Дүрст мэдээ

4-р сар 05, 2018

Хүүхдэд зориулсан сонгодог хөгжмийн тайлбарт тоглолт боллоо.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөр нь хүүхэд залуучууд, олон нийтэд урлагийн боловсрол олгох, соёлын өвөө өвлүүлэн үлдээх, урлагаар дамжуулан тогтвортой хөгжил, ардчилалын үнэт зүйлс, хүний эрх, байгаль орчин, ногоон хөгжлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

MУЗ нь 2006 оноос эхлэн “Урлаг хөгжлийн төлөө” төслийн хүрээнд хувь хүний хөгжилд урлагийн үр нөлөөг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой хөгжим, бүжиг, дүрслэх урлагийн албан бус цуврал сургалтыг алслагдсан дүүргийн сургуулийн хүүхдүүдэд зориулан зохион байгуулж ирсэн билээ.

2018 онд “Урлаг Хөгжлийн Төлөө” төсөл нь Монголиан Дижитал Арт байгууллагын санхүүжилт, Хүүхдийн урлан бүтээх төвийн дэмжлэгтэйгээр, “Монголын мэргэжлийн хөгжмийн холбоо” (ММХХ )-нызалуу уран бүтээлчидтэй хамтран УБ хотын алслагдмал сургуулийн 10-14 насны хүүхдүүдэд тайлбартай сонгодог хөгжмийн цуврал тоглолтыг зохион байгууллаа.

Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоо нь монголын мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой бөгөөд энэхүү төслийг хамтран зохион байгуулж байна.

Сонгодог хөгжмийн цуврал тайлбарт тоглолт нь хүүхдийн уран сайхан гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэхээс гадна сонгодог хөгжмийн зэмсгийг хүүхдүүдэд өөрийн биеэр хөгжимдөх боломж олгож, авьяасаа нээж, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх ач холбогдолтойбөгөөд хүүхдийн нас, сэтгэх чадварт таарсан, тэдний уран сэтгэмжийг хөгжүүлэхэд чиглэсэн байна.


2018 оны цуврал үйл ажиллагааны нээлт 2 сарын 27-ний өдөр Хүүхдийн Урлан Бүтээх Төв (ХУБТ)-ийн Орд галерейд ХУД-ийн 63-р сургуулийн сурагчид болон ХУБТ-ийн хүүхдүүдэд Оросын хөгжмийн зохиолч С.Прокофьевийн “Петя ба Чоно” сонгодог хөгжмийн бүтээлээр эхэлсэн.

4 сарын 02-ны өдөр Утсан хөгжмийн дөрвөл СХД-ийн 65-р сургууль дээр 7-р ангийн 150 хүүхдэд Эдвард Григ-ийн Пер Гюнт сюитийн хэсгээс болон Yimura “River flows into you” болон бусад Монголын ба гадаадын сонгодог бүтээлээс хөгжимдөж үзүүлэн, хүүхдүүдэд утсан хөгжмийн зэмсгийн талаар танилцуулга хийж ярилцав. Утсан хөгжмийн сургалтанд хамрагдсан сурагчдад удирдаач хийж хөгжимчдийг удирдан тоглох боломж олгосон бөгөөд сурагчдын удирдлаган доор Б.Чулууны Уран Хас зохиолыг эгшиглүүлэв.



3 дах удаа “Хан уул дүүргийн БУЯНТ УХАА цогцолбор сургуулийн урлаг зааланд тус сургуулийн 5-р ангийн 200 хүүхдэд зориулан Оросын хөгжмийн зохиолч С.Прокофьевийн “Петя ба Чоно” сонгодог хөгжмийн бүтээлийг тоглосон бөгөөд бишгүүр хөгжмийн интерактив сургалт зохион байгуулж, 10 сурагчид бишгүүр хөгжим бэлэглэлээ.



Монголын Урлагийн Зөвлөл Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийнхөө хүрээнд цаашид олон нийт ба хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих арга хэмжээ, сургалтыг үргэлжлүүлж, энэ чиглэлээр бизнесийн байгууллага, мэргэжлийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 11-319015 утсаар Г.Гэрэлсүрэнтэй холбогдон авна уу.