Улаанбаатар биенналь нь Сарны дор, тэнгэрийн хаяанд сэдэв дор 2025 оны 6 сарын 6-наас 20 хооронд зохион байгуулагдах ерөнхий үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдээ зарлахдаа таатай байна. Улаанбаатар биенналийг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл ТББ ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.
Биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн куратор Тиан Жаны өгсөн “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдэв нь уран бүтээлчдийн нүдээр эх орон, эх газар, эх нутгийн талаар эргэцүүлэхийг уриална.
Куратор Тиан Жан хэлэхдээ “Би олон түмэнд сонсогддоггүй, орхигдсон дуу хоолойд хүч нэмэхийг хүсэж байна. Уран бүтээлчдийн тухайд, сэдвийн хүрээнд эх орон, газар нутгийн талаар хүчтэй бүтээл туурвидаг уран бүтээлчдийг нэгтгэн оруулахыг хичээлээ. Бүтээлүүд нь газрын эрх, байгаль орчны доройтол, соёлын алдагдал гэх хүнд сэдвүүдийг хөндөх хэдий ч түүний зэрэгцээ тэмцэл, өвөг дээдсийн уламжлалаа дээдлэн хадгалах, ирээдүй хойчдоо гэрэлт зам үлдээхийг эрмэлзэнэ.”
Ерөнхий үзэсгэлэнд олон улсын 19, дотоодын 6 уран бүтээлчид Монголын уран зургийн галерейд бүтээлээ толилуулна.
Алмагул Менлибаеэва, Cercle d’Art des Travailleurs de Plantation Congolaise (CATPC), Сиан Даярит, Фитриани Дви Курниасих, Харвест Сургууль, Жэйн Жин Кайсен, Ариунболдын Жавхлан, Жазз Мони, Лийрой Нью, Лиу Чуанг, Льюк Уиллис Томпсон, Наталия Папаева, Цэцэгмаагийн Номин, Рейвн Чакон, Серва Аттафуа, Солмаз Даряани, Субас Таманг, Вивиен Сансоур, Яактунг Чо Сангжумбо, Баттулгын Бат-Оргил, Энхтайваны Билигт, Ганболдын Гэрэлхүү, Булгантамирын Ирээдүй, Эрдэнэбаярын Жанцанхорол, Эрдэнэчимэгийн Цагаанцоож.
Онцлох уран бүтээлээс:
- Коллектив буюу уран бүтээлчдийн багийн бүтээлээр дамжуулан газар нутгийн төлөөх тэмцэл, нутгийнхаа эзэн байх тухайд; Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хуучин тариалангийн аж ахуйг сэргээх зорилгот Cercle d’Art des Travailleurs de Plantation Congolaise (CATPC), Зүүн Энэтхэгийн Бихар мужийн Буксар орчмын тогсонд нүүрлэж буй байгаль орчны доройтол, кастын тэгш бус байдалтай тэмцэх зорилгот Харвест Сургууль, мөн зүүн Непал дахь уугуул иргэдийн төлөөх тэмцэлд хувь нэмэр оруулагч Яактунг Чо Сангжумбо гэх бүлэг уран бүтээлчид тус тус бүтээлээ дэглэнэ.
- Үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн өөр өөр нутгийн уугуул иргэдийн бүтээлүүд тавигдана. Үүнд: Авсралийн Вираджури нутгийн яруу найрагч, кино найруулагч Жазз Монигийн шүлэг найрагтай дүрст бичлэг, АНУ-ын Навахо омгийн уран бүтээлч, хөгжмийн зохиолч Рейвн Чаконы хөгжим болон гэрэл зураг, мөн бараар урлаач Субас Тамангийн Непалийн Таманг хүмүүсийн тэсвэр тэвчээр, өвөг дээдсийн ухааныг харуулан барласан зургууд багтана.
- Эрдэнэбаярын Жанцанхорол нь Венецийн биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцож байсан уран бүтээлч ба энэ удаа шинэ инстоляцаа Улаанбаатар биенналийн хүрээнд танилцуулна.
- Баруун Сиднейн Сэрва Аттафуа нь түүх, домгоос сэдэвлэсэн афрофьютуристик дижитал инстоляцаар оролцоно.
- Ю.Цэдэнбалын талбайд Филиппин уран бүтээлч Лийрой Нью нь Монгол гэрийг үйлдвэрийн илүүдэл, хаягдмал материал ашиглан өөрийн хэв маягаар бүтээнэ.
- Улаанбаатар, Кёльн хотуудын хооронд ажиллаж амьдардаг уран бүтээлч Ариунболдын Жавхлан нь Улаанбаатарын цэвэр усны нөөцийн асуудалд анхаарал татах зорилгоор уламжлалт танка зургийг гадаа хананд буулгана.
Хөтөлбөр:
Ерөнхий үзэсгэлэнгээс гадна хамтрагч үзэсгэлэнгүүд мөн зохион байгуулагдана.
- Байгалийн түүхийн музейд “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн зохион байгуулж буй “Сарны дэргэд” Монгол-Солонгосын хамтарсан павильон, куратор У.Нарбаясгалан. Анкор төвд Тамми Юу-Тинг Хсие куратортой, Тайвань уран бүтээлчдийн Техносталжиа: Хоромхон зуурын Ой Санамж үзэсгэлэн, Чингис Хааны музейд Өмнөд Солонгосын уран бүтээлч И Намын бие даасан үзэсгэлэн.
- “Нээлттэй орон зай” уран бүтээлчдийн чуулган: куратор, уран бүтээлчдийн уулзалтыг Улаанбаатар биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн хүрээнд 6 сарын 9, 10-нд Монголын Уран Зургийн Галерейд олон нийтэд нээлттэй зохион байгуулна.
- Сүхбаатарын талбайд “Гар урлалын хотхон” байгуулагдаж, үндэсний урлагийн бүтээлүүд, тоглолтууд 6 сарын 13-15 хооронд тоглогдоно. Мөн тайзнаа Яруу найргийн үдэш, кино үзвэр, хөгжим, бүжгийн арга хэмжээнүүд тус тус зохион байгуулагдана.
Биенналийн онцгой өөр нэгэн үйл ажиллагаа бол хүүхдийн музейн боловсролын хөтөлбөр Kids Museum Fest юм. Тус хөтөлбөр Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, Чингис Хааны Музей, Монголын Уран Зургийн Галерей, Байгалийн Түүхийн Музей болон нийслэлийн 6 дүүрэгт нийт 2000 хүүхдийг музей үзэж, сонирхолтой хөтөлбөрт хамрагдахаас гадна биенналийн уран бүтээлчидтэй уулзаж бүтээл туурвих сургалтуудыг мөн зохион байгуулна.
Хотын хэмжээнд 7 газарт хамрах хүрээний үзэсгэлэнгүүд нээлтээ хийх ба үүнд “Монгол Арт” галерейд болох Солонгос-Монголын хамтарсан “Солонгон Гүүр” үзэсгэлэн, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд уран бүтээлч Х.Сүрэнгийн “Дурсамжаар бүтээв” төгсгөлийн бүлэг үзэсгэлэн, Ойр Арт Хаб-д уран бүтээлч Б.Батчимэгийн “Хувирал” үзэсгэлэн, “Лхам” галерейд уран бүтээлч А.Жавхлангийн үзэсгэлэн, Экс Зеро арт галерейд “Туургатан” үзэсгэлэн, Ай Спейс-д “Хувьсахуй, дизайны амьд хэмнэл” үзэсгэлэнгүүд багтаж байна.
Кураторын тэмдэглэл, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор зочилно уу.
https://artscouncil.mn/art_program_mon/ulaanbaatar-biennale/
www.facebook.com/ulaanbaatarbiennale
www.instagram.com/ulaanbaatarbiennale/
Энэхүү холбоосоор хэвлэлд зориулсан зурагнуудыг татаж авна уу.
Холбоо барих:
Г.Гэрэлчимэг
МУЗ-ийн хөтөлбөр зохицуулагч
marketing@artscouncil.mn
976-89365898