Нийтлэл

3-р сар 11, 2015

Бид урлагийн бүтээлээс өөрсдийгөө хармаар байна

"Бид урлагийн бүтээлээс өөрсдийгөө хармаар байна" ., Р.Оюунжаргал

"Урлаг дахь эмэгтэйчүүдийн хэвшмэл дүр". Ийм сэдвээр нийтлэл бичих болсноос хойш Монголынхоо урлаг дахь эмэгтэйчүүдийн дүрийн тухай бодлоо. Хамгийн түрүүн кино урлаг санаанд оров. “Сэрэлт"-ийн Бумаа, “Мандухай сэцэн хатан"-ы Мандухай орж ирж байна. Дууриас “Учиртай гурван толгой"-н Нансалмаа. Балетаас ардын жүжигчин Ю.Оюуны тоглосон цагаан хун буюу Одетта гүнж, дүрслэх урлагаас ардын зураач Д.Амгалангийн “Ээж ээ, сайн байна уу" зураг орж ирж байна аа. Энэ бүхэн тухайн үеийнхээ үзэгч, олон нийтийн таашаалд нийцэхийн зэрэгцээ сэтгэлд нь хоногшиж өнөө хүртэл амнаас ам дамжин яригдаж, зарим нь домог болон мөнхрөх ч янзтай. Киноноос гэвэл Бумаа нэрээр мөнхөрч буй жүжигчин Т.Цэвээнжав агсны бүтээсэн дүр болгон сэтгэлд нэг л дулаахан, хайр хүргэм байдаг нь зохиолчийн ухаан, жүжигчний ур чадвар, найруулагчийн дүр сонголттой холбоотой биз ээ. Мандухай хатны дүр түүхийн тухай ойлголт өгдөг, кино адал явдал ихтэй, тэгээд ч зохиол, хөгжим зэргээрээ үзэгчдийн сэтгэлийг татдаг. Дуурийн Нансалмаа дурлалт хүндээ чин үнэнч монгол эмэгтэй. Болж өгвөл бүх монгол эмэгтэйчүүд Нансалмаа шиг хайр сэтгэлдээ үнэнч, журамт эмэгтэй байгаасай гэсэн хүсэл зорилгоор бий болгосон дүр гэж харагддаг. П.И. Чайковский “Хунт нуур" балетын цагаан хун, Одетта гүнжид үе үеийн балетын бүжигчид тоглосоор ирсэн ч бидний үеийнхний сэтгэлд Ю.Оюуны бүжиглэснээр хоногшсон. Одоо энэ дүрийг сайтар бүтээдэг балетчид байдаг ч илүү сайныг нь үзэж биширсэн үзэгчид өнөөх жүжигчнээ үгүйлээд, хүсэмжлээд байдаг юм байна. Ю.Оюун уг дүрийг Монголын тайзнаа ингэтэл зурж дархалжээ.

За тэгвэл эдгээрээс хойшхи үеийн урлагийн ямар бүтээлээс эмэгтэйчүүдийн сэтгэл татам дүрийг нэрлэж болох вэ. Кино, дуурь, балет, драмын жүжиг, дүрслэх урлагийн аль алинаас. Сэтгэл татах гэдэгт дүр бүтээж буй жүжигчдийн сайхан царай, гоолиг бие огтоос хамаарахгүй билээ. Мэдээж урлагийн бүтээлд харагдах байдал чухал, гэхдээ түүнээс чухал нь өгүүлэмж, илэрхийлэл бас дүр. Энэ үүднээс авч үзэхэд социализмын үеийн үзэл суртлыг нь авч хаяж байгаад харахад цөөн ч гэсэн аятайхан дүр бий. Жүжигчин П.Цэвэлсүрэнгийн тоглосон “Ардын элч" киноны Ариунаа, ардын жүжигчин Ч.Долгорсүрэнгийн бүтээсэн “Өнөр бүл", “Үер" киноны дүрүүд, ардын жүжигчин Г.Мэндбаярын тоглосон “Жаргал даахгүйн зовлон" киноны гэрийн эзэгтэй Сүндэръяа, ардын жүжигчин Н.Сувдын тоглосон “Хань" киноны гэргий Наран, “Анхны алхам"-ын жүжигчин Б.Цэцэгбалжидын бүтээсэн оюутан агрономич Мядаг, жүжигчин Я.Оюунцэцэгийн тоглосон “Говийн зэрэглээ" киноны Номин гээд нэрлээд байвал бас ч гэж бүтээлүүд байдаг.


Харин сүүлийн үед тайз, дэлгэцнээ тавигдаж, гарч буй жүжиг, кино зэргээс “Энэ яах аргагүй сайхан дүр болжээ" гэхээр ховор. Харин ч эсрэгээрээ үзэгчид хүндэлдэг жүжигчдээ өмөөрч эгдүүцэх өнгө аяс илрэх болсон. Киноны хувьд тухайлбал дээр нэр дурьдсан ардын жүжигчин Д.Мэндбаяр, Урлагийн ажилтны холбооны тэргүүн, гавьяат жүжигчин Б.Тунгалаг зэрэг уг нь ямар л бол ямар дүр бүтээхээр чадварлаг жүжигчдийг нэг бол уймарч сандарсан, үгүй бол яахаа алдталаа зовж зүдэрсэн эмэгтэйчүүд болгох болж. Эсвэл залуу, царайлаг бүсгүй жүжигчдийн гоо үзэмжээр үзэгчдийг татах гэсэн ойрын зорилгод хөтлөгдсөн дүр дэлгэц дүүргэх болж. Гэхдээ энэ нь тэр дүрд тоглох гэж уригдсан жүжигчид, загвар өмсөгчид, дуучдын буруу биш юм. Кино хийгчид, продюсер, найруулагчдын тархины шийдвэр билээ. Зөвхөн 2013-2014 онд Монголын киночид нийт 50-иад уран сайхны кино хийсэн, дэлгэцнээ гарсан, харин одоо тэднээс аль дүр нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж, дахин дахин үзэхийг хүссэн бүтээл болов. Бараг үгүй гэхэд хилсдэхгүй.


Тэгэхээр үүнийг бичигч миний бие нэгэнт ийнхүү гоочлох өнгөтэй дуугараад байгаагийнх тайз, дэлгэцийн бүтээлээс ямар дүр хүсээд байгаагаа хэлэх хэрэгтэй санагдана. Бусад үзэгч ч санал нийлэх байх. Урлагийн бүтээл гэдэг уран бүтээлчийн хийсвэр санаа, төсөөллөөс ургаж, ур ухаанаар бүтдэг ч шалтгаанд суурилж, шимтэй хөрсөнд ургавал үр шимээ сайн өгөх ёстой. Урлаг нийгмийнхээ түрүүнд явдаг, түүнийг нийт олноор хүлээн зөвшөөрөх, хүртэх албагүй гэдэг хүмүүс байдаг. Гэлээ гэхдээ үүнд дулдуйдаж кино ч бай, жүжиг ч бай, бүжгийг ч тэр тод томруун товойсон, нийгмийн байдлын тусгал, эсвэл урьтал болсон дүргүйгээр бүтээх гэх нь цаг, хөрөнгө барсан хэрэг болж, улмаар тэрхүү бүтээл гээч нь нэг, хоёрхон сарын настай байх ажгуу. Тэгвэл нийтэд хүрч, оюун санаанд нь нөлөөлж, нийгмийг санаа алдуулах бүтээл, түүний дүрүүд ямар байх юм бэ. Монголчууд социализмын үеийн бүтээлүүдийн сайхан сэтгэлтэй, бусдын төлөө өөрийгөө золих өгөөмөр, хүлцэнгүй даруу эмэгтэйчүүд болон сүүлийн үеийн өнгө мөнгө, элдэв маяг сурталчилсан хэт хөнгөн хэвшмэл дүрүүдээс залхаж байна бус уу.


XXI зууны Монголын эмэгтэйчүүд бид юуны түрүүн урлагийн бүтээлээс өөрсдийгөө хармаар байна. Ажлаа ч хийгээд, амьдралаа ч аваад явж байгаа, бас ч гэж амжилтад хүрч, түүндээ сэтгэл хангалуун харц дээгүүр яваа боловч сэтгэлийнхээ гүнд амьдралын утга учрыг өөрөөсөө болон бусдаас хайсан, ганцаардсан, өөртөө итгэлгүй, өөрийгөө голсон, айсан, хайртай хүнийхээ аргыг олох уран “мэх" урласан, эсвэл бүр илт тэмцсэн, сэтгэл санааны дарамтад орсон эсвэл хэн нэгнийг оруулсан, нүглээ гэсгээж, бусдыг өршөөсөн гэх мэт амьдралын бодит үнэнээ бусдаас байтугай өөрөөсөө ч тас нуусан, эсвэл энэ амьдралаасаа суралцаж, улам ариусан ухаажсан, алдаж ч бас онож ч яваа жирийн мэт боловч хосгүй эмэгтэйтэй дэлгэцээр, тайзаар уулзмаар байна.


Орчин үеийн эмэгтэйн амьдрал зөвхөн гэр бүл, сэтгэлийн амар амгалангаас хамаарахаа байжээ. Тэд эрчүүдтэй эн тэнцүү нийгмийн амьдралд оролцож, баялаг бүтээгчид болсон. Тэр хэрээрээ тэдэнд тулгарах асуудал улам нарийн төвөгтэй, олон талт болж байна. Гэр бүлээ халамжлах, дотно харилцаагаа хадгалах, эрчүүдтэй эн тэнцүүгээр амжилтын хаалгыг тогших уу эсвэл тэдний хүч чадал, эд мөнгөнд дулдуйдан энэ биеийн амрыг хичээж, сайн эзэгтэй байх уу зэрэг амаргүй сонголттой, санаандгүй өрнөл бас зөрчилтэй дүр ойрд бид ер нь харсан билүү. Тийм эмэгтэйчүүд яг бидний хажууд эмч, багш, үүрэн холбооны компаниуд юм уу, банк санхүүгийн ажилтан, эрдэмтэн судлаач, том жижиг бизнесийн бүхий л шатны менежер дүрээр алхаж яваа. Зүгээр л сайн тогтож хараад, тэднийг ойлгон мэдэрч зохиох, бичих, найруулах, зурах, жүжиглэх мэдрэмж нь уран бүтээлчдийн ур ухаан, авьяасын л асуудал.


Дэлхийд ч, Монголд ч эмэгтэйчүүд хүн амын тал хувийг эзэлдэг. Гэтэл тэгш эрх дэлхийн түвшинд 83 хувьтай. Энэ хувийг өндөрсгөж эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг нэг түвшинд аваачих аваас нийгмийн бүтээмж, эдийн засгийн хөгжил жигд өөдөлнө. Үүний тулд эмэгтэйчүүдийн нийгмийн амьдрал, шийдвэр гаргах түвшин, эдийн засагт оролцох боломжийг сайтар хангаж өгөх нь үр дүнтэй гэдгийг судалгааны дүн харуулсаар. Дэлхийн эдийн засгийн чуулганы тайланд уг байгууллагаас сүүлийн есэн жилийн турш явуулсан судалгааны дүн эмэгтэйчүүдийг яагаад эрэгтэйчүүдээс огт дутахааргүй үнэлэх, шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжоор хангах ёстой вэ гэдэгт хариу өгсөн байна. Юуны өмнө энэ судалгаагаар эмэгтэйчүүд оролцсон эдийн засаг илүү өгөөжтэй, өсөлттэй байгаа нь харагджээ. Удирдах албан тушаалд эмэгтэйчүүд ажиллаж байгаа компаниудын эдийн засгийн үзүүлэлт бусдаас сайн байсан нь үүнийг нотолно. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол амьдрах чадвараар илүү, насжилт удаан, хүн төрүүлж өсгөн бойжуулах төрөлхийн чадвараараа бусад бүх төрлийн ажлыг сайтар хийж чаддаг, энэ хэрээр нийгмийн амьдрал, шийдвэр гаргах түвшин, эдийн засагт өгөөжтэй, үр дүнтэй оролцдог аж. Тэгэхээр эдийн засаг, нийгэм, улс төрийн ч амьдралд хүйсийн тэгш эрхийг хангаж байх нь хөгжил дэвшил өөд чиглэх зөв зам. 2014 оны байдлаар манай улс хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах гэсэн үзүүлэлтээр дэлхийн 142 орноос TOP 50-д буюу 42 дугаар байрт орсон байна. Харин Ази, Номхон далайн бүсийн орнуудын хувьд TOP 4-т багтсан нь улс орны амьдралыг шийдэх аливаа асуудалд эмэгтэйчүүдээ оролцуулдаг байдлаар харьцангуй илүү гэдэг нь харагдаж байна. Улс орны эдийн засаг болоод бусад үнэт зүйлийн талаарх өөрчлөлт хэтдээ эерэг байх юм байна гэдэг нь ч харагдана. Гэхдээ Монгол Улс эдийн засаг, баялгийн хүртээмжтэй байдлаар 2010 оныхоос хойш ухарсан байдалтай байгааг тус судалгаа харуулжээ.


Энэ бүхнийг дурьдахын учир нь улс орны хөгжил гэдэг дан ганц эдийн засаг биш, нийгмийн бүхий л салбар, тэр дундаа соёл урлагийн салбарыг ч хамарна. Өөрөөр хэлбэл соёл урлагийн салбарт хөдөлгөгч хүч болсон уран бүтээлчид бүтээлч, шинэлэг, өөрчлөлт мэдрүүлсэн, ирээдүйд дуудсан чанартай уран бүтээл, сонирхол, үнэмшилтэй дүрээрээ олон нийтийн итгэл үнэмшил, хөгжилд эергээр нөлөөлж, тэдний амьдралыг улам утга учиртай, олон талт, оюунлаг “баян" байлгах нь тэдний үүрэг. Харин түүнийг үзэж таашаасан хүмүүс, эмэгтэйчүүд “Энэ чинь би юм биш үү" гэж, сэтгэлдээ сэм дуу алдаж, өөрөө өөрийгөө хөндлөнгөөс харах, ойлгох, баярлах, гуниглах, ялах уран бөгөөд олон талт дүрийг хүлээж байна. Эрэл үргэлжилсээр ...