"Хайрцган дахь музей" төслийн нээлт
МУЗ соёлын өвийн талаарх хүүхэд залуусын мэдлэгийг дээшлүүлэх, соёлын хөдөлгөөнт өвийг сурталчлах, музейн боловсрол нийгмийн ажлын хөтөлбөрийг баяжуулан музейн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Хайрцган дах музей” албан бус боловсролын төслийг хэрэгжүүлж эхлээд 3 жил болж байна. Энэ төсөл нь соёлын хөдөлгөөнт өвийн тухай мэдлэгийг олгохийн зэрэгцээ соёлын биет бус өв болох уламжлалт гар урлал, дүрслэх урлагийн дасгал ажлуудаар дамжуулан хүүхдүүдэд уран сайхан гоо зүйн мэдлэг олгодог юм.
МУЗ-н 10 жилийн ойн хүрээнд 2012 онд Петровис компани “Хайрцган дах музей” төслийг дэмжин МУЗ-ын эрхэм хандивлагч болж Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт тулгуурлан сургалтын багц материалыг бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ба тус музейн “Хайрцган дах музей” сургуулиудаар аялахад бэлэн боллоо.
2013 оны 2 сарын 28-нд 12 цагаас Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Хайрцган дах музей”-н анхны хичээлийг музейн ажилтнууд ЕБС сурагчдад зааж төслийн нээлтийг хийх гэж байна.
“Хайрцган дах музей” цаашид сургуулиудаар аялж хот суурингаас алслагдмал нутгийн хүүхэд залуучуудад соёлын өв, музейн хөдөлгөөнт өвийн талаарх мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр олгоно.