1. Нүүр
  2. /
  3. “Урлаг хөгжлийн төлөө” төсөл

“Урлаг хөгжлийн төлөө” төсөл

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь урлагийн боловсролын чиглэлээр анх 2006 онд “Солонгон морьд” урлагийн боловсролын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан урлагийн боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлсэн юм.

2010 онд МУЗ нь ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр дунд сургуулийн багш нарт зориулсан “Дүрслэх урлагийн боловсрол” гарын авлага, АНУ дахь МУЗ болон “Дэлхийн зөн” олон улсын байгууллага (World Vision)-ын дэмжлэгтэйгээр хөгжим, бүжгийн боловсролын гарын авлага боловсруулан хэвлүүлснээр урлагийн боловсролын хөтөлбөрийн агуулга, хүртээмж сайжруулах боломж нээгдсэн юм.  Улмаар “Урлаг хөгжлийн төлөө” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 2024 онд хөгжлийн болон сэтгэл зүйн бэрхшээлтэй хүүхдүүдийн бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, зан чанарын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжим, бүжиг, дүрслэх урлагт суурилсан гурван модуль урлагийн боловсролын сургалтын нарийвчилсан хөтөлбөрийг салбарын мэргэжилтнүүд, уран бүтээлчдийн хамтаар сайжруулж боловсруулж, анх ерөнхий боловсролын 63-р сургууль болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д нийт 3-16 насны 310 гаруй хүүхдүүдэд хэрэгжүүлсэн. Энэ нь нийгэм дэх тэгш оролцоог дэмжих урлагийн хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд хүртээмжтэй болгох анхны оролдлого болж, хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуульд албан бус сургалтын хүрээнд хэрэгжүүлж, цаашид хөгжих боломжийг нээж өгсөн.

Энэхүү туршлагаас үндэслэн, 2025 оны хичээлийн жилд ЮНЕСКО-ийн Зүүн Азийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгож буй ерөнхий боловсролын 63 болон 70-р сургуулийн бага ангийн аутизмын спектрийн эмгэг, тархины саажилт, оюуны хомсдол, сонсголын бэрхшээл, эпилепси, Дауны хам шинж, таталтын эмгэг, гидроцефали оноштой нийт 160 хүүхдэд 3-модульт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Тухайлбал хүүхдийн харилцаа, хэл ярианы хөгжил, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар, нийгэмшихүйн чадвар, анхаарал төвлөрөл, бүтээлч сэтгэлгээ, суралцах чадварыг дэмжиж замаар танин мэдэхүйн хөгжилд мэдэгдэхүйц ахиц гарсан.

Иймд тусгай хэрэгцээт боловсролын салбарт урлагийн боловсролыг тогтвортой нэвтрүүлэхийн тулд заах арга зүйн шинэчлэл хийж, урлагийн боловсролын агуулгыг хүүхдийн хөгжлийн онцлогт нийцүүлэн боловсронгуй болгож, албан хөтөлбөрт оруулах шаардлагатай байна. Энэ нь цаашид урлагийн боловсролоор дамжуулан үндэсний хэмжээнд боловсролын тэгш оролцоог нэмэгдүүлж, хүртээмжийг бодитоор хангах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Цаашид төслийн хүрээнд цар хүрээг өргөжүүлж, урлагаар дамжуулан хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төслийг үргэлжлүүлж, ЕБ-ын 25 болон 55-р сургуулиудын нийт 200 хүүхдүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ЗУРГИЙН ЦОМОГ

ХУВААЛЦАХ

Facebook
X
Telegram
WhatsApp
Threads
Email

Мэдээ, мэдээлэл

No data was found