ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН СОНГОДОГ ХӨГЖМИЙН ТАЙЛБАРТ ТОГЛОЛТ БОЛНО.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөр нь хүүхэд залуучууд, олон нийтэд урлагийн боловсрол олгох, соёлын өвөө өвлүүлэн үлдээх, урлагаар дамжуулан тогтвортой хөгжил, ардчилалын үнэт зүйлс, хүний эрх, байгаль орчин, ногоон хөгжлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
MУЗ нь 2006 оноос эхлэн “Урлаг хөгжлийн төлөө” төслийн хүрээнд хувь хүний хөгжилд урлагийн үр нөлөөг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой хөгжим, бүжиг, дүрслэх урлагийн албан бус цуврал сургалтыг алслагдсан дүүргийн сургуулийн хүүхдүүдэд зориулан зохион байгуулж ирсэн билээ.
2018 онд “Урлаг Хөгжлийн Төлөө” төсөл нь Монголиан Дижитал Арт байгууллагын дэмжлэгтэйгээр, “Монголын мэргэжлийн хөгжмийн холбоо” (ММХХ )-нызалуу уран бүтээлчидтэй хамтран УБ хотын алслагдмал сургуулийн 10-14 насны хүүхдүүдэд тайлбартай сонгодог хөгжмийн цуврал тоглолтыг зохион байгуулахаар боллоо.
Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоо нь монголын мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой бөгөөд энэхүү төслийг хамтран зохион байгуулж байна.
Сонгодог хөгжмийн цуврал тайлбарт тоглолт нь хүүхдийн уран сайхан гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэхээс гадна сонгодог хөгжмийн зэмсгийг хүүхдүүдэд өөрийн биеэр хөгжимдөх боломж олгож, авьяасаа нээж, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх ач холбогдолтойбөгөөд хүүхдийн нас, сэтгэх чадварт таарсан, тэдний уран сэтгэмжийг хөгжүүлэхэд чиглэсэн байна. Төслийн 2018 оны анхны тоглолтоор Оросын хөгжмийн зохиолч С.Прокофьевийн “Петя ба Чоно” сонгодог хөгжмийн бүтээлийг Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “Орд" галерейд алслагдсан гэр хорооллын 80 хүүхдэд зориулан үнэ төлбөргүйгээр толилуулах гэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 11-319015 утсаар Г.Гэрэлсүрэнтэй холбогдон авна уу.