Дүрст мэдээ

3-р сар 18, 2014

“ДАРАА НЬ ХАРАМСАХГҮЙН ТУЛД… ТА ХОГОО БАГАСГА, БОД, БОЛОВСРУУЛ!”

 

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн санаачлагаар Рио Тинто ХХК-ны дэмжлэгтэй хог хаягдлаа бууруулах, ангилах, дахин ашиглах замаар хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалсан “ДАРАА НЬ ХАРАМСАХГҮЙН ТУЛД… ТА ХОГОО БАГАСГА, БОД, БОЛОВСРУУЛ!” орчин үеийн уран баримал, медиа урлагийн үзэсгэлэнг 2014 оны 3-р сарын 19-ны өдрөөс эхлэн олон нийтэд толилуулах гэж байна. 

Үзэсгэлэнд 7 залуу уран бүтээлчийн дахивар хог хаягдлаар бүтээсэн орчин үеийн баримал буюу инстоляци, фото, видео зэрэг ажлууд оролцож байна. Тэдгээр бүтээлүүд нь хүмүүст өөрсдөө хог хаягдлын анхан шатны үйлдвэрлэгч гэдгийг ухааруулах, хог хаягдлаа бууруулах, ангилах, ухаалаг хэрэглээг хэвшүүлэхийг сануулж, энэ чиглэлээр тулгамдсан олон асуудал байгаа талаар нээлттэй ЯРИЛЦЛАГА-ыг өрнүүлэхийг хичээсэн. 

Олон улсад орчин үеийн урлагийн бүтээлүүд нь зөвхөн хүн төрөлхтөний гоо сайхан, төгс төгөлдөрийн илэрхийлэл байхаас гадна нийгэмд өрнөж буй олон талт үйл явцыг илэрхийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг төлөвшүүлэх чиг хандлагатай болж байна. 

Тиймээс зохион байгуулагчид уран бүтээлийн хийц, хэлбэрээс илүү, бүтээлийн санаа, сэдэл, нийгэмд хүргэх үр нөлөө, ач холбогдлыг чухалчилсан болно.

Энэхүү үзэсгэлэн нь дээрх сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй анхны санаачлага бөгөөд 2014 оны 3-р сарын 19-нөөс 31-ны өдрийг дуустал МУЗ-ийн “Улаан Гэр” галерейд олон нийтэд нээлттэй хүрэх болно.