“Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадам
5 дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам 2026 оны 4 дүгээр сарын 24–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын Урлагийн Зөвлөлөөс 2018 онд санаачлан эхлүүлсэн тус наадам нь орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан соёлын олон төрөлт байдлыг дэмжих, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн наадмын хүрээнд олон улсын болон дотоодын нэр хүндтэй уран бүтээлчид, багш нарын оролцоотой мастер класс, сургалтууд зохион байгуулагдлаа. Тухайлбал Литва улсын бүжигчин, дэглээч Мариус Пинигис, Герман улсын уран бүтээлч Киани Дэл Валли, Монгол-АНУ-ын бүжигчин, багш Түмэннасангийн Туяа, Тайван уран бүтээлч Яаяа Чен нар хөтөлбөрүүдийг удирдан явууллаа. Мөн орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчдийг урин оролцууллаа.
Хүүхдийн бүтээлч хөтөлбөрийн “Бүжгийн яруусал” тайлан тоглолт болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчдийн “Тасалдсан урсгал” орчин үеийн бүжгийн уран бүтээлүүд 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр толилуулагдсан бол наадмын хаалтын тоглолт 4 дүгээр сарын 29-ний өдөр “Жаахан Шарга” театрын уран бүтээлчдийн “Зээр юу зүүдэлсэн бэ?”, “Улаанбаатар” театрын уран бүтээлчдийн “Ариун хаврын тахилга” бүтээлүүд тус тус “Улаанбаатар” театрын тайзнаа амжилттай тоглогдов.
Наадаам нь олон улсын болон дотоодын 80 уран бүтээлч, 120 орчим оролцогчдыг хамруулж, 500 гаруй үзэгчдэд хүрч, хамтын ажиллагаа, мэргэжлийн солилцоог өргөжүүлсэн, орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулснаар өндөрлөв.
















