Нийтлэл

3-р сар 19, 2015

Эр хүний “хэв шинжит” дүр өнөөгийн урлагт

Зураачид хэтэрхий олон зураг үлдээх юм…

Түүний хамгийн заналт дайсан нь муу зургууд нь шүү дээ.

Хэнри Матисс

Социализмын үед хувьсгалчдын, ажилчин ангийн, нэгдэлчдийн, тариаланчдын, өнөөгийн сэхээтний гэх мэтээр “хэв шинжит дүр” бүтээх тухай маш их ярьж бас бүтээж ч байлаа.
Энэ бол социалист реализмын гол мөн чанар байсан ч байж мэднэ. Тэр цагт кинонд үзүүлээд зогсохгүй амьдрал дээр ч тийм хүний дүрийг бүтээдэг байлаа. Л.Түдэв гэх мэт шилдэг сэхээтнүүд өнөөх олон хөдөлмөрийн баатрууд гэх мэтээр хүнийг ч нийгэм нь бүтээж байсан билээ.
Тэгвэл энэ мартагдсан “хоцрогдсон” өнцгөөр өнөө цагт монгол эр хүмүүс яг ямар хэв шинжтэй болсныг, мөн одоо гарч байгаа дуу, хөгжим, уран зураг, кино урлагт ямар гээч хэв шинжтэй эр хүмүүсийн дүр зонхилж байгааг эргэж нэг харах гэж оролдъё.
Ер нь хэв шинжит дүр гэгч ухагдахуун бол нийтээрээ ямар байгааг ямар болох гэж хүсэж тэмүүлж байгааг нэг хүнээр төлөөлөн үзүүлдэг нэг ёсны үлгэр жишээ , нөгөө талаараа нийгмийн ерөнхий шинжийн тусгал гэж ойлгож болно.
Бидний үзээд дуусдаггүй Америк эр хүний хэв шинжийг эхлээд яръя. Ковбой гэх эхний хэв шинж байдаг нь жоохон ганцаардмал сайн эрийн, сүпермэний дүр. Жараад оноос маш хүчтэй бий болсон хэв шинжит Америк эрийн дүр бол Жэймс Бонд тэргүүтнүүд юм. Тагнуулч, эр зоригтой, ухаалаг маш царайлаг бас завхайдуу ийм баатрууд ар араасаа гарч ирсэн. Ийм кинонуудыг дуурайж Польш, Герман, Болгар зэрэг соц улсууд Ганс Колос, Дианов, Янек гэх мэтээр хийж байсан.
Америкийн Том Круйз, Брюс Уилс, Арнолд Шварцнегэр…гэх мэт жүжигчдийн бүтээсэн эх оронч, зоригтой, бусдад тус хүргээд явдаг Америк хүний супер хэв шинж одоо ч байсаар л байгаа. Дараа нь Сүпермээн, Бэтмээн, Хүн аалз… гэх мэтээр маш урт цуваа болсныг бүгд мэдэх хойно үл өгүүлээд өөрсдийнхөө тухай өгүүлье.
Дуу хөгжим нийтэд их түгдэгээс гадна тэр үеийн хэв шинжийг тусгаж байдаг. 1960 аад оны манай нийтийн дуу ихэнхдээ вальсын хэмнэлтэй байдаг нь тэр цагт бүжиг их түгээмэл байсныг илтгэх жишээтэй.
Харин одоо нийтэд түгсэн дуугаар авч үзвэл гүндүүгүй монгол эрийн тухай дуу нэлээд элбэг таарна. Энэ нийтийн дуунд шингэсэн хэв шинжит эр хүн бол өнөөх л Ч.Лодойдамба агсаны “Тунгалаг тамир”-ын Цахиур Төмөр хэмээх сайн эр эсвэл Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-н Юүдэнгээс улбаатай дүрүүд мэт. Ер нь ч тэр Юндэн ардын аман зохиолд гардаг Юндэн гөөгөөгөөс угшилтай ч байх ч талтай.

Уран зурагт одоо цагт хүний дүр маш ховордсон. Голдуу абстракт уран зураг, баримал, контемпорари арт хэмээх үзүүлэх урлаг зонхилж байна. Сэтгэлгээний талыг барьдаг болсон гэх бөгөөд хүний хөрөг зураг, хүн төвтэй зохиомж цөөрчээ. Хэт субьектив хандлагатай ч болсон байж мэднэ.
Өнөө цагийн урлаг гэхээр юун түрүүг хошин шог л санаанд орж ирнэ. Тэнд байх эрчүүдийн дүр ямар байна вэ гэхээр эр мөртлөө эм болсон чавганц, эмгэн болсон нь олонтоо. Маазарсан, уймарсан, бүтэлгүй, арчаагүй, архичин, хадам эхээ хорлосон, хортой алимаар хооллох гэсэн , эмтэйгээ арцалдсан явган зальтай явган шог шигээ эрчүүд дийлэнх нь харагдах ажээ
Бүх урлагийг хамарсан, бас хүн бүхэнд ойроор одоо цагийн кино урлагт ямар гээч эр хүний дүр байгааг харах гээд үзэе.
Социализмын үед бол бүүр зорилготойгоор хийдэг байсныг тоочих илүүц байх. Эхэндээ хувьсгалч тэмцэгч эрчүүд, сүүл рүүгээ хөдөлмөрч эрчүүд зонхилдог байлаа . “Сүхбаатар” “Цогт тайж”аас эхлээд “Хүргэн хүү” “Нийслэл хүү” гээр л жишээ авахад ямар хүнийг хүсч, бас үзүүлж байсан нь тодорхой.

Гэтэл сүүлийн 25 жилд ямар дүр хүсээд бүтээгээд байгааг харахад их ойлгомж муутай. Эхлээд өөрийнхөө бичсэн “Бодлын хулгайч” кинонд гарах С.Амарсайханы бүтээсэн дүрээр 90 ээд оны хэв шинжит дүрийг бүтээх гэж чармайснаа нуугаад яахав. Тэр цагт нийгэм тэр аяараа хулгай, луйвар, заль мэх байсан төдийгүй Америк гэж үлгэрийн орноос бөөн мөнгө орж ирнэ гэдэгт дээр дооргүй итгэсэн байсны тод томруун жишээ билээ. Улаан мөнгөн ус ч гэх шиг элдэв хялбар аргаар гэнэт баяжих тухай үлгэр амилаад байсан цаг.
Өөрийн бичсэнийг өөрөө ярих нь аль ч талаараа зохисгүй тул ингэсгээд зогсож өөр хүмүүсийн бүтээсэн эр хүний дүрийг хайхаар цахим хуудсандаа мэргэн олноосоо дэмжлэг хүслээ.
Хариу нь бараг минийхтэй ижил тоймтой дүр хэлсэн хүн гарсангүй…Ёстой бодоод санаанд буух дүр алга, Хуучин цагаас гэвэл Гарьд Магнайн Молиго Очир, Хөх чоно, Цахиур Төмөр гээд л жинхэнэ Монгол Эрс ийм байдаг байх гэж бахархдаг байжээ. Одоо драмын театрын Ц.Цэрэнболд гээд монголжуу төрхтэй жүжигчин аймшгийн кинонд тоглосныг нь мэдэхийн яг тийм хэв шинжит дүрийг нь санахгүй нь…Царай зүс нь Монгол эр хүний шинжтэй ч …Ер санаанд орж ирэхгүй юм…С.Болд-Эрдэнийн “Орхидос” киноны дүр орчин цагийн гэр бүл салалт, дагавар хүүхэдтэй эцэг хүний дүр хэв шинжит дүр байж болох уу? Ийм хүмүүс нийтлэг шүү дээ... Кино ийм л болжээ, сэтгэлд үлдэхээр бүтээсэн дүр алга, кино зохиолдоо байгаа юмуу жүжигчиндээ байгаа юмуу, уг нь Ариунбямба Цэрэнболд Мягмар гээд л тепаж сайтай чадварлаг жүжигчид байнаа, гэхдээ дүр гээд бодохоор сэтгэлд буух юм алгаа…Аравт киноны дүрүүдээс аль ч дээр юм бэ дээ…Нар сарны зааг УСК. Болд-Эрдэнийн Сэнгээгийн дvрийг авна уу даа…гэх мэтээр тун бага хүн хариу бичжээ . Би ч арга мухардаад ирлээ.

Хэдийгээр кино биш зүгээр л реклам боловч “Намайг Амраа гэдэг…” реклам явж явж одоо цагийн хэв шинжит эр хүний дүр байж бас болох талтай. Маш богино ч гэлээ Монгол эр хүний боддогыг бараг бүгдийг хэлсэн төдийгүй багтарсан бухимдсан бас хоосон шахуу хөөрсөн …гэх мэт өнөөгийн залуу эр хүний хэв шинжит дүрийг гаргасан байх өндөр магадлалтай санагддаг.
Телевизийн урлагт бол хүн төвтэй нь Херо энтертэймэнтийн хийж байгаа “Монгол тулгатны 100 эрхэм” л байх шив дээ. Тэнд үзүүлж байгаа хүмүүс яах ч аргагүй дүрүүд бөгөөд харамсалтай нь дийлэнх нь хуучин мөнөөх л социализмын үед бүтээгдсэн “дүрүүд” байх ажээ.
Ингээд эрэл үндсэндээ мухардаад ирдэг юм байна. Бидэнд өнөөдөр эр хүний тухай байтугай хүний тухай ч өгүүлсэн хэв шинжит дүр алга болсон бөгөөд урлаг тэр аяараа л ашиг төдийхөн хөөцөлдсөн аргацаасан зүйл болчихсон мэт ажээ.
Нэгэн цахим найз маань …Сүүлийн үеийн ихэнх кинон дээр мөнгөөр бүх асуудлыг шийдэж болдог гэсэн хандлагатай том машин унасан компанийн эзэн, бизнесмэн, эхнэр эсвэл найз бүсгүйтэй ч өөр хэн нэгэнтэй бас хайр сэтгэлийн холбоотой 30-40 насны эрэгтэй дүр их нийтлэг байгаа. “Дурлалын хулгайч” билүү киноны гол дүр Лхагвагийн тоглосон дүр нэг жишээ нь. Ер нь л эрэгтэй нь мөнгө олж амьдрал авч явах ёстой, асуудлыг шийдэж байх ёстой, эмэгтэйнхээ бүх санхүүгийн асуудлыг шийддэг байх ёстой баян л хүн болох ёстой . Тэгвэл cool guy гэсэн хэвшмэл ойлголтыг өгөх киноны эрэгтэй дүр асар их бараг кино болгон дээр байгаа. Энэ нь эргээд энгийн хүмүүст, ялангуяа залуучуудад, магадгүй бараг бүх эрэгтэйчүүдэд "ийм л байж би үнэлэгдэх юм байна" гэсэн ойлголтыг өгөөд байх шиг. Чадахгүй нь тэгээд л архинд ороод, хүчирхийлэл үйлдээд, гэмт хэрэг хийгээд л. Урлаг нь угтаа нийгмийн амьдралын идеалыг тусгадаг ч манайд …гэсэн Чимгээ гэх цахим найз эмэгтэйн үг их үнэнд ойр санагдав.
Херо энтертэймэнтын найруулагч Б.Баатар олон нийтээс ямар сэдэвтэй кино, ямар янзын дүр хүсэж байгаа судалгаа хийхэд Сайн эрчүүдийн тухай кино, тийм дүр гэсэн хариу гарч зохиолоо бэлдсэн ч нэг л эргэлзээд байгаа янзтай бас өөр шалтгаанаар хийлгүй хүлээж байх юм. Чонон сүлд мэтийн ном маш их эрэлттэй байхаас гадна Хятадууд Францын найруулагч Ж.Ж.Аног урьж хийлгэсэн киног маш их таашаан үзэж байгаа зэргийг хархад нийгмээрээ үндэсний үзэл машид сэргэсэн санагдана. Магадгүй ийм үед түүхэн киноны том дүр гарч ирвэл олныг дагуулж үлгэрлэж мэдэх юм. Иймэрхүү цаг үед л өнөөх Жэймс Бондын цуврал мэт кино 1960 аад оноос барууны телевизүүдээр гарч эхэлсэн байдаг.
Нийгмийн сэтгэлгээ зүгээр л долларт шүтдэг, ашиг хардаг болсон болохоор дээрх нэгэн цахим найзын бичсэн маш үнэн юм. Бараг одоогийн дийлэнх кино, хошин шог тийм л зүйлсийг л өгүүлж байгаа.
Б.Сарандаваа гэх авгайн тавьсан тэр эмгэнэлт, инээдмийн жүжгийг Шекспирч бичиж чадахгүй, ямар ч агуу найруулагч тэр олон мянган хүнийг тэгж үнэн тоглуулж чадахгүй. Спилберг ч тэгж Б.Сарандаваа шиг найруулж чадахгүй. Энэ бол агуу том шоу юм. Нэг удаагийн тоок шоу 30 000 төгрөгийн үнэтэй. Тэгээд ганц удаа амьдаар тавихад л 3000 хүн дор хаяж үзнэ гэхээр 90 сая төгрөгийг нэг “амьд ток шоу” гаараа хоёхон цагт олж байна. Юун 90 саяын Гансүх вэ?
Аливаа урлаг ихэнхдээ өнгөрсөн цагийн тухай өгүүлсэн байх нь элбэг хэдий ч урлаг өөрөө сэтгэлийн авдрыг онгойлгодог түлхүүр атал өнөөдөр тийм дагаж дуурайж бахархам дүр, тэр сэтгэлийн авдрыг нээх уянгын түлхүүр нь нэг иймэрхүү болчхоод байгааг дурдаад уг нь эрчүүдийн баярт зориулан бичих гэсэн нийтлэлээ Б.Сарандаваагийн ток шоугаар өндөрлөх маш гунигтай байна.
Гэлээ ч урлаг үзүүлдэг, шинжлэх ухаан нотолдог болохоор үзэгдэж байгаа энэ бүхэн үнэн ажгуу. Хаана ч тэр, урлаг нийгмийн л тусгал байдаг.
Сайн бүтээл цаг хугацааны уртыг туулж улам гялалзаж хоцордог болохоор уран бүтээлч бүр өнөөгийн хоолны мөнгө олох гэсэн халтуур биш дараа нь үр хүүхдээсээ ичихээргүй юм хийж үлдээж байх нь маш чухал, бараг бүтээлч хүн бүрийн гол зорилго байх ёстой.
Бас мөнгө олъё гэж урлаг хийж байгаа хүмүүс байгаа ч Б.Сарандаваагийн ток шоу блокбастрын нэгд орлогоороо явж байгааг ухаарах хэрэгтэй байх.
Ер нь хэв шинжит дүр гэгч ухагдахуун бол нийтээрээ ямар байгааг ямар болох гэж хүсэж тэмүүлж байгааг нэг хүнээр төлөөлөн үзүүлдэг нэг ёсны үлгэр жишээ , нөгөө талаараа нийгмийн ерөнхий шинжийн тусгал гэж ойлгож болно.
Энэ утгаар авч үзвэл Б.Сарандаваа өөрөө одоогийн нийгмийн хэв шинжит дүр мөнөөсөө мөн билээ.

Нийтлэлч Д.Төрмөнх 2015 оны 3 сарын 16