ХҮҮХЭД БАГАЧУУДДАА “3Д” БАЙГАЛЬ ОРЧИН-УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛГЭЭ ТОЛИЛУУЛЖ БАЙНА.
21-р зууны хүрээлэн буй орчин, байгаль, экологийн тулгуур асуудлуудын нэг нь хог хаягдлаа хэрхэн зохистой зохион байгуулах бөгөөд нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж, хүмүүс бид өөрсдөө нэгэн төрлийн үйлдвэрлэгч болсон бөгөөд бүтээгдэхүүн нь хог хаягдал. Шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, амьдралын чанар нэмэгдэхийн хирээр байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүн, хог хаягдал шил шилээ даран төрөл бүрээр нэмэгдэж байна.
Иймд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын нийгэмд тулгарч буй байгаль экологийн олон асуудлаас хоггүй цэвэр орчинд амьдрах, хог хаягдлыг зохистой, бүтээлчээр олон нийт, хүүхэд залуучууд, уран бүтээлчдийн оролцоотойгоор багасгах, түүнийг бүтээлч хэлбэрээр дахин ашиглах, энэ чиглэлээр олон нийтийн ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Хог болгон хог биш!” төслийн хүрээнд “3Д” хүүхдийн телевизийн нэвтрүүлгийг санаачлан, бэлтгэж эхэллээ.
“3Д” нэвтрүүлгээр дамжуулан хүүхэд багачууд мэргэжлийн уран бүтээлчдийн хамтаар үе тэнгийнхэндээ, гэр бүлдээ, олон нийтэд хандан Дахин ашиглая, Дахин боловсруулъя, Дахин бүтээе хэмээн бүтээлч санаачлагыг уриалж, өрнүүлэх болно. 16 дугаар бүхий тус нэвтрүүлгээс хүүхдүүд хог хаягдлаа ахуйн нөхцөлд хэрхэн багасгах, түүнийг дахин ашиглах, сонирхолтой бүтээл туурвих талаар мэдлэг мэдээллийг хүлээн авахын зэрэгцээ байгаль орчин-экологийн боловсролоо дээшлүүлж, өөрсдийн санал бодлоо дэвшүүлэх болно.
Хүүхэд багачууд, тэдний гэр бүлийнхэнд зориулсан “3Д” байгаль орчин-урлагийн боловсролын нэвтрүүлгийг Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам, Байгаль Хамгаалах Сангаас дэмжин, С1 телевизтэй хамтран хүргэж байна.
Та бүхэн нэвтрүүлгээ 2013 оны 12-р сарын 16-наас эхлэн Даваа, Лхагва, Баасан гараг бүрийн орой 18:00 цагт С1 телевизээр хүлээн авч үзнэ үү.
Бид нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлт, мэдээллээ Монголын Урлагийн Зөвлөлийн 319017, 319015 болон culture@artscouncil.mn хаягаар холбогдон өгнө үү.