Дүрст мэдээ

2-р сар 20, 2014

ХҮҮХЭД БАГАЧУУД БАЙГАЛЬ ОРЧИН, УРЛАГИЙН БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

 

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс санаачлан хүүхэд багачуудад урлагаар дамжуулан хог хаягдлаа багасгах, бүтээлчээр дахин ашиглах, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар мэдлэг олгох, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Хог болгон хог биш!” төслийг Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам, Байгаль Хамгаалах Сангийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд хүүхэд багачууд, тэдний гэр бүлд зориулсан эко-танин мэдэхүйн “3Д буюу Дахин ашиглая, Дахин бүтээе, Дахин боловсруулъя” 16 цуврал телевизийн нэврүүлгийг С1 телевизтэй хамтран бүтээж, олон нийтэд хүргэв. 

16 цуврал нэвтрүүлгийн турш хүүхдүүдэд хог хаягдал гэж юу болох, бидний хаясан хог хаягдал хаашаа очдог, байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг талаар болон дахин ашиглах боломжтой ямар ямар хог хаягдал байдаг, түүнийг хүүхэд багачууд ахуйн нөхцөлд хэрхэн бүтээл болгон ашиглаж, бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлэх боломжтойг сургалт, танин мэдэхүйн хэлбэрээр танилцуулсан. Цаашид тус нэвтрүүлэг нь албан бус боловсролын хүрээнд сургалтын нэмэлт материал болж ашиглагдах боломжтой юм. 

Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, нийт Монгол улсын хүн амын бараг 50 хувь нь нийслэлд амьдарч, ажиллаж байна. Тэр хэмжээгээр хүмүүсийн хэрэглээ, түүнээс гарч буй хог хаягдал нэмэгдсээр байгаа билээ. Улаанбаатар хотод жилдээ дунджаар 500 гаруй мянган тонн хог хаягдал үүсч байгаагаас 50 орчим хувь нь айл өрхөөс, 25 хувь нь байгууллага аж ахуйн нэгжээс, 20 хувь нь барилга угсралт, их засварын ажлаас, 5 хувь нь зам талбайгаас үүсдэг. Мөн орон сууцанд амьдарч байгаа нэг иргэн өдөрт 550гр, гэр хороололд амьдарч байгаа нэг иргэн өдөрт дунджаар 800гр ахуйн хог хаягдал үүсгэж байгаа гэсэн тоо байдаг. /2012 оны Нийслэлийн Захирагчийн ажлын албаны мэдээллээс/

Иймээс дэлхий нийтээрээ байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, хүүхэд багачуудад багаас нь экологийн боловсролыг сонирхолтой, танин мэдэхүйн хэлбэрээр олгох нь чухал юм. Тийм ч учраас дэлхий даяар төрөл бүрийн ногоон санаачлага, хөдөлгөөн өрнөж, шинийг бүтээхээсээ илүү дахин ашиглахыг илүүд үзэх хандлагатай болж байна. 

МУЗ нь энэхүү санаачлагыг “Хог болгон хог биш!” төслийн үйл ажиллагаагаар дэмжин, “3Д буюу Дахин ашиглая, Дахин бүтээе, Дахин боловсруулъя” танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа бөгөөд нэвтрүүлийг цаашид МУЗ-ийн http://www.youtube.com/user/ArtscouncilMN болон C1 телевизийн http://www.youtube.com/user/ArtscouncilMN хаягаар үзэх боломжтой юм. 

Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлт, мэдээллээ Монголын Урлагийн Зөвлөлийн 319017, 319015 болон culture@artscouncil.mn хаягаар холбогдон өгнө үү.