БИДНИЙ ТУХАЙ

Товч танилцуулга

     Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-ийн дэмжлэгтэйгээр Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. 

     МУЗ нь Монголын соёлыг олон улсад сурталчлах, Монгол уран бүтээлчдийг олон улсад уран бүтээлээ туурвихад нь дэмжлэг үзүүлэх, гадаадын уран бүтээлчдийг Монголд урин авчрах зэргээр урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн 60 гаруй орны соёл урлагийн байгууллага, уран бүтээлчидтэй бүтээлч олон талт хамтын ажиллагааг явуулж байна. Мөн урлагийн боловсролоор дамжуулан бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд урлагийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг таниулан сурталчлах, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ.

      Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын соёл урлагийг тогтвортой хөгжүүлэх, сурталчилах, хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор Урлаг, Соёлын өв, Хөгжлийн үндсэн гурван хөтөлбөр хэрэгжүүлдэг болно.

      Бид соёл урлагийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн ойлгодог. МУЗ-ийн хөтөлбөр, төслүүд ч урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх, Монголын өвөрмөц соёлын өвийг дэлхийд таниулахаар зорин ажилладаг билээ.

Эрхэм зорилго

Монголын Урлагийн Зөвлөлийн эрхэм зорилго нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Зорилт

Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/-ийн стратегийн зорилт нь урлагийн салбарын менежментийг чадваржуулах, Монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилах, урлаг ба бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад ба дотоодын санхүүгийн эх үүсвэрээс урлагийг дэмжих сан бүрдүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

МУЗ нь эрхэм зорилгынхоо хүрээнд Урлагийн хөтөлбөр, Соёлын өвийн хөтөлбөр, Хөгжлийн хөтөлбөр зэрэг үндсэн гурван хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.