Дүрст мэдээ

9-р сар 24, 2019

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН СОНГОДОГ ХӨГЖМИЙН ТАЙЛБАРТ ТОГЛОЛТ 67, 76-Р СУРГУУЛЬД БОЛНО

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны санхүүжилтээр ЕБС-ийн хүүхдүүдэд сонгодог хөгжмийн анхан шатны мэдлэг олгох зорилготой “Урлаг Хөгжлийн Төлөө” урлагийн боловсролын төслийг Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоотой хамтран хэрэгжүүлж байна.

“Урлаг Хөгжлийн Төлөө” төсөл нь МУЗ-ийн Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг төслүүдийн нэг юм. МУЗ-ийн Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөр нь хүүхэд залуучууд, олон нийтэд урлагийн боловсрол олгох, соёлын өвөө өвлүүлэн үлдээх, урлагаар дамжуулан тогтвортой хөгжил, ардчилалын үнэт зүйлс, хүний эрх, байгаль орчин, ногоон хөгжлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.  

“Урлаг хөгжлийн төлөө” төсөл нь 2006 оноос эхлэн хувь хүний хөгжилд урлагийн үр нөлөөг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой хөгжим, бүжиг, дүрслэх урлагийн албан бус цуврал сургалтыг алслагдсан дүүргийн сургуулийн хүүхдүүдэд зориулан зохион байгуулж иржээ.

Тус төслийн хүрээнд 2019 онд БСШУСЯ-ны санхүүжилтээр “Монголын мэргэжлийн хөгжмийн холбоо” (ММХХ )-ны  залуу уран бүтээлчидтэй хамтран СХД-ийн ерөнхий боловсролын 76-р сургууль болон 67-р сургуулиудын дунд ангийн 200 сурагчдад сонгодог хөгжмийн анхан шатны мэдлэг олгох сургалт ба тайлбарт тоглолтыг 9-р сарын 25-ны өдөр зохион байгуулна. 

Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоо нь монголын мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой бөгөөд энэхүү төслийг хамтран зохион байгуулж байна.  

Сонгодог хөгжмийн цуврал тайлбарт тоглолт нь хүүхдийн уран сайхан гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэхээс гадна сонгодог хөгжмийн зэмсгийг хүүхдүүдэд өөрийн биеэр хөгжимдөх боломж олгож, авьяасаа нээж, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой  бөгөөд үзэгч хүүхдүүдийн нас, сэтгэхүйд тохирсон тэдний уран сэтгэмжийг хөгжүүлэхэд чиглэсэн сонгодог хөгжмийн бүтээлүүдээс толилуулах юм.

Цаашид “Урлаг Хөгжлийн Төлөө” төслийн хүрээнд СХД-ийн Засаг даргын тамгын газартай хамтран тус дүүргийн ЕБС-ийн 30 хөгжмийн багшид “Сонгодог хөгжмийн мэдлэгийг заах арга зүй” сэдэвт чадавхийг дээшлүүлэх, шинэ туршлага солилцох сургалтыг хамтран 2019 оны 10-р сард зохион байгуулахаар ажиллаж байна.

Төсөл хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 11-319015 утас болон program@artscouncil.mn хаягаар хөтөлбөрийн ажилтан М.Биндэръяатай холбогдон авна уу.