Улаанбаатар Биенналийн ерөнхий куратор Мариам Эльнозахийг танилцуулж байна

2 дахь удаагийн Улаанбаатар биенналь “Уулсын дуулал” сэдвийн хүрээнд 2027 оны 6-р сарын 4–30-нд зохион байгуулагдана. Улаанбаатар биенналийн ерөнхий куратороор Мариам Эльнозахи томилогдсоныг дуулгахад таатай байна.

Шведийн Стокхолм хотноо амьдардаг Мариам Эльнозахи нь куратор, судлаач, зохиолч мэргэжилтэй ба “Konsthall C” галерейн уран сайхны удирдагчаар ажиллаж, галерейн дэргэдэх “Sacred Spaces” хөтөлбөрөөр дамжуулан уран бүтээлчдийг бүтээлдээ шашин болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэхийг уриалдаг. Өмнө нь тэрээр Каир дахь орчин үеийн урлагийн Townhouse Gallery болон “Ma3azef Magazine”-д ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр Лондон, Копенхаген, Осло, Уппсала, Амстердам, Жидда хотод зохион байгуулагдсан томоохон үзэсгэлэнгүүдэд куратораар ажиллаж, Тунис болон Танжер хотуудад сургалт, семинар удирдан явуулж байсан туршлагатай. Түүний хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд нь даяаршил, хөгжил, байгалийн баялаг, олборлолт зэрэг сэдвийг ихэвчлэн хөнддөг ба уран бүтээлчдийн уран бүтээлээ бүтээн туурвих үйл явцыг дэмжин ажилладаг.

Мариам Эльнозахигийн нийтлэл, бүтээлүүд CURA Magazine, Frieze Magazine, The TLS, Markaz Review, Hyperallergic, MadaMasr зэрэг хэвлэлд нийтлэгдсэн. Тэрээр 2022–2023 онд Нидерландын Маастрихт хот дахь “Jan Van Eyck Academie”-д уран бүтээлчийн суурьшин суух хөтөлбөрт хамрагдаж, “Royal Dutch Shell”-ийн архивд судалгаа хийсэн. Мариам Эльнозахи нь Массачусетсын Технологийн их сургуулийн Ага Ханы Исламын архитектурын магистрын зэрэгтэй.

Мариам Эльнозахи: “Ирэх онд зохион байгуулагдах Улаанбаатар биенналийн ерөнхий куратороор томилогдсондоо маш их баяртай байна. Монголын уран зураг, дуу авиа, инсталляц зэрэг олон төрлөөр уран бүтээл туурвиж буй уран бүтээлчидтэй ажиллах, тэдгээрээс суралцахыг тэсэн ядан хүлээж байна. Мөн эдгээр уран бүтээлчдийн туршлагыг дэлхийн өөр өөр бүс нутгийн уран бүтээлчдийн бүтээл, туршлагатай нэгтгэн, харилцан яриа өрнүүлэхийг хүсэж байна.”

Мариам Эльнозахийг ерөнхий куратороор Улаанбаатар биенналийн Сонгон шалгаруулах хорооны гишүүд болох Монголын Урлагийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл, анхны Улаанбаатар биенналийн ерөнхий куратор Тиан Занг, Финландын Үндэсний галерейн Киасма орчин үеийн урлагийн музейн цуглуулгын ахлах куратор Саара Хаклин, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа, Contemporary Art Archive Mongolia-ийн захирал, уран бүтээлч Э.Жанцанхорол нар санал нэгтэйгээр сонгосон юм.

Улаанбаатар биенналийг Монголын Урлагийн Зөвлөл ТББ хоёр жилд нэг удаа зохион байгуулж, уран бүтээлчид, үзэгчид, соёлын салбарын төлөөлөгчдийг дэлхийн бусад орны уран бүтээлчидтэй холбох соёл, мэдээлэл, үзэл санааны уулзвар, харилцан туршлага солилцох талбар наадам болгон хөгжүүлж байна.

Энэ удаагийн Улаанбаатар биенналийн сэдвийн нэрийг “Love Songs for Mountains” буюу “Уулсын дуулал” хэмээн нэрлэсэн нь дараа жил уригдан оролцох уран бүтээлч Захра Малканигийн 2026 онд бүтээсэн Noorani Metal Sound бүтээлээс эшлэн авсан болно.

Монголын урлагийн зөвлөл

ХУВААЛЦАХ

Facebook
X
Telegram
WhatsApp
Threads
Email