2008 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж буй “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) нь Монголын кино урлагийн салбарын хөгжилд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор нэн орчин цагийн хийгээд кино урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй дэлхийн шилдэг кино бүтээлүүдээс сорчлон Монголын үзэгч олонд толилуулдгаараа онцлог наадам юм.
2025 онд УБОУКН нь дэлхийн нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс, Локарно, Вижн дю Рийл наадмуудаас шагнал хүртсэн болон уралдаант хэсэгт шалгарсан Иран, Франц, Герман, Бразил, Норвег, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг 15 орны нийт 42 кино үзвэрийг Тэнгис, Прайм Синеплекс Энканто кино театруудад толилуулсан билээ.
Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Үзэхийн хязгаар” хэсэгт 20-р зууны 2 шилдэг сор бүтээл болох найруулагч Г.Жигжидсүрэнгийн “Анхны Алхам” болон “Хүний Амь” уран сайхны кинонуудыг 150 гаруй орчин үеийн залуу үзэгчдэд өргөн дэлгэцээр толилуулж, уран бүтээлч ба үзэгчидтэй ярилцлага хийн, хойч үеийн кино урлагийн болон түүхийн боловсролыг дээшлүүлэх, хувь нэмэр оруулав.
Монгол кино уралдаант хэсэгт нийт 23 кино бүтээл ирүүлж, Монгол кино хөтөлбөрийн Хангарди шагнал гардуулах ёслолд өрсөлдсөн. Монгол киноны урын санг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийг урамшуулан сурталчлах “Хангарди” Монгол киноны уралдаанаар дамжуулан энэ оны шилдэг 8 шилдэг уран бүтээл, бүтээлчдийг тодруулан урамшууллаа.
12 наснаас дээш залуу үзэгчдэд инди, арт хаус, түүх өгүүлсэн киног үзүүлэх замаар дэлхийн хүүхэд залуучуудын үзэл бодол, соёлоос суралцах, судлах бололцоог олгох “Залуу үзэгч” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүллээ. Энэхүү хөтөлбөрийг кино судлаач, шүүмжлэгч, Б.Амарсанаагаар удирдуулан залуу үзэгчдийн бэлтгэн, хүрээллийг өргөжүүлж байна.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart