​“ЖОР”


“Парисын эмгэнэлд зориулан Like A Prayer дууг Маддона дуулжээ”, ” “Honey moon” хамтлагийн “Тэр залуу” дууны шинэ клип гарлаа”... Эдийн засаг хямарсан, Монголд парламентийн сонгуулийн “шоу” эхэлчихсэн, олон улсад өрнөж буй үймээн самуун... Эдгээр бол бидний өдөр тутамдаа “гүйлгэж” хардаг мэдээллийн орон зайн дүр төрх бөгөөд соёл урлагийн сэтгүүл зүйн өнгөн тал.

Өөрөөр хэлбэл хүмүүсийн оюуны хэрэгцээг зөвхөн мэдээгээр хангах гэсэн гэнэн хандлага. Үүнийг өдөр тутмын сонины нэг дугаарын агуулгын 25-50 хувийг мэдээ, мэдээлэл эзэлдэг гэсэн тооцооноос харж болно. Эдгээр мэдээлэл дунд соёл урлагийн сэтгүүл зүйн орон зай хаана байна вэ?

Эрэлт ба Нийлүүлэлт ?

Хүмүүс хичнээн өнөө маргаашийн талх, түлээ нүүрс, унааны мөнгө гэхчилэн амьдралын аар саарханд түүртсэн ч, арга ядахад алиа хошин шог, зугаа цэнгэл, мэдээлэл авах хэрэгцээгээ умартдаггүй. Нийт телевиз үзэгчдийн 70-80% хувьд хүрсэн “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг бол дийлэнх үзэгчид энтертайнмент, зугаа цэнгэл, хөгжөөнт төрлийн агуулгыг сонирхож буй тод жишээ хийгээд түүнд хандсан мэргэжлийн нийлүүлэлт. Мөн эрэлт хэсэгт 1500 захиалагчтай “Гэрэг” сэтгүүлийг уншсанаас 21 аймагт борлогддог, 14500 захиалагчтай “TV Zone”-ыг унших хэрэгцээ байдаг нь нууц биш. Монголын болон дэлхийн соёл урлагт юу өрнөж, хэн юуг, хэрхэн яаж бүтээж байгааг бичиг үсэг тайлагдсан хэн ч “google ахаас” асуугаад мэдчихнэ. Энэ бол эрэлтийн өнгөн тал.

Харин соёл урлагийн салбарын зөвхөн зугаацуулан цэнгүүлэхээс илүү өөр ямар өргөн хийгээд нийтлэг зорилт байдгийг сануулсан, дагуулсан нийтлэл хэр их бид хардаг билээ? Үндэсний болон хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудалд соёл урлагийн салбарын эзлэх тухайд жин нэмэх гүн утга агуулгатай, өргөн цар хүрээтэй, бидний итгэл үнэмшил, үнэт зүйлсэд нэмүү өртөг хийх, оюуны даацтай талхны хэрэгцээ бага хэдий ч байсаар байна. Харин нийлүүлэлт л алга. Энэ бол соёл урлаг, сэтгүүл зүй хоёрын дунд үүссэн хариуцах эзэнгүй орон зай.

Нийлүүлэлт талаасаа өнөөдөр манайд сэтгүүлч бэлтгэдэг 20 гаруй их дээд сургуулиуд жилдээ 400-500 сэтгүүлчийг “үйлдвэрлэж” гаргадаг. Гэвч “тоотой хэдэн” хэвлэлийн газрууд нийтлэлийн агуулгадаа мэдлэг, мэдрэмж шаарддаг болохоор олонхи нь зах зээлд илүүддэг нь нууц биш. Урлагийн сэтгүүл зүй бусадтай адил нийтлэлийн агуулгадаа биш, хурдан шуурхай гэсэн ангилалаар явж байгаа нөгөө бага ч гэсэн даацтай хэсгийн нийлүүлэлтийг хангаж чадахгүй байх нэг шалтгаан юм.

Үүний тод жишээ нь нэр хүндтэй Ц.Балдорж сангийн шилдэг аравт шалгарсан бүтээлүүд ихэвчлэн нийгэм, улс төр, эдийн засгийн сэдэвтэй байдаг нь бодит дүр төрх. Манай улсад 1960-аад оноос МУИС сэтгүүл зүйн сургалт явуулж эхэлсэн ч одоо хэрнэ урлагийг сэтгүүл зүйн талаар тогтсон онол, судлах, сурвалжлах ба бичих тогтсон “жор” байдаггүй. Би эхлээд гайхсанаа, дараа нь ойлгосоноо тантай хуваалцахаар шийдлээ. 1970-аад оноос барууны их сургуулиудад урлагийн сэтгүүл зүй буюу Arts journalism-ын талаар зааж эхэлсэн байдаг. Хэдийгээр урлагийн сэтгүүл зүй гэх ойлголт үүсээд 40 гаруй жил болж байгаа ч, тогтсон жоргүй хийгээд яг жинхэнэ урлагийн тухай бичихэд бичигчийн боловсрол, олон талт мэдлэг, мэдрэмж их нөлөөтэй гэж Азийн Урлагийн Мэдээ сэтгүүлийн эрхлэгч Ян Фрийдлей Браун онцлов. Мөн тэрээр Монголын сэтгүүлчдэд зориулан хийсэн нэгэн сургалтдаа урлагийн сэтгүүл зүй гэдэг нь “Уран бүтээлчийн үзэл санаа, бүтээлийг хүн төрөлхтөний хөгжлийн түүх, түүний олон талт харилцан шүтэлцээнд тулгуурлан өргөн цар хүрээнд шинэлэгээр харсан хувь хүний өөрийн үзэл бодол” хэмээснийг эргэн санамаар байна. Өөрөөр хэлбэл урлагийн сэтгүүл зүйг төлөвшсөн, боловсорсон, мэдрэмжтэй, өөрийн үзэл бодолдоо итгэлтэй хэн нэгний хийх ажил гэж хэлмээр байна.

Би сэтгүүлзүйн юм уу, урлагийн нэг ч салбараар суралцаагүй ч жинхэнэ урлагийн мөн чанарын голыг олоод хэлчихдэг хүмүүсийн бичсэнийг мэр сэр уулзаж бас уншиж л явлаа. Гэхдээ тэр хүмүүс болон сонин хэвлэлд заавал өөрсдийн нийтлэлийн бодлого байдаг, байсаар ирсэн байх ч болно.

XX-р зууны соёл урлагийн сэтгүүл зүйн цөмийг “Утга зохиол, урлаг” сонин, “Цог”, “Тоншуул”, “Дүрслэх урлаг”... зэрэг сэтгүүлүүд авч явж ирсэн. Энэ үеийн соёл урлагийн нийтлэлийн бодлого нь тухайн цаг үеийнхээ үнэт зүйлстэй уялдан, шинэ нийгмийг цогцлооход уриалан дуудсан өнгө аястай байсныг “Үнэн сонин”, 1960.10.06 № 238 (7680) 4 хуудсанд гарсан “Утга зохиол, урлагийн ажилтан нар аа! Уран бүтээлийнхээ үзэл суртал, уран сайхны хэмжээг дээшлүүлэн, амьдралыг гүнзгий судалж, манай хөдөлмөрчин ард түмэнд тэнцэхүйц сайн зохиол гаргагтун!” гэсэн уриа бичгээс харахад зугаатай байв. Хэдийгээр хоосон, тунхаглалын өнгө аяс давамгайлсан ч сайн бүтээл туурвихыг сануулах нийтлэлийн бодлого тэр үед ч байсаар ирснийг харж болох.

Мөн тэр үеийн нийгэмд огт хэрэгцээгүй мэт байсан, сонгодог урлагийн хэрэгцээг хүчээр, нийтлэлийн бодлогоор бий болгосон нь одоо бидний үзэж сонсох дуртай сонгодог урлагийн талаарх суурь мэдээллийн орчинг хэрхэн бүрдүүлж ирснийг сонирхуулъя.

“Сонгодог жүжгийн зохиолоор үзвэрийн санг баяжуулъя.” Үнэн сонин. 1957 он. С.Дашдондог

Театрын үзвэрийн санг баяжуулахад үндэсний жүжгийн зохиолын хэрэгцээ дэлхий дахины сонгодог жүжгийн зохиолыг хөрвүүлэн тавих нь тэр орны, тэр цаг үеийн нийгэм, улс төр, эдийн засаг, хүмүүсийн зан чанарыг танин мэдэх ач холбогдолтой. Манай театрууд Англи, Герман, Франц, Норвеги зэрэг орны дэлхийд алдаршсан сонгодог жүжгийн реалист зохиолчид болох В.Гюго, Б.Гёте, Ф. Шиллер, Гаултман, Шекспир нарын зохиолыг судлах хэрэгтэй. Үүний тулд БНМАУ-ын “Урлагийн хэрэг эрхлэх хороо” сайн ажиллах хэрэгтэй...”

Урлагийн сэтгүүл зүйн төрлөөс олон улсад хамгийн өндөр хөгжсөн нь гэрэл зураг байдаг. Чимээгүй хирнээ амьдралын, үнэний тухай чих дэлсэм хашгираан... Цаг үеийн бодит үйл явдлыг тусгасан, асуудал дэвшүүлсэн, нийгмийн сэтгэл зүйд шууд нөлөөлөх...г.м түүхийн бүх цаг үед гэрэл зургийн гүйцэтгэсэн үүрэг их. Гэрэл зургийн ачаар Африкийн өлсгөлөн, ядуу ард түмэнд тусламжийн гараа сунгах, Монголын говь, тал нутагт ирэх жуулчдын тоо нэмэгдэх зэргээр маш их үүрэгтэй. Тэр бүү хэл Вьетнамын дайн гэрэл зураг, хэвлэл мэдээллийн ачаар зогссон гэх үндэслэл ч байдаг.


Вьетнамын дайныг зогсооход хүргэсэн фото сурвалжлагууд хүмүүст дайныг жигших, дэлхий нийтээр энх тайвныг хүсэх үнэт зүйлийг бий болгосон түүх бий. Өнөөдөр бол XXI-р зуун. Үндэстэн ба шашин хоорондын үл ойлголцол, мөргөлдөөн, иргэний дайн өнөө хэр үргэлжилсээр байгааг Сирийн дүрвэгсэдийн тухай доорх зургаас харж болно. Мөч тутамд хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн тухай өгүүлэх нь уран бүтээлч хийгээд урлагийн сэтгүүл зүйн үндсэн үүрэг, энэ чигт хийх ажил ч мундахгүй байх шинжтэй.


Жор

Дэлхийн томоохон хэвлэлд ажиллах нь өрсөлдөөнтэй учраас мэдлэг, мэдрэмж, боловсрол, туршлага хамгийн гол нь өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс байх нь чухал. Манайд бол харин эсрэгээрээ, идэр залуучууд. Омголон, алдамтгай, ойворгон ааштай. Сэтгүүлчийн мэргэжлийг “ГОЁ” гэж бодон өнгөц хандах нь нийгэмд илүү хортой бөгөөд харин түүний оронд чимээгүй байсан нь дээр гэж миний нэг үзэг нэгтэн хэлсэнтэй би санал нийлдэг. Тэгэхээр урлагийн сэтгүүл зүйд үзэг нэмье гэвэл бид өөрийгөө ойлгох, арга ядахад аливаа бүтээлийн талаар өөрийн үзэл бодлоо хэлэх хаттай байхыг хэлэх болов уу. Хүн бүрийн гоо сайхны таашаал өөр хийгээд урлагийн хүлээн авах ГОЁ–ын тухай эрх чөлөө нь уншигч талд өөрт бий гэдгийг мөн мартахгүй байх нь хамгийн чухал. Тэр байтугай бидний ГОЁ гэж боддог ойлгодог зүйлс байнга хувиран өөрчлөгдөж байна. Бидэнд нэг хэсэг хүчтэй ГОЁ санагдаж байсан рок попын урлаг яагаад нийтийн дууны сурталчилгаанд дарагдсан, зугаа цэнгэлийн төрлийн кино яагаад ГОЁ ангилалд орсон, Монголын дуурийн дуучид яагаад дэлхийн тайзыг ГОЁ эзэгнэх болсон, эсвэл яагаад зөвхөн Чингис хааны тухай кино хийвэл дэлхийд ГОЁ гарна гэж итгэдэгийг нийгэм, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүй, соёлын антропологи буюу хүн ба урлаг судлалын өргөн цар хүрээнд тайлбарлан, бидний энэ үйл явц дэлхийн урлагийн хөгжлийн чиг хандлагын хаана явааг зоригтой хайх, тайлах, өөрийн бодлоо хуваалцах сэтгүүлчийн үзэл бодол дутаад байна. Энэ чиглэлд өөрсдийгөө хайж буй сэтгүүлчид Гэрэг, Тойм, Гоодаль сэтгүүл, Тагтаа хэвлэлийн газрын уран бүтээлчид байгаа гэдгийг хэлэхэд баяртай байна. Уншаад үзээрэй.

Энэ мэт бид өөрсдийгөө ойлгож амжаагүй явтал бидний тойроод ГОЁ-ын тухай ойлголт маш хурдтай хувирч өөрчлөгдөж байгаа нь урлагийн сэтгүүл зүйг улам мэдрэг, мэдрэмжтэй, өөртөө итгэлтэй байхыг шаардаж байна. Урлагийг зүрхнээсээ бичих “жор”-нь өөрийгөө олсон хүн!

Жоргүй хоол амтгүйтэй адил урлагийн тухай “жор”-гүй бол бичих хэрэггүй. Тэгснээс чимээгүй өнгөрч бусдын цагийг хайрла! Гадаа бүрий болжээ...

Эх сурвалж:

“Сэтгүүл зүй өөрчлөгдөж байгаа чиг хандлага ба ирээдүй” ; УБ 2009 он

“Сэтгүүлчийн ёс зүй” ; УБ 2009 он

“Үнэн сонин”, 1960.10.06 № 238 (7680) 4

“Үнэн сонин”, 1960.10.11 № 242 (7684) 3

“Утга зохиол урлаг”, 1960.02.06 № 31 (7473)

http://www.worldmongol.com


Нийтлэлч Д.Болорцэцэг