Дүрст мэдээ

4-р сар 01, 2015

“ҮНСГЭЛЖИН” хүүхдийн бүжгэн жүжиг СТӨ –ний тайзнаа тавигдана.



Монголын сонгодог урлагийн урын санг хүүхэд залуучуудад зориулсан шинэ уран бүтээлээр нэмэгдүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор “Үнсгэлжин” хүүхдийн сонгодог бүжгэн жүжиг 2015 оны 4-р сарын 10-нд 14, 18 цагаас, 11-нд 14 цагаас тус тус Соёлын төв өргөөнд зохион байгуулагдана.

“Үнсгэлжин” балет нь Монголд 1972 онд Дуурь Бүжгийн Театрын тайзнаа ОХУ-ын С.Прокофьевийн хөгжим, В.Захаровын дэглэн найруулснаар “Золушка” нэрээр анх тавигдаж байжээ. Тухайн үед уг бүтээл цөөн тоглогдож, улмаар 1980-аад оноос хойш дахин тоглогдоогүй өдий хүрчээ.
“Үнсгэлжин” балет нь АНУ-ын Нью Йорк балет, Бостон балет компани, Чикагогийн Броадвэй театр, Лос Анжелес Хотын Театр, Канадын Торонто хотын театр, ОХУ-ын Москва хотын Большой театр зэрэг дэлхийн олон орны тайзнаа сонгодог, орчин үеийн ба хошин хэлбэрийн тавилттайгаар тоглогддог байна.
Энэхүү дэлхийд алдартай бүжгэн жүжгийг дахин Монголын тайзнаа тавихаар Монголын Урлагийн Зөвлөл, “UB Ballet” балетын сургалтын төв, Хөгжим Бүжгийн Коллежтэй хамтран Ариг Банк, Төгөлдөр сангийн санхүүжилтээр ажиллаж байна.