Бидний тухай

Монгол улс үндэсний соёлын их өв уламжлал, авьяаслаг уран бүтээлчидтэй билээ.  Эдгээр уран бүтээлчид эх орондоо төдийгүй Монголын соёлын өвийг дэлхийд таниулах онцгой гайхалтай уран бүтээл туурвидаг юм. Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын соёл урлагийг тогтвортой хөгжүүлэх, сурталчилах, хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор Урлаг, Олон нийтийн Урлагийн боловсрол, Соёлын өв, Хөгжлийн  зэрэг үндсэн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлдэг болно.

Бид соёл урлагийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн ойлгодог. МУЗ-ийн хөтөлбөр, төслүүд ч урлагаар дамжуулан  нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх, Монголын өвөрмөц соёлын өвийг дэлхийд таниулахаар зорин ажилладаг.

1990 оноос өрнөсөн шилжилтийн үйл явц нийгмийн амьдралд цоо шинэ бэрхшээл сорилтуудыг авчирсан нь соёл урлагийн салбарыг ч тойрч гарсангүй. Өнөөдөр  уран бүтээлчид, урлагийн байгууллагууд зорилтоо хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай санхүүжилт, дэд бүтцээр гачигдаж байна. Мөн төр засгаас урлагт үзүүлдэг санхүүгийн дэмжлэг огцом буурч, урлагийг дэмждэг хандивлагчдыг татварын бодлогоор урамшуулах явдал дутагдсан нь соёл урлагийн хөгжил, туурвин бүтээх, үндэсний соёлын өвийг хадгалан хамгаалахад сөрөг нөлөө үзүүлсэн юм.

Иймд Монголын уран бүтээлчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, бизнесийн салбарын төлөлөгчид хамтран Монголын Урлагийн Зөвлөл нийгэмд үйлчилдэг ТББ-ыг Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн ( Соросын сан)-ийн дэмжлэгтэйгээр МУЗ-ийг 2002 онд байгуулсан болно.