ТҮҮХЭН
ТОВЧООН

2025

ЧЛСМ Өндөр Гэгээний Сүмийн сэргээн засварын бэлтгэл ажил

МУЗ нь Дэлхийн Хөшөө Дурсгалын Сантай хамтран Чойжин ламын сүм музейн Өндөр Гэгээний сүмийг сэргээн засах ажлын зураг, төсвийг амжилттай гүйцэтгэн, эвдрэл гэмтлийн судалгаа хийж, сэргээн засварлах төслийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулан, зураг төслийг батлуулах, хамтран хэрэгжүүлэх, сэргээн засварлах байгууллага тодорхойлох зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

2025

2025

Эрдэнэ Зуу хийд Watch Day

2025 оны World Monuments Watch хөтөлбөрт Монголын Буддын шашны цөөхөн дурсгалт газруудын нэг “Эрдэнэ Зуу” хийдийг уур амьсгалын нөлөөллөөс хадгалан хамгаалах, ирээдүйн өвийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготойгоор нэр дэвшүүлсэн нь олон улсын үнэлгээ, хяналт, өвийн шинжээчдийн хараат бус шалгаруулалтаар томоохон сорилтуудтай тулгарч буй 200 гаруй нэр дэвшигчдээс анхаарах ёстой 25 түүхэн, дурсгалт газруудын нэгээр шалгарсныг тэмдэглэн өнгөрүүллээ.

2025

2025

Улаанбаатар биенналь

МУЗ нь 2025 оны 6-р сард Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээний үйл ажиллагааны 7 төрлийн нэг болох медиа, дүрслэх урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Улаанбаатар” биенналийг санаачлан, хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, түүх, соёл, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж эхэлсэн. 2025 онд “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн дор олон улсын ерөнхий болон хамтарсан үзэсгэлэн, тайз болон гадна талбайн хөтөлбөр, урлагийн боловсролын хөтөлбөр, куратор, уран бүтээлчдийн сургалт, уулзалт зэрэг хөтөлбөрүүдтэйгээр амжилттай зохион байгуулж эхэлсэн.

2025

2024

Амжилтын гарц сургалт

МУЗ нь 2024 оны намраас эхлэн чөлөөт уран бүтээлчид, урлагийн салбарын залуу менежерүүдийн чадавхыг дээшлүүлэх, манлайллын ур чадвар, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Амжилтын гарц” сургалтыг санаачлан зохион байгуулж, 2025 оны байдлаар нийт 23 уран бүтээлчийн чадавхыг  дээшлүүлсэн байна.

2024

2023

Хэнтий аймгийн Сэцэн Хан ордон музей тохижилт

МУЗ нь М-Си-Эс групп болон Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордны гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

2023

2023

“Өв-Эрдэнэ” соёлын өвийн театр

МУЗ нь “Рио Tинто Монгол” компанитай хамтран нийгмийн хариуцлага, соёлын өвийг хамгаалах бодлогын хүрээнд 2021 оны 12 сараас Соёлын өвийн үндэсний төв, Монголын Урлагийн Зөвлөлтэй санамж бичиг байгуулан хамтран ажиллаж, “Өв-Эрдэнэ” соёлын өвийн театрыг ашиглалтад оруулсан юм.

2023

2022-2024

ЧЛСМ Ядамын сүмийн сэргээн засварлалт

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн төсөл өндөрлөж, Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлаж дууслаа.

2022-2024

2019-2020

“Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөр

“Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд соёлын дурсгалт газрууд болон дурсгалт уран барилгын нөхцөл байдал эрсдэлийн судалгаа шинжилгээ, барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал: Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг 2019 онд Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келлиг 2019 онд Улаанбаатар хотод урьж ажиллуулан, Чойжин ламын сүм музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгааг хийлгэн, сэргээн засварлалтын зөвлөмж, цаашдын хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг /CMP/ 2020 онд боловсруулсан. Стивен Келлиг Улаанбаатарт ажиллах үеэр “Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” сэдвээр 14 хоногийн сургалт зохион байгуулж, Монголын 30 гаруй мэргэжилтнүүдийг хамруулсан. Амарбаясгалант хийдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төслийг 2019 онд хэрэгжүүлсэн. Занабазарын музей ба Чойжин ламын сүм музейд Augmented reality AR дижитал үзмэр бүтээж өгч, ухаалаг нүдний шил ба Android, iOs таблетаар үзэх боломжтой болсон. Чойжин ламын сүм музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 м.кв ногоон байгууламж, 1500 м.кв авто зогсоол, 1600 м.кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлэг суурилуулсан. Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төсвийг боловсруулж сэргээн засварлахад бэлэн болгосон. 2020-2021 “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлыг эхлүүлсний үр дүнд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/-аас санхүүжилт бүрдүүлэн, Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн барилгыг 2021-2022 онд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлах эх үүсвэр тавигдсан.

2019-2020

2018

Бид чадна – бид авьяастай

МУЗ нь өнөөгийн нийгэм дэх олон төрлийн хөгжлийн ялгаатай иргэдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хэмжээний кино бүтээх төслийг Монгол дахь Австралийн Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хугацаанд нийт 3 богино хэмжээний кино бүтээж, 80 гаруй оюуны болон хөгжлийн ялгаатай сургагчдыг төсөлд хамруулж, тэдний өөртөө итгэх итгэл, урам зоригийг нэмэхэд хувь нэмрээ оруулаад буй.

2018

2018

“Моушн Mонголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам

“Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам нь дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж, АНУ, Канад, ОХУ болон Монголын орчин үеийн бүжгүүдээс толилуулж байсан.

2018