг ч байж.
Харин ардчилсан нийгэм байгуулагдаж, зах зээлийн эдийн засагт элсэн орсноор соёл урлаг нь сонгодог хөгжил, сонгуулийн сурталчилгаа, шоу цэнгээн хүртэлх бүх түвшинд өрнөн, зах зээлийн шалгарлаар уруудан өгсөн урагшилж байна. 2012 онд Монголд нийт 800 гаруй соёл урлагийн байгууллагад 7000 шахам хүн ажиллаж, 9 сая орчим хүнд үйлчилсэн байна. Театрт 1,4 сая үзэгч очиж, кино үзэгчдийн тоо 1,8 саяд хүрэв. Энэ саяар тоологдоод байгаа үзэгчдийн дийлэнхи нь хүн амын 64 хувийг эзлэх хот суурин газрынхан. Харин мал аж ахуй эрхлэн хөдөө нутагт амьдарч буй 309,000 өрх буюу сая гаруй хүн ам соёл, урлагийн нүүдлийн үйлчилгээг барагтайхан хүртэж буй.

Энэ үйлчилгээний үзүүлэлтийн цаана соёл урлагийн бодит хэрэгцээ эдүгээ хэр хангагдаж байгаа бол? Үзэгч иргэдийн хэтэвчрүү өнгийж үзвэл 2014 оны 2-р улирлын байдлаар, манай улсын нэгж өрхийн дундаж бодит орлого нь 806,400, бодит зарлага 803,100 төгрөг байгаагаас гуравны нэг нь хоол хүнсэнд, 64 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг гэнэ [III] . Олон улсад өрхийн орлогын 10 хувийг (Их Британид 13% [IV] , АНУ 8%) соёл урлаг, амралтанд зарцуулдаг жишгээр Монголчууд сардаа 80 000 төгрөг соёл урлагт зарцуулах нь. Энэ нь өрх бүрт 3-4 хүн [V] гэж тооцвол, сард нэг удаа гэр бүлээрээ соёл урлагийн үзвэр тоглолт үзэх, уран бүтээлийн 2-3 цомог худалдаж авах, нэг хүн урлагийн дугуйланд хамрагдах гэх мэт идэвхитэй зах зээл баймаар, Монголын соёл урлагийн салбарт жилд 730 тэрбум төгрөгийн орлого орохоор байна. Гэвч бодит дүнгээр өрхийн хадгаламжиндаа хийх сарын цэвэр орлого 3000 төгрөг байгаа үед хэрхэн урлагт мөнгө зарцуулах билээ. Соёл урлагаас холдох эхэн шалтгаан мөнгө санхүүгийн боломж хомс байдал:
Монгол улсын хүн амын 70 хувь нь 15-64 насныхан. Хөдөлмөрийн буюу орлоготой насныхан, мөн урлагийн идэвхитэй үзэгчид. Гэхдээ 66 хувь нь 30 хүртэл насныхан, хүн амын голч нас 21 байгаа нь эдийн засгийн хувьд төлбөрийн чадвар багатай, боловсрол, орон сууц, машин, амьжиргаа зэрэг илүү чухал асуудлуудад хөрөнгө оруулах эрмэлзэлтэй, мөн сонирхлын хувьд “хувирамтгай” урлагийн зах зээлийн үүсгэдэг. Үнийн өсөлтийн улмаас зарлага орлогоос давж, ядуурал улс даяар 29,6 хувь байгаа, урлагт “үрэх” мөнгө санхүү хомс ийм үед бид хэрхэн урлагтай “нөхөрлөх” вэ?
Ганц манайд ийм биш л дээ. Европын холбооны соёлын судалгаагаар Европын 500 сая хүн амын 80 хувь нь соёл хэрэгтэй гэх мөртөө, гуравны нэг нь соёлын үйлчилгээ хэт үнэтэй, чанар муу, тал нь зав багатай, бүр 10 хүний 8 нь үнэгүй байх хэрэгтэй, төрөөс анхаарах ёстой [VI]гэжээ. БНХАУ соёл урлагийн шинэ бодлого баримталснаар [VII] эдүгээ урлагийн зах зээлээр дэлхийд АНУ-ын дараа хоёрт жагсаж байгаа (Татвараас нуусан орлогоороо бол түрүүлсэн гэх) бол АНУ-ын 2008-2009 оны эдийн засгийн хямралаар соёл урлагийн байгууллагын тоо хорин хувиар хорогдож, мөнгөний урсгал, чадавхи, үзэгчийн тоо, хувь хандив эрс буурав [VIII] .
Мөн дэлхийг хамарсан орчин цагийн мэдээлэл технологийн асар хурдацтай хөгжил ч сүүлийн 2 жилд соёл урлагийн үйлчилгээ, хүртээмж, түгээлт, үнэлэмжийг эрс өөрчлөв. Дэлхий даяархи бодит арилжаа наймаа, үйлчилгээ, мөнгөний эргэлт бүхэлдээ цахимжин, (7,1 тэрбум хүний) 3 тэрбум нь интернэт хэрэглэж [IX], 6,9 тэрбум нь гар утас ашиглаж [X] байна. Ийнхүү цахимжсанаар дэлхий даяар номын сан, дэлгүүр, театр, кино, үзвэр тоглолт үзэх зэрэг үзэгчийн “бодит оролцоо” эрс буурч, интернэт орчинд хэн ч үй түмэн зүйлээс өөрийн дураар сонгож, өртөг багатай, бүр үнэгүйгээр урлагийн хэрэгцээгээ хангах боломжтой болжээ. “2016 онд дэлхийн хүн амын гуравны нэг нь “ухаалаг” утас барьж, 2 тэрбум хүн цахим дуу хөгжмийн ертөнцийн хэрэглэгч болно” [XI] гэх тооцоо бий. Манай улсад, тухайлбал УБ дахь 6-аас дээш насны нийт хүн амын 90 хувь нь гар утас, тал хувь нь интернэт хэрэглэж байна. Гар утас, интернэт, “Нүүрном” (Facebook), “Жиргээ” (Twitter) зэрэг дуу, дүрст бичлэг, цахим бүтээгдэхүүнийг татах, үзэх, хуваалцах (share) зэргээр харилцан идэвхитэй (интерактив) оролцдог нийгмийн харилцааны сүлжээ (social media) нь менежмент, маркетинг, үйлчилгээ, харилцааны шинэ суваг, шинэ хэлбэр төдийгүй зохиогчийн эрх, оюуны өмчийн хяналт, хулгай, цахим эдийн засаг, иргэний эрх, ёсзүй бүгдийг хөндөж байна. Хэт цахимжих явц овжин ухаан, онцгой авъяасаар олон улсад гарах боломжийг нээж байгаа ч урлагийн бодит үүрэг, үр нөлөө, хувь нэмрийг бууруулж, урлаг-үзэгчийн амьд харилцааг холдуулж байгаа тул зөвхөн зугаацах, цаг нөгцөөх төдий бус соён гэгээрүүлэх, сэнхрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөтэй “жинхэнэ” соёл, урлагийн бүтээлийг бодитоор нь хүртээх, хүртэх асуудал ч сөхөгдөнө.
Олон нийт урлагаас хөндий байх ахуйн үндсэн шалтгаан нь соёл урлагаар үйлчлүүлэх дадал заншил, сонирхол бага, мэдээлэл бага, цаг зав хомс байх явдал. Соёл урлагийн салбарынханд төрийн болон түмний дэмжлэг дутмаг, шинэ сэдэл санаачилга ядмаг, санхүүжилт хомс байна. Хүн бүрийн ахуй амьдралд соёл урлагийг ойртуулж, үр нөлөөг нь хүртээж чадвал соёл урлагийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нэн их. Соёл урлаг нь хувь хүн, нийгмийн бүлэг, бүхэл үндэстэн даяарын үнэт зүйлд тулгуурласан эрүүл нийгмийн үндсэн суурь болдог. Соёл урлаг гэмээ нь сэтгэлийг сэргээгч, урмыг уригч, онгодыг дуудагч, албан тодорхойлолтоор бол хүмүүний гоозүйн толь, бүтээлч хөдөлмөрч чанарын хөдөлгүүр, үзэл бодол, оюун санааны илэрхийлэл, үндэсний соёлын тусгал төрх, шинэ санал сэдлийн эх сурвалж, өнгөрсөн түүхийн ой дурсамж, эдийн засгийн өдөөгч түлхэц, ур чадвар, чадавхийн хөшүүрэг түлхүүр, харилцаа холбоо, харилцан ойлголцлын нийтлэг хэрэгсэл, хүмүүний сэрэхүй мэдрэмжийн түгээмэл өв баялаг болдог [XII] , басхүү оюуны соёлын бодит дүрслэл, ирээдүйн хөгжлийн зөгнөл, зөв замын эхлэл юм.
Хүн бүр чихэнд хадаатай, амандаа аялах дуртай дуутай, хичнээн үзсэн ч залхахгүй “кино”-той, ноортол нь эргүүлсэн ч уйдахгүй “ширээний ном”-той, харах бүрийд нүд баясах “уран зураг”-тай, өмсөх дуртай хувцастай, очиж тухлах “орчин”-той. Бүр юуг ч таашаадаггүй хүн гэж үгүй, урлаг бидний амьдралд өөрийн зайгаа олчихдог. Хүн бүрийн хийх үйлдэл, бодох бодол, хүсэл тэмүүлэл, өмсөх хувцас, идэх хоолонд ч харахуй, үнэрлэхүй, амтлахуй, сонсохуй, хүрэлцэхүйн таван мэдрэмжийн гоозүйн таашаал нөлөөлж байдаг. Урлаггүй амьдрал гэж үгүй. Урлаг нь мөнгөгүй л бол хүртэж болдоггүй үнэтэй эд зүйл биш. Хайр, итгэл, хүндлэл, баяр талархал, элгэн сэтгэл гээд хүний амьдралын нандин бүхнийг мөнгөөр авч болдоггүйтэй адил урлагийн увдис чадлыг мөнгөөр бус сэтгэлээрээ олж хүртдэг билээ. Гагцхүү сэтгэлийн торгон утсыг хөндөх уран бүтээлийг хүмүүн сэтгэлээсээ эрэлхийлж, өөрөө хүртэх, дадах, өөрөө бүтээх нь чухал.

Урлаг уудаг ус, иддэг талх биш ч оюун ухааны ус, агаар юм аа.


Нийтлэлч Г.Дэлгэрмаа


[I] Урлагийн нэвтэрхий толь

[II] http://humanrights.mn/beta/download/iltgel/Ediin%20zasag%20niigem%20soyoliin%20erhiin%20iltgel.pdf

[III] Монгол улсын Үндэсний статистикийн газрын албан ёсны вэб хуудас http://www.nso.mn/content/988#.U_If__mSwwA

[IV] Их Британийн үндэсний статистикийн газрын судалгаа. http://www.ons.gov.uk/ons/dcp171766_297746.pdf

[V] Үндэсний статистикийн газрын судалгаа. 2014 оны 5-р сар. Монгол улсын нийт 760000 өрхийн 25 хувь нь нийлмэл буюу эцэг эх, ах дүүтэйгээ хамтран амьдарч буй өрх, ам бүлээрээ 62 хувь, өрх толгойлсон нь 11 хувь, дунджаар нэг өрхөд 3-4 хүн ноогдох ажээ.

[VI] Европын Холбооны “Соёлын статистик” судалгааны эмхэтгэл. 2012 он http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KS-32-10-374/EN/KS-32-10-374-EN.PDF

[VII] БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны судалгаа http://eng.theapro.kr/DATA/BBS1/Research%20of%20Performing%20Arts%20in%20Asia.pdf

[VIII] АНУ-ын “Үндэсний урлагийн үзүүлэлт”-ийн судалгааны 2013 оны тайлан http://www.artsindexusa.org/wp-content/uploads/2013/09/2013-NAI-Full-Report.pdf

[IX] Олон улсын интэрнэт хэрэглэгчдийн статистик судалгаа. 2014 он http://www.internetworldstats.com/emarketing.htm; http://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_number_of_Internet_users

[X] Олон улсын хөдөлгөөнт холбооны судалгаа. 2014 он http://mobithinking.com/mobile-marketing-tools/latest-mobile-stats/a#subscribers; http://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_number_of_mobile_phones_in_use

[XI] Олон улсын дуун үйлдвэрлэлийн холбооны судалгааны тайлан. 2014 он http://www.ifpi.org/downloads/Digital-Music-Report-2014.pdf

[XII] АНУ-ын “Урлагийн төлөөхи үндэсний сан” байгууллагаас соёл урлагийн салбарын 2000-2011 оны байдлыг хамруулсан суурь судалгаа. 2013 он http://www.artsindexusa.org/wp-content/uploads/2013/09/2013-NAI-Full-Report.pdf