“Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөр

“Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд соёлын дурсгалт газрууд болон дурсгалт уран барилгын нөхцөл байдал эрсдэлийн судалгаа шинжилгээ, барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал:

  • Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг 2019 онд Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн.
  • АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келлиг 2019 онд Улаанбаатар хотод урьж ажиллуулан, Чойжин ламын сүм музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгааг хийлгэн, сэргээн засварлалтын зөвлөмж, цаашдын хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг /CMP/ 2020 онд боловсруулсан. Стивен Келлиг Улаанбаатарт ажиллах үеэр “Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” сэдвээр 14 хоногийн сургалт зохион байгуулж, Монголын 30 гаруй мэргэжилтнүүдийг хамруулсан.
  • Амарбаясгалант хийдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төслийг 2019 онд хэрэгжүүлсэн.
  • Занабазарын музей ба Чойжин ламын сүм музейд Augmented reality AR дижитал үзмэр бүтээж өгч, ухаалаг нүдний шил ба Android, iOs таблетаар үзэх боломжтой болсон.
  • Чойжин ламын сүм музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 м.кв ногоон байгууламж, 1500 м.кв авто зогсоол, 1600 м.кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлэг суурилуулсан.
  • Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төсвийг боловсруулж сэргээн засварлахад бэлэн болгосон.

2020-2021 “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлыг эхлүүлсний үр дүнд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/-аас санхүүжилт бүрдүүлэн, Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн барилгыг 2021-2022 онд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлах эх үүсвэр тавигдсан.