Хамгийн сүүлд та ямар ном уншсан бэ?

(Уран зохиолын ертөнц)


Жил бүр дэлхий даяар хоёр сая шинэ “цонх” нээгддэг. “Ном бол ертөнцийг харах цонх мөн” хэмээх үгийн утгаар шүү дээ. Тэр цонхоор хэдэн хүн шагайж харснаас “цонх бүтээгч”-ийн амжилтыг харж болно. Дэлхийн Гиннесийн номд хамгийн олон түгээгдсэн ном нь уран зохиолынх биш ээ. Тухайлбал өрнөдэхинд 5 тэрбум хэвлэгдсэн гэж тооцож буй загалмайтны шашны сургаал “Библи” хамгийн олон түгээгдсэн ном бол удаад нь хятадын улстөрийн суртлын “Мао Зэдуны сургаал” 800 сая хүнд түгээснээр удаалсан бөгөөд үргэлжлүүлбэл Марксизмын сургаал, Лениний ботиуд ч жагсах биз. Манайд ч бас юугаараа дутах вэ, хэдхэн жилийн өмнө “Бодь мөрийн зэрэг” номыг 150 000 хувь хэвлэн түгээсэн арвин тоо бий ч ихэнхи нь номын санд чимэг болон залаастай байгаа, цөөн хүний ширээн дээр тавиастай буй байх. Харин “Монголын нууц товчоо” зохиол шинэ хэвлэл, хялбаршуулсан хувилбар, хураангуйлсан товч, үндсэн эхээс нь галиглан буулгасан хувь гээд олон янзаар морин хуураа хоймортоо залсан ихэнхи айлд бий гэж горьдоно, харин уншсан, ухаарсан маань хэд бол?


Бидний номын тухай сэдвийн уг эзэн нь зохиолч юм. Язгууртнууд, суутнууд, авъяастнууд л бичиг үсэг сурч, номд нэвтэрхий болдог үе өнгөрч, бүх нийтээр боловсролтой, шүлэг зохиол бичдэг хүмүүс олшрон, зохиол бичих нь хэн хүний авъяасаас гадна, дур сонирхлын асуудал болсон энэ үед хэн зохиол бичих ёстой, ёсгүйг хэлцэхийг алгасан номын үйлдвэрлэлийн тухай авч үзье.

Орчин үеийн дэлхийн уран зохиолд хамгийн олон хүн шагайсан “шидэт” цонх нь 900 сая ам долларыг эзэн Жоан Роулинд авчирсан “Харри Поттер” гэх боловч хамгийн олон зарагдсан нь анх 1879 онд хэвлэгдэж, нийт 200 сая хувь борлогдсон Чарльз Дикенсийн “Хоёр хотын үлгэр”, удаад нь 1955 онд хэвлэгдэж, 150 сая зарагдсан Ж.Р.Токайнсийн “Бөгжний эзэн”, 1940 онд гарч 140 сая зарагдсан францын зохиолч Антони Эгзопюрын “ Бяцхан хан хүү”, 100 сая хувь борлогдсон хятадын сонгодог зохилч Чао Шиний “Улаан асрын зүүдэн“ гэх мэтээр үргэлжилнэ. 100-10 сая борлуулагдсан номын дунд Г.Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал”, В.Набоковын “Лолита”, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”, Л.Толстойн “Дайн ба Энх” гэхчлэн бидний хэдийний танил цөөн хэдэн зохиолуудаас бусад нь танил бус өрнийн зохиолчид голдуу, уран зохиолын сонгодгуудын нэрс, дэлхийн зуун шилдэг ном туурвигчдын нэрс бараг үзэгдэхгүй.

Харин манайд эдүгээ хэдэн хэвлэлийн газар тогтмол үйл ажиллагаа явуулж буй, тэдгээр нь жилд нийт хэдэн ном хэвлэж, хэдий хэрийн ашиг орлого олсон болон нэг хүнд жилд нийт хэдэн ном ноогдож буй нь төдийлөн тодорхой биш. Харин өнгөрөгч 7-р сараас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг Монголд анх удаа олон нийтэд мэдээлж байхаар болжээ. Үүнээс үзвэл Улаанбаатар хотод хамгийн борлуулалттай ном 530 ширхэг зарагдсан байна. Магад энэ нь хотынхон зусланд гарч, хөдөө амардаг аялал жуулчлалын үетэй давхацсанаас болов уу гэж бодовч энэ нь тогтсон үзүүлэлт шахуу. Нэг сая гурван зуун мянган хүн амын тал хувийг 11-64 насныхан буюу хөдөлмөр эрхлэгч, бичиг үсэгт бүгд тайлагдсан идэвхитэй хүн ам эзэлдэг хотод бол энэ маш бага, бүр гутармаар доогуур тоо. Үнэхээр мянган хувь зарагдвал “шилдэг борлуулалттай ном” болдог Монголын номын зах зээлд ихэнхи зохиолчид номоо 300 хувь л хэвлүүлдэг, ихдээ 500, мундагууд нь 1000 хувь. Хэт олон том жижиг, цэлгэр мухар олон янз цонх нээгдсэнээс цөөн хэдхэн уншигчид маань аль руу нь өнгийхөө мэддэггүй, шагайж бардаггүй ч юм бил үү, эсвэл шагайхаар сонин сайхан, утга төгөлдөр “уншууртай” өгөөжтэй цонх хомс ч юм уу. Эсвэл цонхоор шагайя гэхтэй манатай урдах хойтохоон амжуулж, аахар шаахар зүйлээр зугаагаа гаргаж яваа ч юм уу.

Түүх сөхвөл, Монголчууд нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан цаг өнгөрсөн зуунд холбогдолтой ч харин бичиг соёлын түүх нь нэн эртний уламжлалтай. Түүхэн сурвалж бичгээс үзвэл, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний эзэн хаан нь Хан улсын хаадтай арван хоёронтаа захидал бичиг илгээн харилцсан нь түүхнээ дурайж, Хүннү булшнаас олдсон бийр янтай тэргүүтэн Хүннү нарыг бичиг үсэгтэй байсныг гэрчлэх агаад энэ үеэс инагш Сяньби, Нирун, Тоба, Хитан олон Монгол туургатан улсууд эртнээс өөрийн бичиг үсгийг зохион, түүх шашдир бичин тэмдэглэж ирснийг түүхч судлаачид, түүхийн баримтууд батална. Төрийн цааз, зарлиг бичиг хөтлөх нарийн дэг ёсыг их хаадын захидал, “гэрэгэ” пайз, монгол бичгийн анхны дурсгал гэгдэх Есүнхэй мэргэний гэрэлт хөшөөнөөс эхлэн үй олон сурвалж нотлохын зэрэгцээ Монголчууд дэлхийд цорын ганц “босоо” бичигтэй, түүхэндээ хамгийн олон буюу арван хэдэн бичиг үсгийг зохион хэрэглэснээрээ онцгойрох төдийгүй өнгөрсөн онд Монгол бичгийн олон төрөл бичлэгийн нэг уран бичлэгийг НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, соёлын байгууллагын Дэлхийн биет бус өвийн жагсаалтад оруулсан байна. Хэдийгээр хувьсгалаас өмнө Монголд номд нэвтэрхий мэргэд цөөн, ард иргэд олонхи нь бичиг үсэг мэддэггүй байсан боловч бичиг номыг сударлан баринтаглаж, шүтээндээ тахин дээдэлдэг, номтой хүнийг бичгийн мэргэн хэмээн өөдөө хоймортоо залдаг заншилтай байлаа. Ганцхан зууны тэртээд Монголчуудын шашин, соёлын төв болж байсан Монгол нутаг даяархи 1000 гаруй сүм хийд есөн эрдэнийн судар бүтээдэг, ном судрыг олшруулан хэвлэх бархан[i]-тай байсан ч энэ нь зонхилон түвд хэл дээрхи шашны ном сургаал байсан бөгөөд харин жирийн ардууд ардын билиг, аман зохиолын арвин өвөөр үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг уламжлалтай, ардын аман өв дотор нь Энэтхэг жагарын үлгэрүүд ч, Македонийн Александрын түүх ч, бурхны шашны сургаал ч, бөө мөргөлийн зан үйл ч байв. Өлгийтэй нялхсаа хөдсөнд манцуйлж, өв эрдмээ торгонд баринтагладаг Монголчуудын хувьд бага наснаас оньсого тааж, үлгэр сонсож ухаарч хүмүүждэг, өсөх насанд амьдралын хар ухааныг цээжиндээ авдарласан өвгөдийн сургаал, уртын дуу, баатарлаг туульс, хууч яриа сонсож төлөвшдөг, ерөөл бэлгэ, ёгт үгсээр хөөрөлддөг байв. Монголчуудын түүхэнд цолгорсон бичгийн мэргэд, зохиолчид нэн олон. Хэдэн арван мянган мөрт баатарлаг туульс, үлгэр домгуудын “нэр үл мэдэгдэх” зохиогчдоос, Хүннүгийн гунигт дуу, Сяньбийн “агаан дуу”, Монголын нууц товчоо, эзэн Чингис хааны билэг сургаал, “Оюуныг нээгч Оюунтүлхүүр хэмээх шашдир”, Юань гүрний хаан Хувилайгаас эхлэн Монгол эзэнт гүрний яруу найрагчид, мөн түүхэн зохиолч нар, дуун хөрвүүлэгч, их зохиолчдын бүтээлүүдийг бүү хэл нэрсийг жагсаахад нэн олон. Гагцхүү эдгээрийг уншсан уншигчид өнөө үед хэр олон байна вэ?

Хүн бүр бичиг үсэгт тайлагдсан социализмын үед нэг номыг хэдэн арван мянгаар хэвлэдэг, зохиолч нь хэдэн зуун төгрөгний цалинтай иргэдтэй харьцуулахад арав дахин их шагнал авдаг байв. Тухайн үед номоос өөр мэдлэг, мэдээлэл олж авах, чөлөөт цагаа өнгөрөөх боломж хомс байсан байж болох ч ном хэвлэлийг сурталчлах, түгээн таниулах, борлуулах системийг ч үндэсний хэмжээнд зохион байгуулж, номын сэдэвт радио нэвтрүүлэг, сонины мэдээ, шүүмж сэтгэгдэл, уулзалт, ярилцлага зэрэг үйл ажиллагааг өргөн дэлгэр явуулж байв. Хэдийгээр тухайн үед “Главлит” зохиолын сэдэв, зохиогчийн намтраас эхлэн олон зүйлийг хянаж, зохиолын баатар, үйл явдлын өрнөлөөс эхлэн үг хэллэг, үзэл санааг хүртэл засаж, танадаг, ямар номыг орчуулж, хэвлэхийг ч бодлогоор тодорхойлдог байсан ч социализмын бүхнийг муугаар будахаас илүүтэй “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэсэн сургаалыг хүн бүр мэддэг, ном уншдаг, зохиолын баатраас үлгэр дуурайл авдаг, уншигчдад хязгаарлагдмал боловч чанартай ном зохиолыг хүртээлтэй хүргэж байсан нь маргаангүй. “Зохиогчоос уншигчийн гарт очтолоо 50 гаруй дамжлага ажиллагаа хийгдэж очдог” номын хэвлэл өнөө үетэй харьцуулахад чанар, өнгө үзэмж муухан байсан ч тухайн үед“ нэг хүнд 6-7 ном ноогдож, улс даяар 600 гаруй нэр төрлийн ном 6 сая гаруй хувиар хэвлэгдэн[ii], уншигчдад хүртээмжтэй түгээгдэж, өгөөжөө өгч байв. 1983 оны байдлаар БНМАУ-ын аймаг, хот, сум, нэгдэлд нийт 1300 номын сан ажиллаж, 80 сая номын фондоор үйлчилдэг байсан бол эдүгээ 2013 оны байдлаар Монгол улсад (их, дээд сургууль, коллежийн 178 номын сан, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 20, ерөнхий боловсролын сургуулийн 700 номын сан, эрдэм шинжилгээний 44 номын санг эс тооцон) олон нийтэд нийт 377 номын сан үйлчилж, жилд 300 000 хүнд дунджаар нэг сая шахам ном олгож байна.

Социализмын үед номоос гадна 15 өдөр тутмын сонин сэтгүүл, 40 гаруй сэтгүүл товхимол хэвлэгдэн гардаг байсан ч өнөөгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг цаг зав нөгцөөх өргөн сонголт байгаагүй. Телевиз долоо хоногийн тодорхой өдрүүдэд 4-5 цагийн нэвтрүүлэг цацаж, 1988 оноос л өнгөт дүрсийн системээр радио релейний шугамаар нийт орон даяар нэвтрүүлдэг болсон бөгөөд айл өрхүүд нэгнийдээ орж зурагт үздэг, утсаар ярьдаг байсан нь саяхны явдал билээ. Гэхдээ олон нийтийн хэрэгслийн хязгаарлагдмал байдал нь л ном уншихад хүргэж байсан бус нөгөө талаас чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч байсан нь найман хүнийг нэг нь сайн дурын урлаг, уран сайхан, дугуйланд хамрагдаж байснаас харагдах ба “Ном бол ертөнцийг харах цонх мөн”-ийг ойлгуулж, ном унших дадлыг хүүхдэд багаас нь олгон, номтой нөхөрлүүлж, урамшуулж, номонд дуртай болгож байсныг онцлон дурдах учиртай. Хүүхэд бүр “Уншсан номын тэмдэглэл” хөтөлж, хэдэн ном уншсанаа шалгуулдаг байсан тэр үеийн “Тэргүүний уншигч -Д.Нацагдоржийн тэмдэгтэн” шагнал уг нь одоо ч бий.

Хэвлэх үйлдвэрүүд яг хэдэн ном үйлдвэрлэдгийг яг таг гаргаж ярилцах боломжгүй ч, зөвхөн нийслэл хотоор баримжаалахад нэг өдөрт 52 мянга гаруй сонин, 10100 сэтгүүл борлуулагдаж, 1600 суудал багтаамжтай, 3,5 сая номтой 30 нийтийн номын санд 1172 хүн, үүнээс 222 хүн байнга үйлчлүүлж, 2.6 мянган ширхэг ном олгодог байна[iii]. Номын санд үйлчлүүлэгчдийн ихэнхи хувийг оюутан, сурагчид, судлаачид эзлэх нь мэдээж. Харин номын дэлгүүрүүдийн хувьд нийслэл хотод “Интэр ном”, гурван салбартай “Аз хур”, таван салбарт “Мир”, “Эрдэм”, “Эрвээхэй”, “Тагтаа”, хэвлэлийн газруудын номын дэлгүүр, номын үүргийн буюу задгай худалдаа гээд хэвлэгдээд гарсан номоо хайгаад олъё гэвэл олоод авах газар олон бий. Манай томоохон номын дэлгүүрүүдийн нэг “Интэрном”-ын энэ 9-р сарын эхний долоо хоногийн хамгийн их борлуулалттай 100 номын жагсаалтыг үзвэл эхний 50 нь сурах бичиг, англи, хятад, япон гэх мэт хэлний толь бичиг голдуу, ганц хоёр түүхэн сэдэвт уран зохиол багтжээ. Дан уран зохиолын жагсаалтаар үзвэл эхний 50 номын гуравны хоёр нь орчуулгын зохиол, үлдсэн нь монгол зохиолчдын түүхэн сэдэв голдуу хүүрнэл зохиолууд байна. Гадны уран зохиолын шилдэг бүтээлүүдийг уншигчид сонирхох нь даяаршиж буй дэлхий нийтийн чиг хандлагын нэгэн тал учир зүй ёсны асуудал боловч нэгэн улс үндэстний хэмжээнд нийт утга зохиолын зах зээлд харийн зохиол бүтээл давамгайлж эхлэх нь хэр нийцтэй вэ? Мөн ийн унших болсон нь гадаад хэл соёлыг сонирхох, судлах түгээмэл хандлага, харь соёлын сэтгэлгээний өөр чиг хандлага, уран зохиолын шинэлэг үзэгдэлтэй танилцах зүй ёсны шаардлага, дэлхийд алдаршиж буй шинэ зохиолтой танилцах хүсэл ч байж болох. (Орчуулгын чанар нь тусдаа ангид асуудал болно) Юу боловч борлуулалттай номын жагсаалтаас харахад хүмүүс гадаад хэл олноор судалж байгаагийн зэрэгцээ сүүлийн 25 жилд өнгөрсөн түүх соёлоо сэргээн таниулахыг чухалчилж, түүхэн тэмдэглэлт ойг өргөн тэмдэглэх болсноор олон нийт, уншигчдын төдийгүй зохиолчдын эх түүхээ сөхөн сонирхох, судлах явдлыг эрчимжүүлсэн нь номын дэлгүүрүүдийн түүхэн номын булан дахь өрөөстэй номууд болон борлуулалттай номын жагсаалтаас илэт харагдана. (Зохиолчийн уран чадвар, номын шүүмж судлал зэрэг нь тусдаа ангид асуудал болно)

Ном нь олноор борлуулагдсан зохиолчдын нэрс дунд Монголын уран зохиолын ертөнцөд байр сууриа эзэлж, өөрийн уншигчтай болсон, өөрсдийнх нь хэлсэнчлэн “номын борлуулалтаас өөр ашиг орлогогүй” зохиолчдын нэр үзэгдэхгүй байх нь жагсаалтанд багтаагүй ч хэр боломжоороо номоо борлуулаад, болгоод явдгийнх бололтой. МЗЭ л гэхэд түүхэндээ 1000 гишүүн зохиолчтойн 600 нь өдгөө буй. Мөн бусад нэгдэл, холбоны гишүүд ч олон бөгөөд зохиолч бүр жилдээ байг гэхэд хэдэн жилдээ ном гаргадаг. Өрнөдийн номын зах зээлийн хэдэн зуун жилийн туршлагаас үзвэл хэвлэлийн компаниуд нь номыг хэвлэхийн өмнө уншиж танилцан, хэр борлогдож хэр ашиг олох тухайд “прогноз” хийж шийдвэр гарган, тухайн зохиолчийн номыг сонгосон тохиолдолд гэрээний үндсэн дээр зохиолч урамшуулал, борлуулалтын хувь хүртдэг. Харин манайд байдал эсрэгээрээ зохиолч нь өөрөө зохиол бүтээлээ туурвих, хэвлэлд бэлтгэх, хэвлэх, борлуулах болон ашгаа өөрөө бүгдийг хариуцдаг бөгөөд хэвлэлийн газарт хэвлэл гүйцэтгэлийн өртгөө төлж чадаж байвал хэн ном хэвлүүлэх нь чухал бус байдаг. Иймээс хэвлэлийн газрууд ашгийн зорилгоор хуучин соц үеийн мундаг зохиолуудыг оюуны өмчийг эс харгалзан дахин хэвлэх, эрдэмтдийн зохиол бүтээлийг “хэвлэж өгөх” нэрийдлээр ашиглах, уран зохиолын болон ном хэвлэлийн чанарын шаардлага хангасан хангаагүй дурын номыг хэвлэх гэхчлэн андуу мадаг нэн ихтэйн дээр шинэ номын чанар чансаа, шүүмж судлал, зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудал олон бий.

Тэрчлэн номын дэлгүүрүүд борлуулалтын ашгаас 26-30 хувийг суутган авдаг учир авъяаслаг зохиолч ч санхүүгийн бэрхшээлтэй учирдаг ба их төлөв хэвлэлийн санхүүжилтийг ивээн тэтгэгчтэй байх нь элбэг. Нэгэнт өөрийн уншигчидтай болсон авъяаслаг зохиогчоос гадна менежмент маркетинг сайтай, бөөнөөр нь борлуулж, “шахаж” чаддаг муу зохиолч ч сайн рекламдаж чадвал ашиг олж болох нь зах зээлийн “зүй ёсны” үзэгдэл. Ардчиллын дараахан шинэ содон уран зохиолын чиг хандлага, орчуулгын ном ихэд дэлгэрч, Ж.Х.Чейзийн адал явдалт зохиолын цувралтай зэрэгцэн Дейл Карнегийн ”Алтан ном” ихэд борлуулагдаж байсан бол эдүгээ зах зээлийн нийгмийн жамыг дагаж “Хэрхэн баяжих вэ”, “Хэрхэн бизнес амжилтанд хүрэх вэ”, “Хэрхэн удирдагч болох вэ?” мэтийн сэдэвт номууд ихэд эрэлттэй байна. Мөн олон улсад ихэд борлогдсон буюу амжилтад хүрсэн номуудыг ч шуурхай орчуулан хэвлэж, борлуулж буй. Эдгээр нь зах зээлийн хууль, цаг хугацааны эрхээр шилэгдэн сонгогдож, шилдгүүд нь тунаж үлдэх биз ээ. Өнөө цагт борооны дараахи мөөг шиг олширсон олон төрлийн ном хэвлэлийн гадаад “хэлбэр” буюу өнгө үзэмж, хэвлэлийн цаас, чанар улам сайжирч, нэр төрөл, тоо нь олширч, сонголт өргөсөж, харин номын агуулга буюу хамгийн чухал чанар нь муудсан гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ. Хэдэн арваар байгуулагдсан олон хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй хэдэн зуун номоос бид алийг нь хэрхэн сонгож уншиж байна вэ?

Нялхаст үлгэрийн ном уншиж, танин мэдэхүйн зурагт ном дэлгэн үзүүлж, танин мэдэхүйг нь тэлэн, номд дурлуулахаас илүүтэй зурагт асааж, “сөрөг ухамсар суулгах” Холливуд, Хүүхэлдэйн суваг (Cartoon Network)-ийн хүүхэлдэйн кино завсаргүй үзүүлж саатуулдаг, эсхүл гар утас, компьютерээр сатааруулдаг эцэг эх, өвөө эмээ ч олон буй. Хүүхдүүдэд зориулсан монгол ном ховор, байгаа нь үзэмжгүй, зураг чимэглэл муутай, харин “хулсан сав, савх, мантуу”-ны зурагтай хятадын цуврал номын орчуулсан хувилбар ихэд борлуулагдах нь наад захын жишээ. Нэг үеэ бодвол хүүхдүүдийн нас насны ангилалд таарсан, сонирхолтой ном гаргахад хэвлэх үйлдвэрүүд анхаарч байгаа ч энд хүүхдийн боловсрол хөгжилд нийцсэн ном бүтээл гаргахад мэргэжлийн оролцоо, хараа хяналт дутмаг байгаа нь хэвлэгдэж буй хүүхдийн ном агуулга муу, үр өгөөжгүй, үг үсгийн болоод найруулгын алдаа ихтэй, ёсзүйн болон гоозүйн хэм хэмжээ зөрчигдсөн гээд олон зүйлээс харагдана. Хүүхэд нэг үлгэр сонссон ч, нэг шүлэг цээжилсэн ч, нэг дуу сурсан ч цаанаа нэг зүйлийг сурч авах үлдэцтэй байх учиртай. БСШУЯамнаас гаргасан “Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт” бий ч энийг олж үзсэн эцэг эхчүүд тун цөөн. Сургуулийн өмнөх насныхан, бага, дунд, ахлах ангийнханд зайлшгүй уншиж, үзсэн байх урлаг, уран сайхны бүтээлийн жагсаалтын дагуу явбал үзье гэхэд үзвэр нь тоглогдохгүй, уншъя гэхэд ном нь олдохгүй, олдсоныг нь орчин үеийн технологийн хэт хөгжилд автсан ялангуяа хотын хүүхэд залуус тоож уншихгүй байна, Монгол ардын билэг, аман зохиолын өвийг эмхэтгэсэн эрдэмтдийн бүтээлээс дэлхийн сонгодгуудыг бүгдийг нь л багтаахыг эрмэлзсэн их урт жагсаалт л даа, уг нь.

Гадны жишгээр бол хаа явсан газраа ном халаасалж яваад уншдаг л гэнэ, метронд бүгд ном, сонин гарчигладаг л гэлцэнэ. Манайд машинд ч яахин унших вэ, олон нийтийн тээврийн хэрэгсэлд ном уншдаг хүн бараг үзэгдэхгүй, харин ФМ радио бол байнга явдаг, ихэнхи залуус утсаараа Радио сонсож, интэрнэт орж, дуу хөгжим сонсож буй. Бидний мэдээ мэдээлэл олж авах өдөр тутмын байнгын суваг болсон ОНМХ-ийн тухайд ахин авч үзвэл, 2013 оны мэдээгээр Монгол улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага (үүнээс 135 сонин, 99 сэтгүүл, 84 радио, 166 телевиз, 68 веб сайт) тогтмол үйл ажиллагаа явуулж, 26 сая ширхэг сонин (үүний 70 хувийг өдөр тутмын 15 сонин), 7 хоног тутмын телевизийн мэдээний сэтгүүлийг оролцуулан 5,4 сая сэтгүүл борлуулж, жил бүр телевизийн 17-18 суваг шинээр нэмэгдэн, үндэсний хэмжээнд 20 суваг нэвтрүүлэг цацаж байгаа нь дунджаар долоо хоногийн 168 цагаас 123 цагт нь нэвтрүүлэг цацдаг бол нэг радиогийн нэвтрүүлгийн дундаж цаг долоо хоногт 155 цаг, зөвхөн МҮОНР-гийн сувгууд гэхэд л өдөрт давхардсан тоогоор 50 цагийн нэвтрүүлэг цацаж буй[iv]. Нийслэлийн 3 хүн тутмын 1 нь өдөрт дунджаар нэг цаг радио сонсож, 3 өрх тутмын 1 нь кабелийн телевизийн 50 гаруй сувгаар 3 цагийн турш нэвтрүүлэг үздэг ОНМХ-ээс гадна мэдээлэл, харилцаа, холбооны орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үүрэн телефон, компьютер, интернетийн үйлчилгээ, холбооны кабель, сансрын хөдөлгөөнт холбоо зэрэг үйлчилгээ эрчимтэй хөгжиж, сүүлийн 10 жилд улсын хэмжээнд интернэт хэрэглэгчдийн тоо даруй 50 дахин нэмэгдэн, 329 сумдаас 170 гаруй нь Интернэтийн сүлжээтэй, нийслэлийн гурван өрх тутмын нэг нь компьютертэй, тэдний тал хувь нь байнгын интэрнэт хэрэглэж, гар утас хэрэглэгчдийн тоо 3,5 саяд хүрснээс байнгын хэрэглэгч нь 3 сая болсон[v] нь интэрнэт хэрэглээ, гар утас Монголчуудын амьдралд гүнзгий нэвтрэн, ахуй амьдралын салшгүй хэсэг болжээ. Нийслэлчүүдийн 92 хувь нь өдөр бүр телевиз үзэж, интернэт ашиглаж байгаа бол дөрвөн хүн тумын нэг нь радио сонсдог. ОНМХ болон интэрнэт нь номтой байр сууриараа өрсөлдөж, ана мана үзэлцэж буй нэгэн мэдээллийн эх сурвалж, харилцаа холбооны хэрэгсэл, зугаа цэнгээний талбар, ерөөс эерэг, сөрөг бүхий л талаас ашиглаж болох хүчтэй хэрэгсэл болж байна.

Харин бусад орнуудад байдал ямар байдаг бол? Ном уншдгаараа зартай “хөгшин” Европт нийт 35 тэрбумын евро эргэлттэй 60 000 хэвлэлийн газар байдаг ба үйл ажиллагааны зонхилох буюу 53 хувийг ном эзэлдэг аж. ЕХ-ны соёлын экспорт, импортын гол бүтээгдэхүүн нь ном гэдгийг онцлон тэмдэглэсэн нь дангаараа 2,2 тэрбумын экспорт, нийт соёлын экспортын 33 хувь, 1,7 тэрбумын импортыг эзэлж, уран зураг, сонин, сэтгүүл удаалжээ. 2009 оны байдлаар Европ номын гол импортлогч нь Швейцарь, АНУ бөгөөд АНУ, БНХАУ, Хонконгоос ихэнхи номоо импортолдог байна. Францад хамгийн олон буюу 10 000 шахам хэвлэх үйлдвэр байж, 5,4 тэрбум еврогийн эргэлттэй бол Герман, Испани, Итали, Польш, Их Британид 4400-6100 хэвлэх үйлдвэр байдаг нь тус бүртээ 3,5-7,6 тэрбумын эргэлттэй ажиллаж, нийт хүн амын залуу үе буюу 15-39 насныхан нь соёлыг дүрслэх урлагтай холбодог бол 40-54 насныхан нь уран зохиол, яруу найраг, жүжиг киноны зохиолтой холбож ойлгодог, харин эмэгтэйчүүд ном уншиж, эрчүүд сонин түлхүү уншдаг гэжээ. Хүн амын хувьд манайхтай ойролцоо 2,3 сая хүнтэй Латвид 36 сая еврогийн ном үйлдвэрлэж, нийт соёлын экспортын 80 хувийг ном эзэлдэг, хагас сая хүнтэй Мальтад 7 сая еврогийн ном экспортолдог нь нийт соёлын экспортынх нь 96 хувь байна[vi].

Харин АНУ-д нийт 225 сая насанд хүрсэн хүн амын 10 сая нь дуу хөгжмийн тоглолт, 23-25 сая нь дүрслэх урлаг, урлагийн наадам, соёл амралтын хүрээлэн, музей галерейд зочилдог бол харин 50 сая нь уран зохиол (яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг гэх мэт) уншдаг нь хамгийн их үзүүлэлт юм байна. Нас хүйсээр үзвэл эмэгтэй нь 58, эрэгтэй нь 41 хувь, цагаан арьстан нь 55 хувь гэх мэт бага зэрэг ялгаа үзэгдэх боловч жилийн орлого хамгийн бага буюу 10000 доллараас бага ч бай, дундаж орлоготой буюу 20000-40000 ам доллар ялгалгүй 40 шахам хувь нь ном уншдаг нь үүнд хөрөнгө мөнгөний ялгаа харьцангуй багыг харуулж байна. Гэхдээ амьжиргааны боломж сайтай байх нь ном зохиол унших цаг зав, боломж олгодог нь мэдээж тул 100 000 доллараас дээш орлоготой хүмүүсийн 62, 150000 доллараас дээш орлоготойчуудын 71 хувь нь уран зохиол уншдаг, дундаж гэр бүлд 438 ном сэтгүүл, 212 СД, 90 ДВД бичлэг байдаг гэнэ. АНУ-ад 2011 онд 292 000 нэрийн ном хэвлэгдсэн нь өмнөх оныхоос даруй дөчин мянгаар буурсан хэдий ч дэлхийд тэргүүлсэн бөгөөд 2013 онд 13 тэрбумын номын борлуулалт хийсэн нь дэлхийн онлайн ном борлуулалтын www.amazon.com онлайн сүлжээний 11 тэрбумын орлогыг тооцоогүй дүн[vii] юм. Хэвлэсэн номоороо дэлхийд хоёрт гурван жилийн өмнөхөөс 66000 нэрийн ном илүү буюу 255000 нэрийн ном хэвлэж байраа урагшлуулсан БНХАУ жагссан байна. 2013 онд Хятадын насанд хүрсэн хүн амын 58 хувь нь ном уншсан бөгөөд оюутан сурагчид, багш, төрийн албан хаагчид (мэргэжлийн онцлог, шаардлагаар) түлхүү уншдаг, мөн гар утсаараа ном унших явдал өсөж, дөрвөн хүний 1 нь цахим ном уншдаг болжээ. Харин манай хойд хөрш ОХУ жилд 120 000 нэрийн ном хэвлэснээрээ дэлхийд 4т жагссан бөгөөд жилд дунджаар 2 сая шахам нэрийн шинэ ном дэлхий даяар хэвлэгддэг байна.

Дэлхий нийтийн хандлагад интэрнэт хүчтэй нэвтэрч, соёл урлаг, үйлдвэрлэл үйлчилгээний бүхий л салбарт байраа эзлэн, бодит үйлчилгээг цахим үйлдэл орлох боллоо. Тэр байтугай алдарт “CNN” телевиз үзэгчдийнхээ талыг алдсан мэдээлэл байгаа ба ийн телевиз радиог дампууруулж, 2013 оны аудио видео бичлэг, кино үйлдвэрлэлийн борлуулалтын тал хувийг интэрнэт эзлэн, АНУ дахь бичлэгийн дэлгүүрүүдийн талыг хаалгасан бол цаашид улам хүчтэй байр суурийг эзэлж, цахим ертөнц бодит үйлдвэрлэл, хэрэглээг орлоно гэж зөгнөж байна. Олон улсын чиг хандлагаас үзвэл “e-book” буюу цахим ном нь цаас, хэвлэлт, тээвэрлэлт гэх мэт олон зардлыг хэмнэсэн давуу талуудтай, мөн ухаалаг утас, бусад зөөврийн авсаархан хэрэгслүүд өргөн дэлгэрэх учир 2018 он гэхэд цахим номын борлуулалт, цаасан хэвлэмэл номын борлуулалтаас давна гэж үзэж байна. Манайд эдүгээ цахим номын сан, цахим номын дэлгүүр, ном солилцооны бүлэг, аудио номын сан гээд интэрнэт, гар утасны программын маш олон вэб хуудас, интэрнэт бүлэг, блог талбарууд олон болсон байна. Технологийн дэвшлийн дүнд 3D буюу гурван хэмжээсээр дүрслэл үүсгэдэг ном, 3D тусгай шилээр үздэг ном, хялбаршуулсан ном, аудио бичлэг буюу сонсдог ном, цахим ном буюу утас, компьютер, зөөврийн авсаархан хэрэгслээр гүйлгэж уншдаг тоон ном ч олноор гарч, техник технологи хөгжихийн хэрээр цахим ном улам илүү “амьд” болж, номын дүрслэл зураг нь үнэмшилтэй, бүр (хүүхэлдэйн кино шиг) хөдөлгөөнт чимэг тайлбартай, номонд гарч буй үнэр амт, чимээ, шуугиан гээд бүгдийг мэдрэх боломжтойгоор хийгдэх учир хэвлэмэл номын хуучинсаг уншигчдыг ч татаж чадна гэж үзэж байна. Энэ нь хүний анхаарал сонирхлыг татах технологийн хөгжлийн давуу тал боловч хэт технологийн эринд төхөөрөмжийн хурц гэрэл, цацруулах туяа зэрэг нь нүдний хараа, сонсгол, бусад эрхтэн, сэтгэлзүй, ой тогтоолт зэрэг хүний биемахбод, оюуны чадамжид ч сөргөөр нөлөөлөх аюултай, алгандаа бүхэл номын санг хураах авсаархан ч устах, гэмтэх эрсдэлтэй, улмаар хүнийг хэт техникийн хараат болгох гээд дурдвал олон дутагдал буй. Харин нөгөө талаас үзвэл цахим ном болон сонсдог аудио ном нь цаг хэмнэх, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, хөгжлийн бэрхшээлтэй (хараагүй, дүлий) буюу алслагдмал аж төрдөг, амьжиргаа доогуур хүн амд хүрч үйлчлэх, ном зохиол, сонин сэтгүүлийг түгээх, унших өргөн боломжийг олгож байгаа юм.

2017 онд буюу ирэх жил гэхэд дэлхийн 7 тэрбум хүний 2,6 тэрбум нь ухаалаг гар утас хэрэглэнэ гэж тооцоо байгаа ба хүн амын тооноос давсан гар утасны хэрэглээтэй манай улсад ч харилцаа, интэрнэт, камер, тэмдэглэл, тоглоом, дуу дүрсийн бичлэг хийх, үзэх маш олон үйлдэл бүхий “ухаалаг” гар утас өргөн дэлгэрч буй бөгөөд цахим номын дэлгүүр, номын сан олноор үүсгэгдэж, энэ өртөөг түүчээлэн ШУТИС-ийн Шинжлэх технологийн номын сан 2016 онд бүрэн цахимжих бөгөөд одоо ч олон сонирхолтой ном зохиолуудыг үнэгүй татаж авахаар байршуулсан нь ч буй. Ном үйлдвэрлэлийн үндсэн бүрэлдэхүүн буюу хэвлэлийн газрууд, номын дэлгүүр, номын сан, зохиолчид ч бусад соёл урлагийн салбарынхны адил техник технологийн шинэ эринд шинэ арга барил, менежмент, маркетингийн бодлоготойгоор илүү өргөн боломжтой орчинд хөл тавьж байгаа нь булташгүй үнэн боллоо.

Номын тухай мэргэдийн онч үгс барагдашгүй. Бичсэнийг олноор хэвлэж, ихээр сурталчилж, бөөнөөр борлуулснаар ном болдоггүй, гагцхүү уншигч номтой харилцаж, номоос суралцаж, ой ухаандаа цэгнэн тунгааж, ухаарал олж авч байвал сая ном болдог. “Номын утга тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт..." хэмээн их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн. сургасанчлан эрдмийн далайгаас ном шүүрдэж шимийг хүртэхийн тулд уншигч бээр өөрөө хүсэж сонирхох учиртай. Ийм сонирхол үүсгэж, ном унших дадал олгож, ихийг мэдэж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх боломжийг үр хүүхдэдээ олгохын тулд багаас нь үлгэр ярьж, ном уншиж өгч, үсэг нүдлүүлж, ном уншуулах ба эцэг эхчүүд өөрсдөө ч ном уншиж үлгэр дуурайл үзүүлж байх нь номд дуртай болгох үндсэн чухал аргууд юм аа. Сургууль нь заасангүй, багш нь хэлээгүй, засаг анхаарсангүй гэж шалтгаан тоочихдоо биш хувь хүний оролцоо чухлыг өнгөрсөн жилийн Дэлхийн хэвлэлийн фото зургийн нэр хүндтэй шагналыг хүртсэн Мика Альбертын “Кени дэх Дандорын хогийн цэгийн ном уншигч эмэгтэй” гэрэл зураг бэлхнээ харуулна. Хог түүж амьдралаа залгуулахын зэрэгцээ ном уншиж суугаа эмэгтэйгээс бид дор биш шүү дээ.

Зөвхөн монгол уншигчдад төдийгүй дэлхий даяар суугаа монгол туургатанд хүргэх, тэрчлэн олон улсын хэмжээнд монгол уран зохиолыг таниулахад ч цахим ном тэргүүтэн хэлбэрийг ашиглахад гагцхүү хэлний саад, хөрвүүлэх сэдэл, орчуулгын чанарын асуудал байхаас өөр бэрхшээл байхгүй. Орчуулагчийн хөдөлмөрөөс гадна Монголын уран зохиолыг үнэлж цэгнэх, дэмжих тэтгэх хувь хүмүүс, нийгмийн ойлгоц хандлага нэг тээг мөн боловч үүнийг алгасан шинэ гарсан номд шүүмж бичиж, чансааг таниулах эрдэмтэн судлаачид, сурталчилгаа таниулга, нийтлэл нэвтрүүлэг олноор төрж, олон нийтэд хүрч, шинэ сайхан ном уншигч таны ширээн дээр өрөгдөж, оюун ухааныг тань тэтгэж байх болтугай гэж ерөөе. Хэдийгээр хэт олон, чанаргүй ном зохиолууд лангуу дүүргэж нүд эрээлжлүүлж байгаа ч, ном уншсанаас зурагт үзэж, интэрнэт ухах нь илүү сонирхолтой ч, манай улсад жилд нэг хүнд 50 литр (100 шил) архи, 2000ш (100 хайрцаг) тамхи ноогдож байгаа ч, ирээдүй маань хорт зуршлаас татгалзаж, нэг хүнд ногдох номын тоогоороо тэргүүлэх болтугай.



[i] Бархан- Түвэдээр ном барлах хэвлэлийн газар

[ii] Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь. I боть

[iii] Нийслэлийн статистикийн газар. 2012 оны статистик мэдээ

[iv] Хэвлэлийн хүрээлэн. 2012 оны судалгаа статистик

[v] Үндэсний статистикийн газар. 2013 оны статистик тоо баримт. 2014 он

[vi] Европын холбооны соёлын судалгаа. 2009 он

[vii] Номын худалдааны статистик http://www.fonerbooks.com/booksale.htm


Нийтлэлч Г.Дэлгэрмаа