Дүрст мэдээ

4-р сар 24, 2017

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ХАРИУЦЛАГАТАЙ, БҮТЭЭЛЧ, ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 15 ЖИЛ

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-гийн дэмжлэгтэйгээр Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.

Өнгөрсөн хугацаанд МУЗ нь байгууллагын засаглал, хүний нөөц, санхүүжилтын хувьд хөгжин бэхжиж, үндэсний болон олон улсын түвшинд хөтөлбөрүүдээ тогтвортой хэрэгжүүлж, үйл ажиллагаагаараа дамжуулан соёл урлагийн салбарын нийгэм эдийн засаг, хүний хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

Монголын соёлыг олон улсад сурталчлах, Монгол уран бүтээлчдийг олон улсад уран бүтээлээ туурвихад нь дэмжих, гадны уран бүтээлчдийг Монголд урьж авчрах зэргээр урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, АНУ, Австрали, Афганистан, Бельги, Герман, Дани, Канад, Иран, Их Британи, Норвеги, Солонгос, Тайвань, Турк, Польш, Хятад, Франц, Япон гэх зэрэг дэлхийн 47 орны үндэсний соёл урлагийн байгууллага, уран бүтээлчидтэй бүтээлч олон талт хамтын ажиллагааг тогтвортой явуулж ирлээ. Мөн олон нийтийн урлагийн боловсролоор дамжуулан бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд урлагийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг таниулан сурталчлах, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа.

2017 онд МУЗ-ийн 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд МУЗ-ийн Монголын соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ололт амжилт, олон талт хамтын ажиллагааг олон нийтэд өргөнөөр таниулан сурталчлах зорилготой “Хариуцлагатай, Бүтээлч, Олон талт хамтын ажиллагааны 15 жил” аяныг санаачлан Ариг Банк, “Анрид” ХХК-тай хамтран жилийн турш зохион байгуулна.

Хариуцлагатай гэдэг нь МУЗ-ийн соёл урлагийн салбарт 15 жилийн турш оруулсан хувь нэмэр, ололт амжилтаар дүгнэгдэнэ. Тухайлбал 2016 оны 12 сарын байдлаар МУЗ нь 6,2 гаруй сая ам. долларын санхүүжилтийг бүрдүүлж, Монголын урлагийн хөгжилд хөрөнгө оруулсан байна. Эдгээр санхүүжилтыг бий болгоход 582 төслийг санаачлан хэрэгжүүлж, 847 ивээн тэтгэгч санхүүжүүлэгчтэй хамтран ажиллаж, 1072 ажлын байрыг бий болгон, 448,000 ам долларын албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд улсад тушаасан байна.

Бүтээлч гэдэг нь МУЗ нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжсэн үзүүлэлтээр дүгнэгдэнэ. МУЗ нь соёл урлагийн байгууллага уран бүтээлчид болон бусад салбарын мэргэжилтнүүдийг дэмжиж нийт 5183 уран бүтээлч ба соёлын өв тээгчид, 1163 урлагийн менежерийг төсөл хөтөлбөрт хамруулж, уран бүтээл ба мэргэжлийн сургалтаар дамжуулан тэдгээрийн ур чадавхийг дээшлүүлсэн байна. Мөн үндэсний болон олон улсын тэтгэлэгийг 373 залуу авьяаслаг уран бүтээлчдэд олгон, сургалт хөтөлбөрт 1207 багш, 7488 хүүхэд залуучуудыг хамруулж, нийтдээ 4,966,610 үзэгч сонсогчдод хүрч ажилласан байна.

Олон талт хамтын ажиллагааны хувьд МУЗ-ийн гадаад болон дотоодын хамтрагч байгууллага, төсөл хөтөлбөр болон бусад салбарын хамтын ажиллагааг багцлан хүргэж байна. Олон улсын соёлын солилцооны хүрээнд Монголын уран бүтээлчдийг олон улсын урлагийн наадам, аялан тоглолт, үзэсгэлэн, урт болон богино хугацааны сургалт, туршлага солилцох хөтөлбөрт оролцуулж, гадаадаас олон орны уран бүтээлчдийг Монголд урьж авчрах зэргээр нийт 455 хүнийг олон улсын төсөл хөтөлбөрт хамрууллаа. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан 158 олон улсын хамтрагч, 135 олон улсын хандивлагчдийг бий болгож, дотоодын 554 хамтрагч байгууллага, 98 хандивлагч байгууллагатай хамтран Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр орууллаа.

Эдгээр ололт амжилтыг танилцуулах зорилгоор МУЗ-ийн 15 жилийн ойн нээлтийн ажиллагаа болгож “Урлагийн үнэ цэнэ” арга хэмжээг 2017 оны 4-р сарын 27-нд Corporate Hotel & Convention Centre-т зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд нийгэм, эдийн засаг, хувь хүний хөгжилд оруулж буй урлагийн хувь нэмэр, түүний үр нөлөө, хамрах хүрээ, өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага зэрэг өргөн агуулгатай “Урлагийн үнэлэмж” хэлэлцүүлэг, анх удаа олон нийтэд толилуулах “Үл танигдах” орчин үеийн бүжиг, “Re-Imagine Mongolia” үзэсгэлэн, АНУ-ын соёлын элч болох “Vocal Trash” хамтлагийн тоглолт болон “ACM” уран зураг бүтээх агшин зэрэг сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулна.

Эцэст нь бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин, соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтран ажилласан бүхий л байгууллага, хувь хүн, хамтрагч, анд нөхөд, гишүүд, сайн дурын ажилтнууддаа гүн талархал илэрхийлэхийн ялдамд МУЗ-ийн “Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жил” аянд нэгдэхийг уриалж байна!

Дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn сайт болон 319015 дугаарын утсаар холбогдож авна уу.