Дүрст мэдээ

3-р сар 12, 2013

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Н.ЖАНЦАННОРОВ, Б.ШАРАВ НАР ШИНЭ ХӨГЖМИЙН БҮТЭЭЛ ТУУРВИЛАА.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх тэр дундаа урлагаар дамжуулан хувь хүн ба хүүхэд залуучуудын бүтээлч чанар, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилготой урлагийн боловсролын төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг. Тухайлбал, өнгөрсөн 3 жилийн хугацаанд МУЗ нь Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг хөгжүүлэх зорилгоор С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж (ХБК)-тэй хамтран 22 оюутанд сургалтын тэтгэлэг олгох, ХБК-ийн харьяа Цохивор хөгжмийн, Хийлийн, Морин хийлийн чуулгад уран бүтээл туурвих, Америк-Монголын сурагч солилцооны хөтөлбөр зэрэгт нийт 35 сая төгрөгийн дэмжлэгийг олон улсын сан, дотоодын бизнесийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

Энэ удаад МУЗ нь Ноён Уул Эрдэнэ ХХК-ны тэтгэлэгээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын мэргэжлийн урлагийн сургуулийн хөгжмийн сургалтанд зориулан туурвисан шинэ бүтээлийг олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь мэргэжлийн урлагийн сургуулийн сургалтын урын санг Монгол уран бүтээлчдийн бүтээлээр баяжуулж, Монголын үндэсний сонгодог урлагийг хөгжүүлэх зорилготой бөгөөд үр дүнг танилцуулах тоглолтыг 2013 оны 03-р сарын 13-ны 17 цагт ХБК-ийн тоглолтын танхимд зохион байгуулж, ХБК-д албан ёсоор хүлээлгэн өгөх гэж байна.

Тоглолтонд хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарын шинэ хөгжмийн бүтээлээс гадна мэргэжлийн хөгжимчдийн бүтээлийг сургалтанд зориулан шинээр найруулсан чуулбар тоглогдох болно.

Хөгжмийн зохиолчид бүтээлээ Монгол хүүхдийн хүмүүжил төлөвшилд уламжлалт сэтгэлгээг өвлүүлэн үлдээх,  Монгол үндэсний хэв шинжийг шингээхийг зорьсон бөгөөд бүтээлийг төгөлдөр хуур, морин хийлд суралцаж буй 8-18 насны хүүхдүүд суралцана.  

Цаашид эдгээр бүтээл нь Хөгжим Бүжгийн Коллежийн сургалтын агуулгад орж, хүүхдийг бага ангиас нь эхлэн Монгол сэтгэлгээтэй, чадварлаг, мэргэжлийн уран бүтээлч болоход ихээхэн дэмжлэг болох юм.

Урлагийн боловсролын дэмжигч, сонгодог урлагт дуртай, шимтэн сонсдог Та бүхнийг хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарын хүүхдийн хөгжмийн боловсролд зориулан бүтээсэн шинэ хөгжмийн бүтээлийг танилцуулах тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолт 2013 оны 03-р сарын 13-ны өдрийн 17 цагт Хөгжим Бүжгийн Коллежийн Тоглолтын танхимд болно.