Дүрст мэдээ

5-р сар 21, 2014

Швейцарь Монголын хамтарсан “Агула” хөгжмийн төсөл

Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой 2014 онд тохиож байгаатай холбогдуулан Швейцарийн Хөгжлийн агентлагаас санаачлан Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Агула” хөгжмийн хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь Швейцарь Монголын эдийн засаг, соёл урлаг, хүмүүнлэг болон хөгжлийн хамтын ажиллагааг хоёр улсын уран бүтээлчдийн шинэ хөгжмийн төслөөр дамжуулан тэмдэглэхэд оршино. 

Швейцарь Монголын мөнх цаст уулсыг билэгдэн уйгаржин Монгол бичгээр “Агула” (Уул) нэрээр овоглосон хөтөлбөрийн хүрээнд Швейцарийн Хенрих Кайзег болон Монголын “Арга Билэг” жазз хамтлагууд хамтран арван шинэ хөгжмийн бүтээлийг анх удаа хамтран бүтээнэ. Эдгээр бүтээлийг 2014 оны 5-р сарын 29,30 нд 19 цагаас Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулагдах “Агула” хөгжмийн тоглолтын үеэр олон нийтийн хүртээл болгоно. 

Хөтөлбөрийн хүрээнд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан цомог гарах бөгөөд тус цомгийн бичлэгийг “White Arch” бичлэгийн студид хийж, цомгийн хэвлэлтийг Швейцарийн “Musique Suisses” дуу бичлэгийн студид бүтээнэ. “Агула” цомог нь хөгжмийн зохиолч Хенрих Кайзег болон Монголын залуу авъяаслаг хөгжмийн зохиолч Т. Пүрэвсүх нарын зохиосон шинэ зургаан хөгжмийн бүтээл орохоос гадна тус хоёр хамтлагийн шилдэг дөрвөн хөгжмийн бүтээлийг шинэ найруулга багтана.  

Мөн хөтөлбөрийн хүрээнд “Musique Suisses” дуу бичлэгийн студийн продюсер  Клаудио Данусер  хүрэлцэн ирж, Швейцарийн хөгжмийн түүх, өнөөгийн байдлын тухай лекц ярилцлага, Швейцарийн дуурийн урлагийн цоморлиг тоглолтыг тус тус олон нийтэд хүргэнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Мэдээлэл, харилцааны ахлах ажилтан Д. Соёлмаатай 331 422 утсаар мөн soyolmaa.dolgor@eda.admin.ch цахим хаягаар болон МУЗ Урлагийн хөтөлбөрийн захирал Б. Номинтуяатай 319015 утсаар болон arts@artscouncil.mn хаягаар холбогдоно уу.