Соёлын өвийн хөтөлбөрийн танилцуулга

МУЗ-ийн Соёлын өвийн хөтөлбөр нь Монголын биет ба биет бус соёлын өвийн хадгалалт  хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд соёлын өвийн талаар сурталчлан мэдлэг олгох, хойч үедээ өвлүүлэн үлдээх зэрэгт чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ирсэн болно. Тэдгээрийн үр дүнд тус хөтөлбөр нь төр захиргааны байгууллага, соёл урлагийн байгууллага мөн дотоодын болон гадаадын музей хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирлээ.

 

2012 онд тус хөтөлбөрийн хүрээнд музейн чадавхыг  нэмэгдүүлэх, музейн боловсролын ажилтнуудыг сургалтын материалаар дэмжих, соёлын өвийн талаар хүүхэд залууст мэдлэг олгох, ардын язгуур урлагийг сурталчлах,  түүх соёлын дурсгалт газрыг хадгалан хамгаалах чиглэлээр цогц ажил хийлээ. Тухайлбал “Нэгэн зууны тэртээх Монгол улс Франц гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэн, Амарбаясгалант Хийдийн Хадгалалт Хамгаалалт төсөл, “Хайрцган дах музей” соёлын өвийн боловсролын төслийг хэрэгжүүлсэн. Мөн  Монголын язгуур урлагийг дэлхий дахинд таниулан дэлгэрүүлэх чиглэлээр үндэсний чуулга, хамтлаг уран бүтээлчидтэй хамтран ажилласан.