Дүрст мэдээ

4-р сар 29, 2015

“ҮЛ ҮЙЛД!” МЕДИА ҮЗЭСГЭЛЭН


Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс МУ-ын Хууль Зүйн Яамны санаачлага, дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг дээшлүүлэх зорилгоор залуу уран бүтээлчдийн хамтарсан “ҮЛ ҮЙЛД!” медиа үзэсгэлэнг 2015 оны 4-р сарын 30-ны өдөр “Улаан гэр” галерейд нээж байна.


“ҮЛ ҮЙЛД!” медиа үзэсгэлэнд залуу уран бүтээлч Ш.Ихбаяр, Б.Ундрам, Б.Нандин-Эрдэнэ, Б.Рэнцэндорж, Б.Бэхээдэй нарын гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэр дундаа хүмүүсийн үл анзаардаг эдийн засгийн, сэтгэл санааны хүчирхийллийн сэдвийг хөндсөн видео, аудио фото, ханын зураг, инстоляци, график бүтээлүүд тавигдаж байгаа болно. Үзэсгэлэн 2015 оны 05-р сарын 15-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй хүрэх болно. Мөн үзэсгэлэнгийн үеэр нээлттэй хэлэлцүүлэг болон уран бүтээлчдийн уулзалт ярилцлагыг зохион байгуулагдана. Хөтөлбөрийг https://www.facebook.com/events/964900003550977/ хаягаар орж, авна уу.

Урлаг бол аливаа асуудлыг хүн ба нийгэмд хүргэх хамгийн ойр арга хэлбэр. Олон улсад урлагаар дамжуулан нийгмийн тодорхой асуудлыг шүүмжилж, илчилж, олны анхаарлыг татаж, уриалан дууддаг туршлага их байдаг. Үүний нэгэн адил өнөөдөр Монголын нийгмийн тулгамдсан асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийллийг Монгол уран бүтээлчид өөрсдийн дуу хоолойгоор илэрхийлэхийг зорьлоо. Мэдээж ганц үзэсгэлэнгээр асуудал шийдэгдэхгүй ч, өнөөдөр бидний амьдралд хэвшил, нүдэнд дасал болтлоо анзаарагдахаа больсон “гэр бүлийн хүчирхийлэл”-ийг эхлээд өөрсдөөсөө эхэлж үл зөвшөөрч, үл тэвчиж, улмаар олон нийтээрээ хүчирхийллийг үл үйлдэхэд өөрсдийн дуу хоолойг хүргэхийг уриалж байгаа юм.

Төслийг санаачлагч, дэмжигч: Хууль Зүйн Яам
Зохион байгуулагч: Монголын Урлагийн Зөвлөл
Хамтрагч: Уай энд Ар Монголиа ХХК
ХААН Банк
Хэвлэлийн мэдээллийн дэмжигч: Гэр бүлийн радио 104,5





ҮЛ ҮЙЛД!
Медиа үзэсгэлэн

Урлаг гэр бүлийн хүчирхийллийг зогсоож чадах уу, түүнд ийм хэмжээний хүч бий юу? Эсвэл хэтэрхий гэнэн асуулт уу?

Гэнэн гэхдээ боломжтой. Хүн ба хүчирхийлэл бол нэг зоосны хоёр тал эсвэл хүчирхийллийн ул мөр бидэнд өссөн орчин, гэр бүлээс тамгалсан “азгүй төөрөг” мэт оршдог гэдэгтэй Та санал нийлэх үү? Эсвэл хүчирхийлэл бидэнд огт хамаагүй бөгөөд надаас л бусад хүнд тохиолдох адгийн үзэгдэл гэж асуудлыг өөрөөсөө зайлуулсаар байх уу? Хүн төрөлхтөн байгалийн хүнд хэцүүг даван туулж амьд үлдэх, газар нутгаа бататган тэлэх, итгэл үнэмшлээ бусдад түгээхдээ бурангүй хүчирхийллийг нэг бус удаа үйлдэж байсныг бид мэднэ. Өчигдөрийн ялалт өнөөдрийн хүчирхийлэл байж болохыг ч нэг бус удаа харсан.

Тэгвэл хүчирхийлэл хаанаас эхтэй хийгээд, бидний мэдэх бие махьбодь, сэтгэл санааны хүчирхийллээс гадна эдийн засгийн болон бэлгийн хүчирхийллийн угшил хийгээд, үр дагаварын талаар бид хир их мэдэж, ярьж, үл үйлдэж, үл тэвчиж байгаа билээ? Өнөөдөр уурандаа хүүхэддээ өгсөн шийтгэлийн жавтий ирээдүйн хэн нэгэнд гар хүрэх үр хөврөлийг тогтоох улбаатайг бид хир их ярьдаг билээ? Хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ үл тоох, дарамтлах, тэнэг мунхаг хэнд ч хэрэггүй нэгэн гэдэгт итгүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд байр суурь эзлэхийг нь хавчих, итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг нь үгүйсгэх, өөрийн үзэл бодлыг тулган шаардах зэрэг гэр бүлээс гадуур нүдэнд үл үзэгдэж, баригдахгүй хичнээн олон хүчирхийллийн хэлбэр байдаг түүнтэй тулгарсан тохиолдолд хэрхэх талаар та бид хир зэрэг мэдэж ярьдаг билээ?

Хүчирхийлэлд амьдралдаа нэг ч удаа өртөөгүй юмуу, нэг ч удаа ямар нэгэн хүн, амьтанд их бага хэлбэрээр гар хүрээгүй хүн байдаг бил үү? Тэгвэл энэ бүхнийг бид яагаад үйлдэж, тэвчсээр байна? Хүчирхийллийг үл үйлдэж, үл тэвчихийг зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэхийн сацуу хэрхэн хүний ёс суртахуун болон амьдралын хэм хэмжээний нэгэн хэсэг болгох вэ? Хүчирхийлэл хаанаас эхтэй бөгөөд хаана хүргэдэг, түүнийг арилгахад та бид юу хийвэл зохистой талаар жирийн хүчирхийлэлд өртөгсөд болон түүнийг үйлдэгсэд, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, бодлого боловсруулагчид ярилцаж, хамтын дуу хоолойгоо олон нийтэд хүргэх зорилготой ҮЛ ҮЙЛД! медиа үзэсгэлэнг Хууль Зүйн Яамны санаачлага, дэмжлэгээр Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулж байгаадаа баяртай байна.

Мэдээж ганц үзэсгэлэнгээр асуудал шийдэгдэхгүй ч, өнөөдөр бидний амьдралд хэвшил, нүдэнд дасал болтлоо анзаарагдахаа больсон “гэр бүлийн хүчирхийлэл”-ийг эхлээд өөрсдөөсөө эхэлж үл зөвшөөрч, үл тэвчиж, улмаар олон нийтээрээ хүчирхийллийг үл үйлдэхэд өөрсдийн дуу хоолойг хүргэсэн Хууль Зүйн Яам болон залуу уран бүтээлч Ш.Ихбаяр, Б.Нандин-Эрдэнэ, Б.Ундрам, Б.Рэнцэндорж, Б.Бэхээдэй нарт талархал илэрхийлье!

Урлаг гэр бүлийн хүчирхийллийн талаар яриа өрнүүлж чадна... Хууль шийтгэж чадна... Үл тэвчиж, Үл үйлдэх эсэх нь Танаас хамаарна!!!