МОНГОЛ КИНО БА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ


Зоосны нэг тал: “Кино бол ТАВААР!

Өдгөөгөөс 120 жилийн тэртээ буюу 1895 онд ах дүү Люмьер Парисын үзэгчдэд “Ла Сиотод галт тэрэг ирсэн нь” хэмээх анхны кино үзвэрээ толилуулснаар Кино урлагийн албан ёсны анхны шанг татсан гэж үздэг. Өртөөнд галт тэрэг ирж, зорчигчид бууж сууж буйг дэлгэцнээ харуулсан 50 секунд үргэлжлэх кино дүрснээс айж ширвээтсэн үзэгчид танхимаас зугтан гарч байсан тэр өдрөөс 100 гаруйхан жил өнгөрөхөд 593 минут буюу 9.8 цаг үргэлжилсэн уран сайхны кино хүртэл бүтээгдэж (Evolution of Filipino Family, 2005), оргүй хоосноос улс гүрэн, сансар огторгуйг бүтээн байгуулж дэлгэцнээ сүндэрлүүлсэн ч үзэгчдийн гайхширлыг үл төрүүлэх болтол сэтгэлгээ, технологи ч хувьсан өөрчлөгджээ.

Анхны кино гарснаас хойш ердөө 15-20 жилийн дараа гэхэд 2 цаг үргэлжлэх, өндөр өртөгт туульсын кинонууд Италид хийгдэх болж тухайн үед шинэ тутам хөгжиж байсан олон улсын кино зах зээлийг давамгайлах болсон аж. 1914 онд Италид хийгдсэн Кабириа (Cabiria, 1914) кино АНУ-ын ерөнхийлөгчийн урилгаар Цагаан ордонд хүртэл нээлтээ хийж байв.

Кино урлагийн эл нүсэр чанар тэртээгээс өдгөөх хүртэл хугацаанд өнгөрснийг өгүүлэх түүхэн, туульсын кинонуудаас эхэлж, дунд үедээ ирээдүйг зөгнөх шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудаар үргэлжилж өдгөө цагт шилжин ирэхдээ бидэнд хэдийн танил болсон комик цуврал, өндөр ашигтай цуврал зохиолуудаас сэдэвлэн хийгдсэн блокбастеруудын төрхөд хувилжээ. Ийм төрлийн кинонд хүн хүч, техник технологи, энэ бүхнийг хангах санхүүгийн эх үүсвэр чухал. Тиймээс энэ бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаж чадах аварга студи-кино үйлдвэрлэлийн нүсэр тогтолцоог эл урлагаар дамжуулж ашиг олох зорилготой бизнесийн нэгдлүүд байгуулсан байдаг. Энэхүү тогтолцооны өлгий бол Холливуд. Холливудын бүх цаг үед ч, өдгөө ч 20the Centyry Fox, Warner Bros, Paramount, Columbia, Universal гэх аварга таван студи л ноёрхсоор ирсэн, үүн дээр нэмэгдээд Walt Disney-г нэрлэж болно. Арилжааны зорилго бүхий аварга том студиуд дээр суурилсан Холливуд агуулгын хувьд олон нийтийн сонирхлыг аль болох ихээр татах сэдэв, зохиол, кино хийх арга барилын хувьд зохиол бичихээс эхлээд зураг авах, зураг авсны дараах эвлүүлэг, өнгө засал, дууны найруулга зэрэг үе шат болгон дээр мэргэшсэн гүйцэтгэгчид ажилладаг үйлдвэрлэлийн шат дамжлагат тогтолцоог санал болгодог. Энэ бол Холливуд стандарт. Эл утгаар кино бол бизнес, зах зээл, кино хийх анхдагч зорилго нь ашиг олох, тиймээс ч арилжааны, олон нийтийн кино гэх хүрээг үүсгэдэг. Кино ямар ч цаг үед хүмүүсийн цагаа зугаатай өнгөрөөх, цаг нөхцөөх гол хэрэгсэл байсаар ирсэн тул өргөн утгаар киног арилжааны утга агуулгаас ангид ойлгоход бэрх юм. Өнөөгийн дэлхийн кино зах зээл дээр Холливудын кино хамгийн эрэлттэй байгаагаас энэ зүй тогтлыг түвэггүй харж болно.


Зургийн тайлбар: 2014 онд АНУ-д хамгийн их үзэгчтэй байсан блокбастер

Зоосны нөгөө тал: “Кино бол УРЛАГ!

Нэг талд кино бол зугаа, түүн дээр суурилсан бизнес гэсэн чиг шугамыг даган хөгжиж байхад нөгөө талд кино бол цэвэр урлагийн илэрхийлэмж гэсэн ойлголтоор урагшилж байлаа. Кино дөнгөж үүсэж байсан тэртээ 1916 оноос зөвхөн кино урлагт л байдаг дүрсийг хөдөлгөн тодорхой хэм үүсгэх боломж дээр тулгуурласан футурист кино урлаг үүсч, улмаар дадаизм, сюрреалист зэрэг урсгалаар цааш замнасаар өдгөө бол авангард, андерграунд кино гэгдэх болжээ. Энэ бол киноны анхдагч өгөгдөхүүн болох дүрсний гоо сайханд суурилсан, киног зохиол хэмээх зориудын хүүрнэлээс салгасан, түүнчлэн гол төлөв ганц л хүний илэрхийлэмж байдгаараа онцлог. Луй Бунуэл, Мая Дерен, Стэн Брэкиж зэрэг энэ чиглэлд сонгодогт тооцогдох олон уран бүтээлч бий.

Киног арилжааны бараа бус цэвэр урлаг хэмээх мөн чанарт хамаатуулан ойлгодог уран бүтээлчид цагийн цагт байж, энэ чиг хандлага 1960-1970 онд оргил цэгтээ хүрчээ. Тэр үеэс л Европт арт кино урлаг гэх нэр томьёо бий болсон. Луй Бунуэль, Ингмар Бергман, Федерико Феллини, Микеланжело Антониони, Роберт Брессон зэрэг арт киноны агуу найруулагчид нэгэн цаг үед зэрэгцэн уран бүтээлээ туурвиж байв. Чухамхүү тэд л кино бол зугаа, цаг нөхцөөх хэрэгсэл гэх нийтээр тогтсон ойлголтыг халж кино бол бүтээгчийнхээ гүн ухаан, гоо зүй, ертөнцийг үзэх үзлийн илэрхийлэл бүхий урлаг юм гэдгийг тод томруунаар тунхагласан аж. Энэ хүрээнд киноны жинхэнэ зохиогч, бүтээгч нь найруулагч гэж үзэх болжээ. Найруулагч өөрөө кино зохиолоо бичиж, найруулж, зураг авч, эвлүүлж, продюсерлэх зэрэг ихэнх үүргийг өөрөө гүйцэтгэх нь элбэг. Чухам эндээс л дэлхийн кино урлаг арилжааны, арт гэх хоёр өөр голдрилоор салсан байна. Арилжааны кино уламжлалыг Америк буюу Холливудад, арт киноны уламжлалыг Европ тэр дундаа Франц, Итали, Германд түлхүү хамааруулан үздэг ч өдгөө бол дэлхийн аль ч улс оронд энэ хоёр чиглэлээр кино хийгдэх болж, ялангуяа Азийн улс орнууд артхаус киноны төрөлд толгой цохих болов. Холливудад ч студийн тогтолцооноос ангид ажиллаж, ашиг олох зорилгыг урьтал болгодоггүй кино уран бүтээлчдийг independent (бие даасан, тусгаар) киночид гэж салган нэрлэх болсон. Кино бол үзэл бодол, гүн ухаан, гоо зүй, соёл, амьдралын хэв маяг гээд олон зүйлийг үзэгчдэд хүргэж чадах агуулгын өргөн далайцтай хэрэгсэл учир урлаглаг шинж чанар нь хэзээ ч бүдгэрэхгүй болов уу.


Зургийн тайлбар: Орчин цагийн хамгийн алдартай азийн артхаус киноны нэг "Хавар, зун, намар, өвөл...ахиад хавар" кино

Дэлхийн кино урлагийн өнөөгийн байдлыг ажихад арт болон арилжааны хоёр чиглэл тун амжилттай нийлэгжин нягтарч, аль алиндаа хүчтэй нөлөөлж байна. Тиймээс киног зөвхөн арилжааны эсвэл арт утгаар явцууруулан ойлгох нь учир дутагдалтай. Дэлхийн кино урлаг 120 жилийг туулан өдгөө хүрэхдээ арилжааны том зах зээл, олон нийтэд хамгийн нөлөө бүхий урлаг гэх голлох шинж чанаруудаа хадгалсаар байна.

Одоо цаг: Олон улсын кино зах зээл

Америкийн уран сайхны кино нийгэмлэгээс (Motion Picture Association of America) гаргасан судалгаагаар 2014 онд дэлхийн кино зах зээлд борлогдсон тасалбарын нийт орлого 36.4 тэрбум доллар болжээ. Эндээс АНУ болон Канадын зах зээл 10.9 тэрбум доллар буюу нийт орлогын 28 хувийг дангаар олжээ. Америк, Канадад хүн амын 68 хувь буюу 229.7 сая хүн жилд ядаж нэг удаа кино театрт очсон гэсэн тооцоо гарсан байна. Тус судалгаа спорт, хөгжөөнт парк зэрэг цагаа зугаатай өнгөрөөх бусад хэрэгслүүдээс кино даруй 9-3 дахин их эрэлттэй байгааг харуулжээ.

Өнгөрсөн жил кино театраас олсон нийт орлогоор АНУ болон Канадын дараа 4.8 тэрбум долларын ашгаар Хятад улс удаалав. Ингэнээр урд хөрш маань АНУ-ыг үл тооцвол кино театрын орлого нь 4 тэрбум доллараас давсан анхны зах зээл болж байгаа аж. Хятад улсын кино театрын нийт орлого 2014 онд 34 хувиар ийнхүү огцом нэмэгдсэнээс гадна азийн бүс нутагт кино театрын нийт орлого өнгөрөгч 2013 оноос 12 хувиар нэмэгдсэнээс үзвэл дорно дахинд зах зээлийн өргөн боломж буй нь илт.

Кино урлагийн үүслээс эхлээд кино театр бол кино түгээлтийн гол хэрэгсэл байсаар ирсэн. Өдгөө киног өргөн дэлгэцээр буюу кино театрт үзэх нь соёл, хэв маяг болтлоо боловсронгуй болж киног түгээх, үзэгчдэд хүргэх бусад хэрэгсэл болох телевиз, гэрийн видео зэрэгт тийм амар зайгаа тавьж өгөхгүй нь тодорхой байна. Харин интернетийн боломжид түшиглэж онлайнаар төлбөртэй кино үзэх боломж өргөнөөр нэвтэрч буй нь цаашид улам хүчээ авч, кино түгээлтийн голлох шинэ хэлбэр болж магад. Дэлхийн хамгийн том онлайн кино санг үүсгэгч Netflix-ийн жилийн орлого 2010 онд 2.1 тэрбум доллар байсан бол 4 жилийн дараа буюу 2014 онд 5.5 тэрбум болтлоо даруй 2.6 дахин өссөн үзүүлэлтийг баримт болгон дурдаж болно. Товчхондоо дэлхийн кино зах зээл улам өргөжиж, улс орны хил хязгаарт хашигдахгүй болж байна.

Арилжааны зах зээлээс гадна тухайн улс орон бүрийн үндэсний чансаатай бүтээлүүдийг олон улсад таниулах, кино урлагийн сүүлийн үеийн ололт, чиг хандлагыг мэдрүүлэх, кино боловсрол олгох зэргээр киног урлаг гэх утгаар нь сурталчлан таниулах гол хөшүүрэг нь олон улсын кино наадмууд юм. Дэлхийн дахинд өдгөө 3000 орчим кино наадам зохиогддог гэсэн тооцоо байдгаас, хамгийн нэр хүндтэй олон улсын кино наадмаар Францын “Канн” болон Берлины кино наадам давын өмнө нэрлэгддэг аж. Америкийн кино академиас зохион байгуулдаг Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг наадамд оруулан тооцдоггүй боловч шагналын нэр хүндээр тэргүүнд явдаг. Жил ирэх тусам олон улсын кино наадмуудыг сонирхох үзэгчдийн тоо өсөж, дэлхийн зах зээл дээр бүтээгдэж буй киноны тоо тасралтгүй ихсэж сонголт өргөжихийн хэрээр нэртэй кино наадмуудын шагнал олон улсын кинонуудыг сонгож үзэхэд чухал шалгуур болжээ.

Арилжааны кино зах зээл өөрийгөө санхүүжүүлэх маягаар ажилладаг бол улс орнууд үндэсний кино урлагаа дэмжих, хөгжүүлэх зорилгоор санхүүгийн тодорхой хувийн дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэрэг төрийн тусгай бодлого явуулах хандлага түгээмэл аж. Тухайлбал Герман улсын үндэсний кино зөвлөлөөс (German Federal Film Board) энэ зорилгоор жил бүр 76 сая орчим евро төсөвлөдөг байна. Мөн Өмнөд Солонгос зэрэг улс дотоодын кино үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор кино театрт гарч буй гадаад киноны цагийг хувьчлан тогтоох, кино мэргэжилтнүүдийг төрийн тэтгэлгээр гадаадад сургах зэргээр кино урлагаа дэмжих удаан хугацааны цогц бодлого хэрэгжүүлсэн жишээ бий.

Монгол кино: Эхлэлээс өнөөг хүртэл...

Ах дүү Люмьер галт тэргээ уухичуулан давхисаар кино хэмээх“өртөөн”-д анх ирснээс хойш 41 жилийн дараа буюу 1936 онд манай улсад Оросуудын дэмжлэгтэйгээр “Монгол хүү” киног бүтээсэн нь анхны монгол кино болон түүхэнд тэмдэглэгджээ. Кино хэмээх шинэхэн урлагийг тухайн үед капиталист оронд бизнесийн хэрэгсэл гэж харж байсан бол социалист оронд үзэл суртлаа түгээн дэлгэрүүлэх зэвсэг хэмээн ач холбогдлыг нь онцгойлон үнэлж байсан юм. Тэр л жишгээр манай улсад кино үйлдвэр байгуулагдаж, хоёр улсын гэрээгээр кино мэргэжилтнүүдийг хөрш ЗХУ-д сургаж бэлтгэх зэргээр кино үйлдвэрлэл, урлаг бүхэлдээ төрийн мэдэлд байлаа. Кино үйлдвэр байгуулагдсаас хойш эхний 20 жилд “Сүхбаатар”, “Ардын элч” зэрэг эх орон, хувьсгалын сэдэвтэй кинонууд зонхилж жилд 2-3 кино хийгддэг байсан бол 1960-иад оноос хойш кино үйлдвэрлэл улам эрчимжиж жилд 5-8 кино гарах болжээ. Энэ үед социализмын бүтээн байгуулалт, ажилчин анги, нэгдэлжих хөдөлгөөнийг сууриа болгосон “Хүргэн хүү”, “Тунгалаг тамир” зэрэг кинонууд хийгдэж байлаа. Энэ хугацаанд Д.Жигжид, Р.Доржпалам зэрэг монгол киноны урт хугацааны түүхийг бичилцсэн авьяаслаг найруулагчид төрөн гарсан. 1980-иад оноос харин монголын кино урлагт цоо шинэ уур амьсгал орж ирсэн нь ажигллагддаг. Тэр үеэс Б.Балжинням, И.Нямгаваа, Г.Жигжидсүрэн, Ж.Сэлэнгэсүрэн зэрэг найруулагчид кино үйлдвэрт ажиллах болж “Гарын таван хуруу”, “Би чамд хайртай”, “Тань руу нүүж явна”, “Илүү сартай зун” зэрэг сэтгэлийн уянга, драмт кинонуудаа бүтээжээ. 1980 оны сүүлч 1990 оны эхээр “Мандхай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг түүхэн томоохон кинонууд төрөн гарахийн зэрэгцээ “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс” зэрэг хурц шийдэл бүхий арт хаус өнгө аястай кинонууд хийгдэж байв. Харин 1990 оны дундуураас кино үйлдвэр хувьд өмчлөгдөж үйл ажиллагаа нь үндсэндээ зогссон гэж болно. Энэ үеэс эхлээд дотоодын кино урлаг дахь төрийн үүрэг, оролцоо онхи таслагдаж зэрлэг капитализмын хуулиар урагшилсныг цөм мэдэх биз ээ. Шилжилтийн үеийн их эргүүлэгт нийтээрээ үймэн бужигнаж байсан ороо бусгаа тэр үед ч кино үйлдвэрлэл амь бөхөөгүй бөгөөд кино үзэх үзэгчдийн хэрэгцээ ч буураагүй. 1990 оны сүүл 2000 оны эх гэхэд хүн чанар ялзран доройтож буйг үзүүлсэн “Хүн харх”, эсвээс ядуугийн гачлан зовлонг сууриа болгосон “уйлуулдаг” гэгдэх “Амьдрах итгэл” зэрэг хямд өртөгтэй, уран сайхны хийцээр тааруу видео кинонууд олноор төрөн гарч байв. Шил даран үүдээ барьж, алдаг оног үйл ажиллагаа явуулах болсон кино театрын орыг байрны орц болгонд байх видео үзвэр, прокатны газрууд орлож байсан гэхэд болно.

Одоо цаг: Дотоодын кино зах зээл

Тэрхүү “үймээнт” цаг үеийг бодоход монголын кино урлагийн өнөөгийн байдал харьцангуй тогтворжиж, хөгжлийн өөр шатанд гарсныг хэн хүнгүй мэдэрч буй биз ээ.

2003 онд орчин үеийн шаардлагад нийцсэн “Тэнгис” кино театр нээгдэж, 2009 онд хуучны “Өргөө” кино театр мөн шинэчлэгдэн байгуулагджээ. Төдөлгүй “Өргөө 2”, “Соёмбо” зэрэг кино театрууд үүдээ нээж, сүүлийн үед харин орон сууцны томоохон хороолол, их дэлгүүрүүдийг дагасан “Хүннү”, “Гэгээнтэн” зэрэг кино театрууд шил даран нээгдэж байна. Өргөө шинэ салбараа “IМAX” кинотеатр нээн өргөжүүлнэ гэж зарлаад байгаа. Юутай ч кино театрууд шинэ тутам байгуулагдана гэдэг дотоодын зах зээлд үйлдвэрлэгдэн гарч буй киног түгээх сүлжээ, тогтолцоо нь бүрэлдэж байгаа хэрэг.

Өдгөө манай зах зээлд хэдэн кино студи үйл ажиллагаа явуулж буй талаар нарийн судалгаа байхгүй ч киночдын өөрсдийн хийсэн тойм судалгаагаар 500 орчим видео студи бий аж. Дан кино бус реклам, клип хийдэг бүх студийг оруулаад тэр шүү дээ.

2013 онд жилд 22 монгол кино нээлтээ хийж, кинотеатруудаас нийт 2.6 тэрбум төгрөгний орлого олжээ. Тухайн онд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино хамгийн их буюу 731 сая төгрөгний ашиг олсон аж. Ойролцоогоор уг киног 100 мянга орчим хүн үзсэн гэдэг нь, хүн амын 3 хувь гэсэн үг.

Харин 2014 онд дотоодын 39 кино нээлтээ хийж нийт 4 орчим тэрбум төгрөгний орлого олжээ. Тухайн онд “Үргээлэг” кино хамгийн их буюу 433, 5 сая төгрөгийн ашигтай байсан аж. Энэ тохиолдолд үзэгчдийн тоо 60 орчим мянгад хүрсэн нь хүн амын 2 хувь байна.

АНУ-ын зах зээлд кинотеатраас 2014 онд хамгийн их ашиг олсон “Guardians of Galaxy” киног хүн амынх нь 10 хувьтай тэнцэх үзэгчид үзсэн гэх тооцоо гарчээ. Дэлхийд тухайн зах зээл дээр борлогдож буй хамгийн ашиг орлоготой киног дунджаар хүн амынх нь 5-10 хувь үзсэн байдаг аж. Дэлхийн дундажтай харьцуулахад манай үзэгчдийн тоо харьцангуй доогуур байгаа ч хүн ам бөөгнөрсөн Улаанбаатар хотын хүн амаар жишээлэн бодоход тийм ч дор үзүүлэлт биш. Ерөнхийдөө дотоодын кино зах зээлд эргэлдэх мөнгөний далайц цаашид улам өсөх, үзэгчдийн тоо ч нэмэгдэх төлөвтэй байна. Манайд тухайн киноны кино театраас орсон орлогыг кино бүтээгчид, кино театр 52:48 хувиар хуваан авдгийг мөн дурдах нь зүйтэй байх.

Дотоодын кино арилжааны зах зээл гадны зохицуулалт шаардлагагүй өөрийн зөнгөөр ийн урагшилж байгаа энэ цаг үед арилжааны зорилгогүй урлагийн бүтээл хуруу дарам цөөн төрж байна. Ер нь дэлхийн дунджаар тухайн кино зах зээлийн нийт үзэгчдийн 10 орчим хувь арт хаус, инди кино сонирхдог гэсэн тооцоо байдаг. Манайд энэ үзүүлэлт харьцангуй дор болов уу гэж таамаглаж байна. Нийт үзэгчтэй харьцуулахад хэдий бага ч ихэнх улс оронд энэхүү цөөн тооны үзэгчдийн хэрэгцээг хангах цомхон кино театр, үзвэрийн цэгүүд үйл ажиллагаа явуулдаг ба зарим оронд төрийн дэмжлэгтэйгээр байгуулагдах нь ч бий.

Манайд бол үзэгчдийн энэ хэрэгцээг “Алтан хальс” ТББ-ийн “Dreamer’s Day” гэх долоо хоног тутмын тогтмол үзвэр л дангаар шахуу хангаж байна. Долоо хоног болгон дэлхийн сонгодог болон артхаус киног хадмал монгол орчуулгатайгаар гаргадаг тус кино үзвэр 7 жил зохион байгуулагдаж буй бөгөөд эхний таван жил үнэгүй байсан бол сүүлийн хоёр жилд 2000 төгрөгийн тасалбартай болжээ. Харьцангуй тогтворжиж, үзэгчдийн хүрээллээ олсон энэ төрлийн цорын ганц үзвэрт долоо хоногт дунджаар 60-150 орчим хүн ирдэг гэсэн тооцоо байна.

Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны жишгээр дотоодын кино урлаг дахь оны шилдгүүдийг тодруулдаг Mongolian Academy Awards ёслолын ажиллагаа жил болгон явагдаж 15 орчим төрлөөр шилдгээ тодруулж байна.

Харин олон улсын кино наадмын хувьд өдгөө 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар олон улсын кино” наадам л энэ чиглэлийн хамгийн далайцтай үйл ажиллагаа болоод байна. Монгол Улсын Засгийн Газар тэр дундаа БСШУЯ санаачлан, Монголын Урлагийн Зөвлөл, Францын Элчин сайдын яам, Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус чиглэлийн кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхээр сүүлийн гурван жил ажиллаж байгаа нь их сайшаалтай юм. Тус наадам “Монгол”, “Олон улсын”, “Онцлох орон” зэрэг категориудаар дотоодын болон олон улсын 20 орчим киног монгол хадмал орчуулгатайгаар 5 өдөр дараалан үзэгчдэд хүргэж, олон улсын зарим уран бүтээлчдийг урин авчирч хэлэлцүүлэг явуулдаг нь дотоодын кино бүтээгч хийгээд үзэгчдийн талархлыг ихэд хүлээдэг болжээ.


Зургийн тайлбар: Улаанбаатар олон улсын кино наадам 2015

Мөн Авангард, Эксперименталь бэсрэг киноны “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам 3 жил дараалан зохион байгуулагдсан нь Азид энэ төрлийн кино наадмын анхдагч нь болсон аж.

Ерөнхийдөө Монголын кино урлаг 1990 оноос хойш цэвэр хувийн салбар, хувь уран бүтээлч хүчин чармайлтын үр дүнд “бор зүрхээрээ” урагшилсаар өдий дайтай болжээ.

Гарц: Дотоодын кино үйлдвэрлэлээс Дэлхийд

Бизнес, соёлын үйлдвэрлэл, урлаг гээд киноны өргөн далайцтай, олон талын боломжийг дэлхийн улс орнууд соргогоор мэдэрч, янз бүрээр ашиглаж байгаа нь үнэн. Харин манай улсын хувьд энэ боломжийг хэрхэн ашиглаж байна вэ, хэрхэн ашиглах вэ гэдэг нь энэ цаг үед тулгамдаж буй асуудал.

Гарц 1: Олон улсын уран бүтээлчидтэй МОНГОЛДОО ХАМТРАХ

Мэдээж кино бүтээгч, үзэгч гээд хэн хүнгүй л монгол кино гадаадын зах зээлд цахиур хагалж, ашиг орлого хүүдийлж, нэр хүндтэй наадмуудын шагналыг хамж монголын кино урлаг дэлхийд цоллуулах өдрийг мөрөөддөг байх. Гэвч кино түүхийн 120 жилийн хугацаанд тасралтгүй нэг л жимээрээ урагшилсаар нүсэр бүтэц, тогтолцоо, соёлыг бий болгосон хөгжингүй улс гүрнүүдтэй бид өрсөлдөж чадах уу гэдэг нь асуудал. Юутай ч өнөөгийн нөхцөл байдлаар, ойрын ирээдүйд ч тэр бид өндөр өртөгтэй блокбастер үйлдвэрлэж Холливудтай өрсөлдөж чадахгүй нь үнэн. Тиймээс Холливуд зүг рүү хараалах бидний шийдэл биш. Дэлхийн зах зээлд өрсөлдөх кино гаргатал ч хол байна.

Харин бид эхний ээлжинд олон улсын кино багуудтай нутаг дээрээ хамтран ажиллах боломжийг бүрдүүлж, тэндээс татвараа авч ашиг олдог, мөн дотоодын уран бүтээлчдийг олон улсын багт оруулж ажилуулах замаар сургах шийдэл байж болох юм. Бидний бахархам үүх түүх, Монголын их эзэнт гүрний тухай өндөр өртөгтэй, дэлхийд түгсэн уран сайхны болоод цуврал кинонууд ойрын жилд чамгүй төрж байхад яагаад эх өлгий болох Монгол Улсад зургаа авахгүй, монгол жүжигчдийг тоглуулахгүй байна вэ гэж хэн хүнгүй халагладаг. “Марко Поло” цувралыг хийгч Netflix-ээс Монголд зураг авах боломжийг судалсан ч техникийн нөхцөл хангалтгүй гэх үндэслэлээр Казакстан улсад зургаа авч, тэдний зах зээлд 26 сая доллар төлсөн гэх баримт бий. Иймээс бид нутаг дээрээ зураг авах, хамтран ажиллах орчныг бүрдүүлж чадвал дэлхийн кино урлагт урсаж буй мөнгөний урсгалаас эх орон луугаа татах боломж байна. Үүнд шаардлагатай эрх зүйн орчин, томоохон кино үйлдвэр зэрэг дэд бүтцийг хувь хүн эсвэл аль нэг мөнгөтэй компани дангаараа шийдэх боломжгүй. Тиймээс төр оролцох зайлшгүй шаардлага байна. Орчин үеийн шаардлагад нийцсэн кино үйлдвэр босгож чадвал гадны уран бүтээлчидтэй хамтрахаас гадна дотоодын киноны чанар ч эрс нэмэгдэнэ. Олон талд тарсан жижиг студиуд өөрсдийн бололцоонд тааруулан кино үйлдвэрлэдэг байдал зүгширч, тодорхой стандарт бүхий үйлдвэрлэл явагдах боломжтой болно гэсэн үг.

Энэ чиглэлд сонсогдож буй ганц гэгээтэй мэдээ гэвэл Киноны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах ажлыг ид хийж буй явдал. Энэ хууль хэрхэн гарч, хэрэгжихээс нэлээд зүйл шалтгаалах болов уу. Арилжааны зах зээлийн хувьд дэлхий гэхээс илүү хөрш хоёр орны хүн ам ихтэй зах зээлд нэвтрэх нь илүү ойр байж магад. Хятад хэмээх Америк, Канадын дараа нэрлэгдэх том кино зах зээл бидний хажууханд бий.

Гарц 2: Мэргэжилтэн бэлтгэх

Мөн төрөөс кино урлагт мэргэжилтэн бэлтгэхэд эргээд анхаарч энэ чиглэлд хоёр орны гэрээгээр сургах бодлого явуулж болно. Мөн тодорхой шалгуур зааж, чансаатай кино төслүүдийн тодорхой хувийг санхүүжүүлэх мөнгөн сан үүсгэх зэргээр өөрийгөө эргэн санхүүжүүлэх боломжгүй кино урлагийн бүтээлүүдийг дэмжмээр байна. Энэ эргээд монголын кино урлаг дэлхийд гарах аятай хөрс суурь болох магадлалтай.

Гарц 3: Монгол онцлогоо нээн үзүүлэх

Манай кино урлагаас дэлхийд танигдсан кино бүтээл огт байхгүй юу гэвэл бас үгүй. Д. Төрмөх, П.Бросенс нарын найруулсан 1998 оны “Нохойн орон” баримтат кино Венец болон Торонтогийн кино наадамд өрсөлдөж, Швейцарийн Visions du Réel хэмээх нэр хүндтэй баримтат кино наадмын дээд шагналыг хүртэж байсан. Д.Бямбасүрэнгийн 2003 онд хийсэн “Ингэн нулимс” баримтат кино Оскарын шагналд хүртэл нэр дэвшиж байв. 21 мянган долларын бага өртгөөр бүтсэн сайх кино олон улсын зах зээлээс 1.7 сая долларын ашиг олжээ. 2013 онд С.Бямбаагийн “Алсын удирдлага” кино Бусаны кино наадмын гол өрсөлдөөнт хэсэг “Шинэ давалгаа” төрөлд дээд шагналыг нь авсан.


Зургийн тайлбар:Оскарын шагналд анх удаа нэр дэвшсэн монгол кино "Ингэн нулимс"

Олон улсад амжилттай гарч, нэр хүндтэй кино наадмуудад сонгогдож, шагнал хүртсэн эдгээр бүтээлд нэг нийтлэг шинж ажиглагдана. Цөм арилжааны зорилго агуулаагүй, урлагийн бүтээл. Тиймдээ ч гадны кино урлагийг дэмжих сангуудаас тодорхой мөнгөн тусламж авч бүтсэн аж. Мөн цөм гадны уран бүтээлч, проюсерүүдтэй ямар нэгэн байдлаар хамтарчээ. Харин агуулгын хувьд цөм монгол үндэснийхээ ахуй, онцлог, нөхцөл байдлыг л уг чигээр нь дэлгэсэн байх юм. Тиймээс дунд нь байгаа болохоор бидний төдийлөн анзаарч тоодоггүй монгол ахуй, уламжлал, гагцхүү манай оронд л оршиж буй нийгмийн онцлог нөхцөл байдал маань гадны зах зээлд сонирхогдох магадлал өндөртэй аж. Мөн арилжааны зорилготой бус л бол ямар ч кинонд техникийн онцгой шаардлага тавьдаггүйг дурьдах нь зүй. Арт киног их мөнгө, техникийн шаардлагаар зодож хийдэггүй нь тодорхой. Тиймээс ч монгол бүтээлүүд арилжааны зах зээл дээр төдийлөн нэвтэрч чаддаггүй юм гэхэд кино урлагийн хувиар дэлхийд нэрээ цоллуулах магадлал илүү ойр байна. Кино бол хил хязгааргүй урлаг, тиймээс олон улсад гарсан дотоодын чансаатай бүтээлүүд монгол орон, ахуй, соёлыг сурталчлах, таниулахад чухал үүрэгтэй хэрэгсэл болж болно. “Ингэн нулимс” киног үзсэн олон үзэгч монгол орныг сонирхож, хөгшин Европын гарын бэлтэй жуулчид манай улсыг зорих шалтгаан болсон бэлээхэн жишээ байна. Монгол уран бүтээлчид ёстой өөрсдийн хүчин чармайлтаар гаднаас санхүүгийн болон бусад дэмжлэг авч, гадныхантай хамтарч байж дэлхийд гарсан цөөн уран бүтээл хийжээ. Гадныхны өгдөг энэ мэт дэмжлэгийг л төрөөс тодорхой шалгуураар уран бүтээлчиддээ олгодог баймаар. Тэгвэл тодорхой нөөц боломж бидэнд байна.

Кино гэдэг тухайн нийгэм, цаг үеэ дагадаг нь жам. Нийгмийн ороо бусгаа цаг үеийг давж, нэг хэсэг ёстой хог дээр үсэрсэн байсан монголын кино урлаг одоо эргээд өндийн босох шийдвэрлэх үе дээрээ явж байна. Төрийн тодорхой дэмжлэг, бодлогоор цааш эрчтэй хөгжиж чадвал олон улсын кино зах зээлд эргэлдэх мөнгөн урсгалаас эх орондоо оруулах, өөрсдийн онцлог ахуй, соёл, нийгмийн байдал, мөн чанарыг нээн үзүүлсэн эх чанарт бүтээлүүдээрээ дэлхийн кино урлагт данслагдах цаг холгүй байна хэмээн итгэнэ.


Нийтлэлч: Ж.Тэгшзаяа