Хөдөлгөөний хэл: Зөв эхлэлээс цөм хүртэл

“Нортвест Данс Прожект”. Энэ нэр орчин үеийн бүжгийн хүрээнд “Гялалзсан, амжилттай” гэх утгыг давхар илэрхийлдэг гэвэл хилсдэхгүй. Америкийн Портланд хотоос гаралтай контемпорари бүжгийн тус компанийн цөм нь сонгодог суурьтай, чадвар төгс бүжигчид хийгээд гарал үүсэл, арга барилын хувьд харилцан адилгүй ч авьяаслаг, шинийг эрэлхийлэгч дэглээчдийн хослол гэж хэлж болно. Тэднийг “Орчин үеийн бүжгийн лаборатори” хэмээн “Dance International Magazine” сэтгүүлээс үнэлсний учир ч энэ. Уг компанийн 12 уран бүтээлч өнгөрсөн даваа гарагт Улаанбаатарт хүрэлцэн ирээд буй юм. Тэдний богцонд маргааш болох “Орчин үеийн бүжгийн үдэш” тоглолт, монгол бүжигчдэд зориулсан мастер класс, тайз, гэрэлтүүлгийн сургалтууд бий. Нэгдсэн улсын баруун эргээс Төв Ази дахь сонгодог урлагийн ягаан байшин хүртэлх энэ “аялал” хоёр жилийн өмнөөс эхэлжээ. Монголын Урлагийн зөвлөлөөс Америкийн ЭСЯ-тай хамтран зохион байгуулж буй уг тоглолт, сургалтууд тэдний орчин үеийн бүжгийн хамтлагийг урин авчирч байгаа зургаа дахь төсөл. Тэгвэл эдгээр ажлууд Монголын бүжгийн хүрээнд ямар өөрчлөлт авчирч, юуг өгч чадсан бэ?


/Зургийн тайлбар: Нортвест Данс Прожект компаний “Америкийн орчин үеийн бүжгийн үдэш” тоглолт, ДБЭТ, 2015/


90-ээд он, элсэн тайз, шинэ үнэр,

Монголд балетын урлагийн үндэс ургаж эхэлсэн тэр цагтай өрнийн нэн орчин үеийн бүжгийн үүсэл давхацдаг. Изадора Дункан, Марта Грахам, Лои Фуллер нарын ХХ зууны эхэнд үүсгэн хөгжүүлсэн модерн бүжгийг сонгодог урлаг буюу балетын нарийн дэгтэй сүлснээс контемпорари бүжгийн түүх эхэлдэг аж.

Хөдөлгөөний эрх чөлөө, мэдрэмжийн илэрхийлэл, хувь бүжигчин болон дэглээчийн үзэл бодол, арга ажиллагаанд шүтсэн эрэлхийллийн шинжтэй эл урсгал бий болоход нийгэм, цаг үеийн байдал ч илт нөлөөлсөн нь мэдээж. Нэн орчин үеийн бүжиг хувь хүн хэмээх ойлголт, эрх чөлөөг хүндэтгэж, нээлттэй болж эхэлсэн 1960-аад оноос эрчээ авч хөгжсөн. Тэгвэл хүний биеийн хязгааргүй боломжуудыг нээж өгсөн орчин үеийн бүжгийн монгол эхлэл ч 1990-ээд онтой холбогдоно. Тухайн үед театрт бүжиг дэглээч Д.Өлзийсайхан И.Стравинскийн “Гэгээн хаврын ёслол”, үндэсний хэв шинжтэй “Шүтлэг” зэрэг орчин үеийн бүжгийг тавьж байсан аж. Цоо шинэ урсгалыг нэвтрүүлэх, таниулахын тулд чиглүүлэх, санаа сэдэл өгөх хүн хэрэгтэй нь илэрхий. Тиймээс балетчин Р.Туяацэцэг 1993 онд Америкийн орчин үеийн бүжиг дэглээч Айрис Пакийг, 1994 онд Японы дэглээч Кацүка Тэжима нарыг урин сургалт зохион байгуулж, тоглолтуудыг нь толилуулж байж. Үүнээс дөрвөн жилийн дараа тэр үеийн Соросын сангийн тэтгэлгээр ДБЭТ, ЦБДЭЧ-ын бүжигчдийн хамтран тоглосон Б.Шаравын “Зуурдын орон”, “Сэрүүн намар”-т ч тэдний нөлөө, шинэ уур амьсгал тусчээ. Сүүлд Зуурдын орон бүтээлийг Токиогийн симфони оркестр тоглож, Токиогийн радио бичиж авч байсныг та бүхэн санаж байгаа байх.

“Би анх Ленинградад сурч байхдаа орчин үеийн балетуудыг анх үзэж, түүнд дурлаж байв. Гэтэл Монголын тайзнаа өнөөх л “Хунт нуур”, “Жизель”-ийг л дахин, дахин тавина. Тиймээс цоо шинэ, онцгой сайхныг туршихыг хүссэнээр эл ажлыг эхлүүлсэн нь тэр” хэмээн “Монре импекс” компанийн ерөнхий захирал Р.Туяацэцэг ярилаа. Тэрбээр мөн л Соросын сангийн дэмжлэгээр хэд, хэдэн орчин үеийн бүжиг дэглэн тависнаас хөгжмийн зохиолч С.Соронзонболд, зохиолч П.Баярсайхантай хамтран 1999 онд толилуулсан “Их домог” нь томоохонд тооцогддог. Чоно, хүн, байгалийн харилцааны тухай хүүрнэсэн уг тоглолт зүйл бүрээр цоо шинэ байсан аж. “Варьете” чуулга буюу “Топ тен” клубт тавьсан уг жүжгийн тайзыг бэлтгэхийн тулд хоёр том ачааны машины тэвш дүүрэн элсийг асгаж байсан гэдэг. Тайз үзэгчдийн хооронд ердөө нэг метрийн зайтай байсан нь эргээд дотно, дулаан уур амьсгалыг бүрдүүлжээ. Элсэн тайзан дээрх уг бүжгэн жүжгийг гэвч ганцхан удаа л тийн тоглосон юм. Учир нь их элсийг тайзнаа тараах, дараа нь цэвэрлэх зэрэг ажил асуудал үүсгэж. Тиймээс Элсэн тасархайд “Их домог”-ийг тавих санаа төрсөн ч хөгжмийг тоглосон Филармонийн оркестрын хуваарьтай таарсангүй.

Гэхдээ дэглээчийн тэргүүлдэг “Арабеск” орчин үеийн бүжгийн сургалт, мэдээллийн төв тоглолт тавихаар ажлаа хязгаарласангүй. Тэгэхэд Монголд шинэ тутам байгуулагдсан “Соросын сан” соёлын хөтөлбөрөөрөө дамжуулан орчин үеийн урлагийг дэмжих бодлоготой байсныг мэдэж, хариуцаж асан Ц.Ариунаатай танилцжээ. Түүнийг бид өдгөө Урлагийн зөвлөлийн захирал гэдгээр нь мэднэ. Энэ холбоо шинэ урсгалын сайн суурь болсон гэж хэлж болно.

“Салхийг мэдэр”, үндэс суурь, үргэлжлэл

“Тухайн үеийн Соросын сан, одоогийн Урлагийн зөвлөлийн сургалт, хөтөлбөрүүд бүжигчдэд том боломжуудын хаалгыг нээж өгсөн” хэмээн Улаанбаатар чуулгын бүжиг дэглээч Д.Энхгэрэл ярьж байна. Тэрбээр Монголын анхны орчин үеийн бүжгийн хамтлаг “New dance”-ын таван бүжигчний нэг. ОХУ-д орчин үеийн бүжгээр мэргэшиж, дэглээчээр бэлтгэгдсэн Х.Гансүрэн 1996 онд төгсч ирсэн хойноо СУИС-ын бүжиг дэглээчийн ангийг дааж авчээ. Үүнээс хоёр жилийн дараа тэрбээр балетчин Б.Сэргэлэнгийн хамт Соросын сангийн тэтгэлгээр Чехэд болсон орчин үеийн бүжгийн сургалтад хамрагдсан аж. Тэд буцаж ирсэн хойноо санаа нэгдэн орчин үеийн бүжгийн хамтлаг байгуулахдаа Х.Гансүрэнгийн даасан ангийн Д.Энхгэрэл, Т.Отгонсүрэн, Ж.Отгонбаатар нарыг мөн нэгтгэжээ. Тус хамтлагийн төлөвшил, бүжигчдийн ойлголт, чадварт Соросын сангаас санхүүжүүлж, “Арабеск” төвийн 2000 онд зохион байгуулсан “Feel the wind” олон улсын наадам чухал нөлөөлснийг тэд онцолсон юм.


/Зургийн тайлбар: Канадын “Red Sky” компаний Тооно” орчин үеийн бүжгийн тоглолт, ДБЭТ, 2011/

ДБЭТ, ҮДБЭЧ-д долоо хоногийн турш үргэлжилсэн уг наадамд Монгол, Орос, Франц, Австрали, БНСУ тэргүүт долоон орны орчин үеийн бүжигчид оролцож байв. Түүнчлэн Францын бүжиг дэглээч Килина Кремонаг урьж, Нүхтэд 10 хоногийн орчин үеийн бүжгийн сургалт явуулсны үр дүнг ҮДБЭЧ-ын ерөнхий дэглээч Д.Баярбаатарын 2003 онд тавьсан “Мэргэнд буусан чоно” үндэсний орчин үеийн бүжгийн жүжиг харуулна. Хүннү гүрнийг үндэслэгч Модун Шаньюйгийн тухай өгүүлэх уг бүтээлийн хөгжмийг төрийн хошой шагналт Н.Жанцанноров бичжээ. Тэрбээр уг сургалтад хамрагдаж, Килина Кремонатай хамтран ажилласнаар “Цаг хугацаа салхи мэт хурдална”, “Баавгай луугийн хооронд” тэргүүт бүжгийг ч тавьсан юм. Хэрвээ та анзаарвал өмнө нь тавигдсан “Их домог”, “New dance”-ын зарим бүжиг ч монгол домог түүх, хүн, байгалийн харилцаатай холбогдоно. Түүнчлэн язгуур урлагийг орчин үеийн бүжигтэй сүлсэн бүтээлүүд дэглэх хандлагатай байдаг нь тун зохицолтойг Д.Энхгэрэл тодотгосон юм. Тэрбээр Урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр 2005 онд Америкийн Каролина мужид зохион байгуулагдсан “American dance festival” наадмын 73 дахь зуны хөтөлбөрт оролцсон нь санаа сэдэл, урам зориг ихэд өгсөн аж.


/Зургийн тайлбар: Австралийн “Бангара” бүжгийн театрын “Амин сүлд” тоглолт, ДБЭТ, 2012/


Тэгвэл Р.Туяацэцэг “Орчин үеийн бүжгийн элементүүдийг монгол бүжигтэй холсуулах нь маш гоё таарна. Гэхдээ үүнийг одоогоор өндөр түвшинд хийх чадварлаг дэглээч үгүйлэгдэж байна” хэмээсэн юм. Үүн дээр Монголд 50 гаруй жилийн турш бүрэлдсэн сонгодог урлагийн нарийн дэг чухлыг ч тодотгосон. Түүний 2001 онд байгуулсан “Hubble dance” эрэгтэй бүжигчдийн хамтлагт гэхэд гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, өдгөө Японы театрт ажиллаж буй А.Хангай, О.Лхагвасүрэн, Б.Батболд нарын балетчин харьяалагдаж байв. Дэлхийн тайзнаа гарсан тэд ч Урлагийн зөвлөл “Арабеск” төвтэй 2004 оноос хамтран хэрэгжүүлсэн орчин үеийн бүжгийн гурван төсөл 90 орчим бүжигчинд хүрсний төлөөлөл юм.


/Зургийн тайлбар: Нью-Йорк Сити Балетын Компаний гоцлол бүжигчдийн “Америкийн Бүжгийн Одод” тоглолт, ДБЭТ, 2013/


Ярьж буй энэ төрөлд тайз, гэрэл сайн бүжигчдээс ч дутахгүй чухал. Урлагийн зөвлөлийн төслийн дагуу Монголд бүтээлээ толилуулсан Канадын “Коулман Люме”, “Рэд скай”, Австралийн “Бангарра” театр, Америкийн “Чикаго мүвинг”, “Нью-Йорк сити балет”-ын тоглолтууд, сургалтууд зөвхөн бүжигчид төдийгүй арын албаныханд ч үлгэр, хичээл болсноор орчин үеийн бүжгийн бат суурийг тавьж байгааг “Орчин үеийн бүжгийн үдэш”-ийн зөвлөх, гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг онцолсон юм. “Орчин үеийн бүжигчид орон зай болон хөгжмийг гүн мэдэрч, хөгжимтэйгөө нэг цул болон бүжиглэдэг нь анзаарагддаг. Ингэхийн тулд орчин үеийн бүжгийн хэл, сургуулийг бид илүү сайн суралцах хэрэгтэй” хэмээн түүний ярьсантай Р.Туяацэцэг ч санал нэгдэж буй. Бидэнд бат, зөв эхлэл байна. Харин одоо Р.Туяацэцэгийн хэлсэнчлэн, уран ховор санаа сэдэл, бүжиг дэглээчийн ур чадварын “Цөм” рүү орох, түүнийг бий болгохын чухлыг онцлохын учир энэ.

Нийтлэлч Б.Эгшиглэн