​ARTIFICIAL INTELLIGENCE: Абсолют байж чадсан нь “амьд” үлдэнэ


“YouTube” сувагт нэг дуу нь л гэхэд 10 гаруй сая хүний хандалт авч, олон орны залууст танигдсан Японы дуучин Хацуна Микугийн талаар бид ярьж байлаа. Урт цэнхэр үсээ хоёр салаа боосон 16 настай энэ охин олон залуусын сэтгэлийг татаж, түүний зурагтай бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн лангуун дээрээс ганц өдрийн дотор л алга болж байв. Мику хэд хэдэн удаа тоглолтоо хийж, “Amazon.com”-оор дамжуулан гадаад зах зээл рүү тэлэв. Түүний талаар мэдээлэл “BBC”, “CNN” зэрэг дэлхийд алдартай мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, товчхондоо тэр “од” боллоо. Анхны дуугаа гаргаснаас хойш зургаан жилийн дараа гэхэд 16 настай Хацуно Микугийн брендийн бараанууд нийт 10 тэрбум иенд хүрч зарагдсан тухай Номурагийн судалгааны институтээс мэдээлэв. 16 настай гэсэн учир нь тэр зургаан жилийн дараа гэхэд ч яг л энэ насаараа, яг л өнөөх хоёр салаа цэнхэр үстэй, туранхай жаахан охин хэвээр байлаа. Нэг үгээр хэлбэл, Хацуна Мику бол хүний гараар бүтээгдсэн хиймэл дуу хоолой, хиймэл дүр юм, хэзээ ч хөгшрөхгүй, хэзээ ч ядрахгүй, хэзээ ч дуу хоолой нь гэмтэхгүй, тоглолтоо хаана ч өртөг багатайгаар хийх боломжтой нэгэн. Ийм дуу хоолой, ийм дүртэй хүн энэ ертөнцөд байхгүй, гэхдээ Хацуна Мику гэдэг Япон дуучин бидний дунд амьдарч буй нь үнэн. Хиймэл оюун ухаан бидний хэрэглээнд хэзээ нэвтэрч, бидний ажлыг хэзээ булаах вэ гэсэн асуултыг тавихад дэндүү оройтжээ.

2017 оны Эдийн засгийн чуулга уулзалт /Давосын чуулга уулзалт/-ын онцлох сэдвүүдийн нэг нь яах аргагүй Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал байлаа. Машинууд хэрэглээнд нэвтэрч, бидний ажлыг хөнгөвчлөх болсон гуравдугаар хувьсгалын дараагийн үе буюу машинууд өөрөө өөрсдийгөө хөгжүүлж, бодож, алдаагаа засаж, шийдвэр гаргадаг болох энэ үе хаяанд ирж, хаалга тогшиж байна. Өөрөө сэтгээд, алдаагаа өөрөө засчихдаг, шийдвэрээ ч өөрөө гаргачихдаг, нэг үгээр хэлбэл биднээс ухаантай роботууд гэрт минь орж ирэх нь. Одоо яах вэ? Бид бэлэн үү? Үр хүүхдүүдээ үүнд хэрхэн бэлдэх вэ, хүний оролцоо багасч байна, бодох сэтгэх бүх ажлуудаа энэ “ухаан”-уудаар хийлгэчих үү? Тэгвэл бид тархиа хэрхэн хөгжүүлэх вэ? Бид юу хийх вэ? зэрэг олон асуудалтай нүүр тулж байна. Гэсэн ч 2017 он бол дэлхийн ард түмэн хиймэл оюун ухааны ертөнц гэх их далайд хөлөө дүрж үзэх жил байх болно гэж Давосын чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб онцоллоо.

Хацуна Мику анх 2007 оны наймдугаар сарын 31-нд олны өмнө гарч байв. Бүтээгч болох Крифтон фучер медиа /Crypton future media/ нь “Yamaha” корпорацийн воколайд2, воколойд3 (Vocaloid) технологид үндэслэн түүнийг зохиожээ. Ингэхдээ Японы дуу оруулагч, жүжигчин Саки Фүжитагийн хоолойг модель болгон хийсэн бөгөөд тоглолтон дээрээ тэрээр аниме прожектоор үзүүлбэрээ үзүүлдэг. Хацуна Микуг 2008 оноос хойш мэргэжлийн хөгжим зохиогчдод чиглэн маркетинг хийх болсон бөгөөд 2007 оны есдүгээр сарын 12-ны байдлаар Микугийн Амазонд зарагдсан үнэ нь 57.500 иен болж, тухайн үед хамгийн их борлуулалттай софтвэр болсон байна. Харин 2011 онд бүтээгч компани нь АНУ-ын үзэгчдийг чиглэсэн маркетинг хийж, Амазоны шилдэг борлуулалттай хит дуу болох “World is mine” дууны трейллерийг байршуулснаар дуу зарагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо “iTunes”-ын дан дууны дэлхийн топ арвын долоод багтлаа. Одоогоор Микугийн гаргасан 1188 дуу 845 цомогт нь багтаад байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН НИЙТ АЖЛЫН БАЙРНЫ 47 ХУВИЙГ “БУЛААНА”

Гудамжинд бидэнтэй зэрэгцэн хиймэл оюун ухаанууд алхаж байна, тэд бидний зарц, ажилтан байхаа больж, өрсөлдөгч, хамтрагч болж эхэллээ. Өөрсдөө ч мэдэлгүй бага багаар гулсан орж буй энэ шинэ эрин үед ажлын байрны 47 хувь тэдний мэдэлд шилжих нь. BBC агентлаг хиймэл оюун ухаанууд эрдэмтэд судлаачдын ажлыг дараагийн 20 жилд 10-20 хувь эзлэнэ хэмээн мэдээллээ. Энэ тоо баримтаас харахад ихэнх эрдэмтэд аюулгүй гэж харагдаж байгаа нь эрдэмтэд үргэлж маш идэвхитэй, шинийг санаачлагч, ухамсрын ажил хийдэгтэй холбоотой. Харин инженерүүдийн 0.41-99 хувийг эзлэх боломжтой гэсэн харьцангуй тоо гарч байна. Тухайлбал, худалдааны инженерийн ажлыг 0.41 хувь, компьютерийн инженерийн ажлыг 22 хувь, цахилгааны инженерийн ажлыг 10 хувь, механик инженерийн техникчдийн ажлыг 38 хувь, хүнс хөдөө аж ахуйн инженерүүдийн ажлыг 49 хувь, зүтгүүрийн инженерүүдийн ажлыг 99 хувь эзлэх боломжтой гэв. Үүнээс харахад инженерүүд хиймэл оюун ухаанаар солигдох магадлал харьцангуй бага мэт харагдаж байвч техникийн ажилчид болон туслахуудад аюул нүүрлэлээ. Харин уран бүтээлчдийн хувьд хийж буй ажил нь хиймэл оюун ухаантай солигдох магадлал маш бага байна. Мэйк ап артистууд болон театрын уран бүтээлчид ажлын байраа алдах магадлал 0.4 хувь, мультимедиа болон анимейшн бүтээдэг уран бүтээлчид 1.5 хувь, гар урлаачид 3.5 хувь, зураач, барималчид болон чимэглэгчид ажлын байраа алдах магадлал 4.2 хувь байна.

НАЙДВАР МИНЬ, МЭДРЭМЖ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛҮҮД МИНЬ




Урлагийн түүх модерн, пост модерн, контемпорари урлагуудаар үргэлжилж, шинэ тутам урлаг шил шилээ даран хөгжиж байна. Техник технологийн эрин зуунд урлаг ч мөн адил “техникжиж” видео арт, саунд арт, визуал урлаг, фото реализм, хиппи зэрэг төрлүүдээр өргөжив. Цаг үеэ даган хөгжиж буй урлагийн салбарыг хиймэл оюун ухааны эрин үед “өөрийгөө алдахгүй” байна гэх баталгаа үгүй.

Бидэнд тэдэн шиг их мэдлэг, мэдээллийн ой санамж, алгоритм бүхий логик, хурдан ажиллагаа, төгс гүйцэтгэл байхгүй ч гэлээ бидний хувьд зовлон гэж нэрийддэг үхэл, өвчин, айдсын тухай мэдрэмжүүд бий. Энэ “дутагдлууд” нь хүн төрөлхтөнийг өнөөдөр төгс матери юм гэдгийг нь дахин баталлаа. Тэгээд ч ертөнцийн тухай, хүслийн тухай, хүний амьдралын тухай, төсөөллийн тухай философийн ойлголт, хүний эмх замбараагүй бодлыг яавч компьютер орлож чадахгүй. Гэтэл урлаг гэгч нь энэ бүхнээс л урган гардаг билээ. Мэдрэмжийн зарим хэсгийг алгоритмчилж болно гэж үзсэн ч хүний хувьд мэдрэмж тонгорох боломжтой. Зарим үед амттай зүйл гашуун мэт, дугуй гэсэн нь дөрвөлжин болж, хүйтэн санагддаг нь дулаан мэт болох үе бий. Хайрлаж байсан хүнээ үзэн ядаж, үзэн яддаг хүнээ чин сэтгэлээсээ хайрлах, эмчлэгдэхгүй өвчнөө сэтгэлээрээ эмчилж, сэтгэл санаанаас болж үхэлтэй нүүр тулах гээд бидний ертөнцөд тооцоолж боломгүй зүйл даанч олон. Сэтгэлийн энэ олон хөдөлгөөнүүдийг шинжлэх ухаан өдийг хүртэл судлаж дуусаагүй, дүгнэж чадаагүй юм чинь хиймэл оюун ухаан эзэмшиж чадах нь юу л бол.

Нөгөөтэйгүүр урлагийг хиймэл оюун ухаан бүтээсэн эсэхээс үл шалтгаалан тэнд эстетик яригдана. Эстетикт натур байдал тун чухал үүрэгэй бөгөөд мөн л хүний үнэрлэх, амтлах, харах, хүрэлцэх, сонсох таван мэдрэмжээр дамжин тархинд хүрч, ухаан дотор орсон мэдрэмжүүд сэтгэл хөдөлгөнө.

Ингэхээр хиймэл оюун ухаан болоод уран бүтээлчдэд аль алинд нь давуу тал байгаа нь харагдах бөгөөд бидний найдвар бол мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд болж байна.

-МАШИНУУДЫН БҮТЭЭЛ БИДНИЙХЭЭС ХЯМД УЧИР ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТ ОЛНО-

Гэхдээ санаа амрах болоогүй роботууд, хиймэл оюун ухаанууд өнөөдөр дуучидтай, хөгжмийн зохиолчидтой мөр зэрэгцэн алхаад эхэлчихэж, тэдний хамтрагч, тэдний өрсөлдөгч болчихож. Зөвхөн дуучдаар зогсохгүй зураачид ч хиймэл “өрсөлдөгчидтэй” болж эхэлсэн. Тухайлбал, хэрэглэгч өөрийн хүссэн фото зургийг компьютерын программд оруулахад хиймэл оюун ухаан үүнийг боловсруулан хэдэн оны, ямар жанр, стилээр зуруулахыг хүссэн яг л түүгээр нь өгүүлэмж бүхий уран зураг болгон гаргана. Ийм зургуудыг хиймэл оюун ухаанууд цагт 2-3-ыг бүтээн, давуу талаа төгс болгон хөгжүүлж, өндөр түвшний гүйцэтгэл хийж байгаа тул бид хэтэрхий бардах хэрэггүй.

“Google”-ийн хиймэл оюун ухаан гэхэд бидний адил зүүдлэж чаддаг бөгөөд үүгээрээ урлаг хийж байна. “Жьюк Дек” гэх компани хүмүүсийн дуу хоолойны араншин, өнгө зэрэгт тохирсон дууг алгоритмын дагуу зохиож өгч, хөгжмийн зохиолчдын ажлыг хийх боллоо. Хэдийгээр энэ нь хөгжимчин, хөгжмийн зохиолчдын ажлыг булаах гэсэн оролдлого бус харин ч ажлыг нь хөнгөвчилөх зорилготой гэж байгаа ч энэ технологи цаашид хөгжиж л таарна. Студид хэдэн цаг хийдэг байсан ажлыг зөөврийн компьютер дээр хэдхэн цагийн дотор хийчихдэг болсон нь яах аргагүй ухаалаг шийдэл мөн.

Өнгөрсөн 12 дугаар сард гэхэд л Францын Сони компьютерийн эрдэм шинжилгээний лаборатори “DeepBach” нэртэй программаар дамжуулан “Chorals”-тай төстэй хөгжмийг бүтээв. Хиймэл оюун ухааны бүтээсэн энэ хөгжмийг хөгжимчдөд сонсгоход 40 хувь нь энэ бүтээлийг Бахын өөрийнх нь бүтээл гэсэн бол зарим нь үүнийг 18 дугаар зууны Лайпцигийн хөгжимтэй андуурч байлаа. Судлаачид хүний оролцоогүйгээр бичигдсэн энэ хөгжмийг паралель октав зэрэг композицийн алдаа гаргаж байсан ч чухал зүйлсийг нь маш сайн ашиглаж, маш сайн бичиж чадсан байна хэмээн дүгнэжээ. Компьютерын бичиж буй хөгжим нь хэн нэгнийг дуурайгаагүй, давтаагүй, харин маш их мэдээллийн сангаас өөрсдөө ухаалаг сонголт хийн хялбар аргаар бүтээсэн тул үнэ өртгийн хувьд ч хямд байлаа. Иймд эдийн засгийн бололцоо муу ч урлаг бүтээх гэсэн эрмэлзэлтэй хүмүүс энэ хямд аяыг худалдан авч, шинэ уран бүтээл гаргах болжээ. Өнөөдөр бидний дэлгүүрт, ресторанд, олон нийтийн газарт орохдоо чихнийхээ хажуугаар сонсоод өнгөрөөдөг нэгэн хэмнэлт аяууд ихэвчлэн хиймэл оюун ухааны бүтээл байх болов.

Бас нэгэн жишээ дурдахад, өнгөрсөн зун Европын “Neural network” нь Ван-Гог, Эдвард Мюнх зэрэг уран бүтээлчдийн зургуудад судалгаа явуулж, тэдний зургийг яг тэр хэв загвараар нь ямар ч алдаагүй зурж эхэлсэн байна. “Prisma” нэртэй апп хөгжүүлэгчид Германы хиймэл оюун ухаан судлаачдын ажил дээр үндэслэн хэрэглэгч өөрийн зургийг Ван Гогийн зургуудын адил болгон компьютераар зуруулах боломжтой программ бүтээлээ. Тэд цаг минутаар өсөн дэвжиж, хөгжиж байхад уран бүтээлчид бид харин бодохоо, төсөөлөхөө, сэтгэхээ хойш тавин залхуурч болохгүй.

Өнөөг хүртэл хиймэл оюун ухаан аливаад суралцахдаа сайн сурагч байсан ч шинийг бүтээхдээ сайн байсангүй. Ван Гогийн техникүүдийг сайн сурч чадах ч тэр Ван Гог биш. Тийм болохоор ч бид одоохондоо роботуудыг галерейд харахгүй гэж найдна. Роботууд давж чадахгүй тийм өндөр даваанууд хүн төрөлхтөн биднийг хүрээлж байгаа тул санаа зовнимгүй, гэвч цаашид юу болохыг бас л бид мэдэхгүй шүү дээ.

ШҮҮЛТИЙН ЦАГ: АБСОЛЮТ БАЙЖ ЧАДСАН НЬ АМЬД ҮЛДЭНЭ

Энэ жил хиймэл оюун ухааны бичсэн зохиол Японы үлгэр домгийн бичвэрийн төрөлд эхний шатыг давсан тухай мэдээлэл байна. Хүмүүсийн бичсэнтэй харьцуулахад энэ бичвэр тийм сайн байгаагүй ч технологийн анхны алхам гэдэг утгаараа гайхамшигтай гэж хэлж болно. Цаашид улам сайжруулахын тулд судлаачид алгоритм дээрээ ахин ажиллах, логикын алдааг нь засч сайжруулах, мэдээллийн өргөн сан байгуулах зэргээр ажиллаж байна. Ингэхдээ дуучин оюун ухаан дуугаа л дуулах, шатар тоглодог оюун ухаан шатраа л тоглоно гэх мэтээр мэргэшүүлж байгаа. Илүү их цаг хугацаа, зүтгэл шаардагдах ч хиймэл оюун ухааны бүх алдаа засагдах боломжтойн дээр яаж ч сайжруулах боломжтой гэж тэд үзэв. Тэд гүйцэтгэлээ төгс хийнэ, өнгө будгийн зохицол, үг найруулгын алдаа хэзээ ч хийхгүй. Натурализмын салбарт тэд номер нэг байна. Үзэгчид лего тоглоомонд хайртай болсон шигээ зохиомол, хиймэл зүйлсийг шүтэж чадна. Тэднийг худалдан авч, хүлээж, хэлсэн үгэнд нь сэтгэл хөдлөнө. Тиймээс машинуудын бүтээлийг хүмүүс таашаахгүй гэсэн үг ч биш. Бидний хувьд өмнө нь хэзээ ч зурагдаж, бичигдэж, бүтээгдэж, сонсогдож байгаагүй зүйлсийг хийж чаддагаараа л давуу талтай. Өнөөгийн бүтээлч мэргэжилтнүүдэд ирдэг шагналууд ч энэ чадвартай нь холбоотой.

Хэдийгээр хүмүүнлэг оюун ухааныг машинтай харьцуулж, өрсөлдүүлэх мэт ийм бичвэр бичих нь байж боломгүй асуудал гэж болох ч бид зах зээлээ алдаад эхэлсэн нь үнэн. Уг нь технологийг хүмүүсийн туслах болгон хийдэг болохоос хүмүүсийг орлуулах гэж хийдэггүй. Хүн төрөлхтөн автомашиныг гүйцэж түрүүлэх үгүй дээ санаа зовдоггүй, эсвэл ачаа өргөдөг машинуудаас хүчтэй байх гэж, онгоц шиг нисж чадахгүй дээ, компьютер шиг хурдан тооцоолж, их зүйлийг санаж чаддаггүйдээ санаа зовдоггүй. Учир нь бидэнд тэгэх шаардлага байхгүй. Эцсийн эцэст бид урлагийг хүмүүнлэг нийгмийн мэдрэмжээр таашааж, хиймэл бус байдлыг илүүд үзсээр байх болно.

Гэвч уран бүтээлчид уран бүтээлчидтэйгээ бус машинуудтай өрсөлдөх шаардлага тулчихаад байгаа нь ч үнэн. Тэр цагт даган дуурайгчид хиймэл оюун ухаанд бут цохигдож, жинхэнэ урлагийн бүтээлүүд цойлон гарах юуны магад. Уналтанд орж, хуучин бүхнээ нэгтгэн гаргаж буй урлагт шинэ агаар орж, Хегелийн, Адорногийн, Кантын абсолют эстетик, абсолют сонгодогууд бидний мэлмийг мялаах юуны магад.

Яг л Христийн үлгэр шиг, хиймэл оюун ухаан уран бүтээлчид биднийг шүүлтэнд оруулах цаг иржээ.

Нийтлэлч: Баасанжавын Гэрэлмаа